“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

2014 оны 11 сарын 03

-Үнэт зүйлийг та юу гэж ойлгодог вэ. Таны үнэт зүйл юу вэ?

Д.Дамдиндорж (Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны өндөр настан):

Оюун санааны үнэт зүйл л хамгийн чухал -Үнэт зүйл олон янз. Гэхдээ миний хувьд хүний оюун санааны үнэт зүйл л хамгийн чухал. Бусад үнэт зүйл цаг хугацааны аясаар өөрчлөгдөж болно. Харин оюуны их өв соёлоо, эх хэлээ алдвал тэр үндэстэн мөхөхөд хүрнэ. Тэр үнэт зүйлээ алдаагүй учраас л 200 жил Манжийн дарлалд байсан манай монголчууд тэр дороо сэргэсэн шүү дээ. Гэтэл манж нар өөрсд өө эцэст нь очих газаргүй, ярих хэл ч үгүй болоод ертөнцийн хөрснөөс арчигдсан. Тиймээс бид хамгийн чухал үнэт зүйл болох эх хэл, өв соёлоо хамгаалах хэрэгтэй. Өнөөдөр манайд өөрийн ч хэлгүй, өрөөлийн ч хэлгүй, саармаг хүмүүс олширч байна. Энэ бол эмгэнэл. Гадаад хэлний дамжааны багш нарын ярихыг сонсохоор миний сэтгэл өөрийн эрхгүй эмзэглэдэг. Тийм хүмүүсээр юм заалгасан хүүхдүүд ирээдүйд монгол хэлээ хэрхэн зэрэмдэглэх бол гэж бодохоор үнэхээр харамсалтай.

Ц.Түмэнбаяр (МЗЭ-ийн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч): Эх оронд минь үнэгүй юм гэж нэгээхэн ч үгүй

-Миний бодлоор Монгол Улс гэсэн ухагдахуунд хамаатай юм болгон тэр чигээрээ үнэт зүйл. Эх оронд минь үнэгүй юм гэж нэгээхэн ч үгүй. Тиймээс миний үнэт зүйл бол энэ газар шороо, тусгаар тогтнол, өв соёл, түүх, зан заншил, өвөг дээдсийн минь суу билэг гээд их олон. Монгол хүн ч гэсэн миний хувьд үнэт зүйл. Ийм олон үнэт зүйлтэй учраас би дэндүү эх оронч хүн. Яагаад гэвэл эдгээр үнэт зүйлсийг хайрлаж хамгаалах гол өгөгдөл нь эх оронч үзэл. Эх оронч үзэлтэй хүн хэзээ ч “Газар нутгаа худалдчихъя, тусгаар тогтнолоо алдвал ч алдаг” гэж бодохгүй. Хайртай, эрхэм гэсэн бүхнээ хамгаалахад эх оронч үзлээс гадна бас хүн чанар маш чухал. Өнөөдөр манайд хүн чанараар дулихан хоосон эх орончид олон байгаа учраас үнэт зүйлээ үнэгүйдүүлээд байна.

Ч.Түмэндэлгэр (Соёл урлагийн их сургуулийн багш): Үнэт зүйлтэй байна гэдэг нь хүн чанартай байхын нэр

-Миний хувьд үнэт зүйл гэдгийг хүн чанартай байхаас эхэлдэг гэж боддог. Өөрөөр хэлбэл, үнэт зүйлтэй байна гэдэг нь хүн чанартай байхын нэр. Энгийн жишээ татъя. Хүнийг сэтгэлийн амьтан гэдэг. Хамгийн хайртай хүнээ гомдоосон бол эргээд итгэлийг нь олж авахад маш хэцүү. Тийм болохоор хүн чанараа гээхгүйн тулд “Би буруу замаар орчихоогүй байгаа” гэж гишгэсэн мөрөө эргэж харах л чухал байх. Нэгэнт эвдэрсэн хүн эргэж зөв замаа олж авахын тулд асар их цаг хугацаа зарцуулдаг. Би оюутнууддаа хичээл заахаасаа түрүүнд нэг л зүйлийг захидаг. “Орчин үед хүмүүсийн харилцаа ихээхэн хөндийрч байна. Та нар минь ядаж “уучлаарай” гэдэг үгийг нэгэндээ үнэн сэтгэлээсээ хэлж байгаарай. Та нарт хичээл ордог ч бай, үгүй ч бай, бүх багшийг адилхан хүндэлж харилцах ёстой шүү” гэдгийг байнга хэлдэг.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД