ТӨРИЙН ДАНСЫГ ШИЛЭН БОЛГОХОД САНГИЙН ЯАМ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ

2014 оны 11 сарын 03

Улс, орон нутгийн төсөв, өмч хөрөнгийг зөв зүйтэй зарцуулах, энэ чиглэлээр гаргаж байгаа шийдвэр, түүний хэрэгжилтийг ил тод болгох, олон нийтийн хяналт тогтоох зорилготой Шилэн дансны тухай хуулийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлж эхэлснээр тухайн байгууллагын таван саяас дээш төгрөгийн бүх гүйлгээг цахим хуудаснаа ил тод байрлуулах учиртай. Цахим хуудасгүй бол олон нийтэд харагдах самбар дээр хадаж танилцуулна гэж хуульчилсан. Мөнгөний гүйлгээн дээр нэг, хоёрдугаар гарын үсэг зурсан ажилтан үүнийг нийтэд мэдээлэх үүрэгтэй. Хэрэв энэ үүргээ биелүүлээгүй бол албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болно гэсэн хатуу заалтыг хуульд оруулсан. Мөн элдэв бонд, баталгаа буюу улсын төсөвт ямар нэг байдлаар дарамт учруулахуйц шийдвэр гаргасан албан тушаалтан түүнийгээ Сангийн яаманд бүртгүүлж байж тэр нь хүчин төгөлдөр болох ёстой.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан энэхүү хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах тухай уулзалт, хэлэлцүүлэг өнгөрөгч баасан гаригт боллоо. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулсан уулзалтад хэрэгжүүлэгчид буюу яамдын дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар гэхчилэн төрийн бүхий л байгууллагын удирдлага, болон зарим төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож ярилцсан юм. Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төсөвт нэмэлт зардал гарахгүй гэдгийг УИХ-аар хуулийг хэлэлцэх үеэр төсөл санаачлагчид онцолж байсан. Тиймээс ажлаа оновчтой зохион байгуулах шаардлага тулгарч буй талаар Ерөнхийл өгчийн Тамгын газрын дарга П.Цагаан онцолсон. Тэрбээр эл хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангахад Монгол Улсын Ерөнхийлөгч онцгой ач холбогдол өгч буйг дурдаад энэхүү ажилд Сангийн яам гол үүрэгтэй болохыг тэмдэглэсэн.

Үнэхээр ч хууль хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулалт, дүрэм журам, мэдээллийн технологийн хүрээнд ямар ажил хийгдэж буйд анхаарал хандуулж зангидах байгууллага нь Сангийн яам юм билээ. Тиймээс ч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт хуулийн талаар танилцуулж, оролцогчдын асуултад хариулсан юм. Тэрбээр тус хуулийн онцлог заалтын талаар тусгайлан танилцуулсан. Түүний хэлснээр 2015 оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн таван сая төгрөгөөс дээш мөнгөний гүйлгээ долоо хоногийн дотор олон нийтэд ил болж, тухайн гүйлгээний баримтад гарын үсэг зурсан албан тушаалтан нийтэд мэдээлэх үүргээ биелүүлэхгүй бол албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүртэл хариуцлага хүлээх аж. Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм байна. Гэсэн хэдий ч хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, сургалт явуулах, олон нийтэд хуулийн ямар орчин бий болж байгааг сурталчлан таниулах, Сангийн яамнаас холбогдох журам гаргахдаа энгийн ойлгомжтой байдлаар боловсруулах нь зүйтэй гэдгийг цөөнгүй хүн хэлж байсан. Нөгөө талаас нэг, хоёрдугаар гарын үсэг зурж байгаа хүмүүсийн хүлээх хариуцлага өндөрсөж байгаатай холбоотойгоор ялихг үй шалтгаанаар төсвийн хөрөнгө оруулалт, аливаа зардал удааширч, төрийн ажлыг хойш татах вий хэмээн болгоомжилж буйгаа илэрхийлэх нэгэн ч байлаа.

Б.НОМИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД