МӨНХБАТЫН УРАНЦЭЦЭГ АБУ ДАБИГИЙН ТАТАМИД БОСОО БАЙЛАА

2014 оны 11 сарын 03

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болж өнгөрлөө. 59 улсын 318 жүдоч (эрэгтэй 187, эмэгтэй 131) Абу Дабигийн татамид уран мэх, ухаан, чадлаа уралдууан хүч үзэв. Үүний дотор манай эрэгтэй, эмэгтэй тус бүр таван жүдоч дэлхийн шилгүүдтэй гар зөрүүлсэн юм. Уламжлал ёсоор тэмцээний эхний өдөр манай бөхчүүд хөнгөн жинд алт, мөнгө, хүрэл тус бүр нэгийг авч, эх орныхоо төрийн далбааг АНЭУ-ын тэнгэрт мандуулав. Энэ тэмцээн өмнөх жилүүдэд гран при ангилалд багтдаг байсан юм.

Эрэгтэй 60 кг (23 бөх): 1. Орхан Сафаров (Азербайжан) 2.Дашдаваагийн Амартүвшин (Монгол) 3.Игар Мушкиев (Азербайжан), Ганболдын Хэрлэн (Монгол)

Эрэгтэйчүүдийн хамгийн хөнг өн жинд бөхийн орон Монгол, Азербайжан хоёр ноёлов. Д.Амартүвшин өнгөтэй байгаагаа Абу Дабигийн дэвжээнд харуулж, шигшээд шалгарлаа. Тэрбээр эхний тойрогт хийлж, дараагийн даваанд Эквадорын Ленин Прекиадог вазари, иппон үнэлгээгээр буулган авснаар хэсгийн аваргын төлөө Казахстаны Айбек Имашевийг цэвэр ялсан юм. Улмаар хагас шигшээд Азербайжаны Игар Мушкиевтэй барилдлаа. Манай бөх эхэлж вазари алдсан ч барилдааны цаг дуусахаас өмнө иппон үнэлгээгээр сөхрүүлэв. Ингээд аваргын төлөө Азербайжаны Орхан Сафаровтой хүч үзлээ. Хоёр шилдэг жүдочийн барилдаан ширүүхэн болсон. Амартүвшин дугтарч зайлахад Сафаров мордож, вазари салгасан бөгөөд хоёр бөх дахиж бие биенээсээ үнэлгээ салгаж чадалгүй барилдааны цаг дуусав.

Ийнхүү манай бөх Д.Амартүвин гурван том тэмцээн (Ташкентын гра при, Астанагийн гран при, Абу Дубигийн “их дуулга”) дараалан финалдаж, бөмбөрцөгийн бөх гэдгээ нотлолоо. Харин манай нөгөө нэг төлөөлөл Г.Хэрлэн нэгд үгээр тойрогт гоц мөргөж, улмаар хоёрын даваанд Армены Давтяаныг торгуулиар хожсон. Ингээд Австрийн Пасчейртэй барилдан иппон буулгаснаар хагас шигшээд шалгарлаа. Гэхдээ тэрбээр ½-д Азербайжаны Орхан Сафаровт дийлдэж, хүрлийн төлөө Их Британий Эшлейг хөмрөх мэхээр хожин медалийн тавцанд гарав. Хэрлэн гурван том тэмцээн дараалан хүрэл медаль зүүж, өсөх ирээдүүтэй жүдоч гэдгээ харууллаа.

66 кг (35 бөх): 1. Дмитри Шершан (Беласурь) 2.Тарлан Каримов (Азербайжан) 3.Патрик Гагне (Канад), Себастиан Сейдл (Герман)

Энэ жинд хүч үзсэн Д.Алтансүх эхний тойрогт Польшийн Загродниктой барилдаж юүко үнэлгээгээр буулган авлаа. Улмаар БНХАУ-ын Жунгтай гар зөрүүлж торгуулиар хожсон ч Словений Адрианд хожигдов. Ингээд Алтанс үх дагах барилдаан хийж, Себастиан Сейдлт иппон алдан тэмцээнээ дуусгасан юм.

73 кг (36 бөх): 1.Декс Элмонт (Голланд) 2.Муса Могушков (ОХУ) 3.Рустам Оружов (Азербайжан), Рок Драсич (Словен)

Манайхаас татамид гарсан Г.Одбаяр Бельгийн Дирк ван Течэлтэд цэвэр ялагджээ.

81 кг (29 бөх): 1.Иван Нифонтов (ОХУ) 2.Антонье ВалиусПортер (Канад) 3.Сергей Тома (Канад), Александр Стсиашенка (Беларусь)

Эмэгтэй

48 кг (20 бөх): 1.Мөнхбатын Уранцэцэг (Монгол) 2.Эва Черновички (Унгар) 3.Ким Сол Ми (БНАСАУ), Тациана Лима (Их Британи)

Дэлхийн аварга М.Уранцэцэг “Их дуулга”-ын хоёр дахь түрүүгээ Абу Дабигийн татамигаас хүртлээ. Тэрбээр эхний тойрогт хийлж, улмаар ОХУ-ын Кристиана, Испанийн Жулиаг дараалан юүко үнэлгээгээр өвдөг шороодуулан хагас шигшээд үлдэв. Уранцэцэг БНАСАУ-ын Ким Сол Митэй барилдан тогуулиар хожиж аваргын төлөө Унгарын Эва Черновички хүч үзлээ. Барилдааны явцад Уранцэцэг этэх мэхээр үнэлгээ салгаж, цаг дуусах хүртэл амжилттай хамгаалав. Мөн энэ жинд манай Г.Отгонцэцэг барилдсан. Тэрбээр хоёрдугаар тойрогт турк бүсгүйд дийлдсэн байна.

52 кг (21 бөх): 1.Малинда Келмөнди (Косово) 2.Андре Читу (Румын) 3.Аннабелле (Франц), Наталий Кузинтина (ОХУ)

Дэлхийн хошой аварга Келменди Абу Дабид босоо байж төрийнхөө дууллыг эгшиглүүлэв. Румыны Андре Читу бас л Келмеэдиг барсангүй.

57 кг (22 бөх): 1.Телма Монтейро (Португал) 2.Лаутета Блот (Франц) 3.Корина Каприо (Румын), Сабрина Филзмосер (Австри)

63 кг (19 бөх): 1.Тина Трстистаник (Словен) 2.Аника ван Эдмен (Голланд) 3.Мартина Трайжос (Герман), Агата Оздова (Польш)

Ц.Мөнхзаяа татамид гарч Словений Тина Трстистаникт торгуулиар хожигджээ.

70 кг (20 бөх): 1.Лаура Варгас Гох (Герман) 2.Бернадетте Граф (Австри) 3.Катрина Клис (Польш), Келита Зупачич (Канад) 5.ЦэндАюушийн Наранжаргал (Монгол)

Ц.Наранжаргал Италийн Женифферийг торгуулиар хожиж, гараагаа сайхан эхэлсэн ч Германы Гохт торгуулиар ялагдав. Улмаар дагах барилдаан хийж Их Британийн Сэллиг иппоноор буулган авсан ч хүрлийн төлөө Канадын Зупачичт ялагджээ. Манай сонины дугаар шилжих мөчид эрэгтэйчүүдийн +100 кг-д Б.Тэмүүлэн барилдаж байлаа.

Б.ЦОГТ-ОЧИР

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
203.194.113.178 bayr hurgey mundag bnaa urgelj mongoliinhoo neriig gargaj yvaarai