ИЧИНОЖЁО ФОРМОНДОО ОРОХГҮЙ БАЙНА

2014 оны 11 сарын 03

Намрын тэмцээнд олныг шуугиулан 13 ялж, ирэх башёод сэкивакэ цолтой барилдахаар болсон Ичиножёо А.Ичинноров эмнэлгээс гарснаас хойш формондоо ороогүй л байгаа гэнэ. Өдөр бүр хэвлэл мэдээллийнхэн даган, элдэв нэвтрүүлэг, хүлээн авалт, хажуугаар нь тойргийн барилдаанд барилдсаар ядаргаанд орж, бүслүүр үлд-Herpes zoster өвчин тусан эмнэлэгт 10 хоног хэвтээд гарсан түүний стресс ядаргаа арилаагүй байна. Өдий хүртэл хэвлэлийнхэнд хүссэн үед нь л ярилцлага өгдөг байсан Ичиножёо бэлтгэл дээр хэвлэлийнхнийг битгий ир л дээ гэж гуйсан аж. Өглөөний бэлтгэл дээр хэдэн арваараа ирээд л зурагтын камер зоогоод сурвалжлага хийж эхлэх нь түүнд бас стресстэй байгаа нь мэдээж.

Бэлтгэлийн дараа сэтгүүлчидтэй уулзахдаа Ичиножёо “Эмнэлгээс гарснаас хойш хамаг бие арзайгаад ер нь нэг л формондоо орохгүй байна” гэж яриснаа “Та нар өөр дэвжээнд очиж болохгүй юм уу. Сэтгүүлчид байгаад байхаар тайван бэлтгэл хийж чадахгүй юм “ гэж хүсчээ. Намрын тэмцээн эхэлснээс хойш олны анхааралд орсон манай залуу бөх одоогийн байдлаар сар хагас хэртэй телевизийн камерийн өмнө амьдарч байна. Хэдхэн хоногийн дараа эхлэх Арваннэгдүгээр сарын тэмцээнд бэлтгэл хийх бөх дэвжээнд нь ч байхгүй байгаа нь формондоо орохгүй байгаа бас нэгэн шалтгаан болж байгаа юм. Уртаашаа зургаахан бөхтэй Минато дэвжээний хоёр бөх ханиад хүрээд эмнэлэг явсан бол нэг нь чанко хоолны ээлжтэй, нэг нь баруун мөрний гэмтэлтэй байгаа тул Ичиножёо нэгэн залуу бөхтэй хоёулахнаа бэлтгэл хийж байна.

Минато ояката Ичиножёог хамаагүй бөхчүүдтэй бэлтгэл хийлгэвэл гэмтэл бэртэл авах магадлалтай гээд гадны дэвжээнд очихыг хориглоод байсан бол харин одоо өөр дэвжээнд дээд зиндааны бөхчүүдтэй барилдахгүй бол бэлтгэл ханахгүй аюулд хүрээд байгаа юм.

М.СУГАРАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД