ҮНЭТ ЗҮЙЛЭЭ “ҮЛЭЭСЭН” МОНГОЛ

2014 оны 11 сарын 03

Таван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйд сайхан сэтгэлийн үүднээс тусалж, байшин барьж өгсөн залуугийн тухай мэдээлэл саяхан цахим ертөнцөөр тархсан. Өвчний улмаас ханиа алдсан тэр эмэгтэйд хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд оруулахаас илүүтэй өнөөдрийн идэх хоол, дулаацах түлшийг нь хэрхэн олох вэ гэдэг л хамгийн чухал байж. Хаагуур хаагуураа салхи нэвт сийгсэн гэртээ таван бүлтгэр үртэйгээ амьдрах гэж шүд зуун тэвчиж байгаа эмэгтэйд туслахаар шийдсэн залуу ажлынхантайгаа хамтран тэдэнд тохилог, дулаахан байшин барьж өгсөн нь тэр. Сайхан сэтгэлт, тусч залуугийн тухай фэйсбүүк, твиттерээр хүмүүс ам булаалдан жиргэж байхад тэдний дунд “Би гурван давхар байшинтай болмоор байна. Хэдэн хүүхэдтэй байх ёстой вэ” гэж арчаагүй, арилсан дотортой гэдгээ гайхуулах нэгэн бас байв. Ямар хүн өөрт байгаа бүхий л нөөц боломжоо ашиглаад, бусдад чин сэтгэлээсээ туслахыг хүсдэг юм бол. Харин ямар нь өөрөө сайхан амьдрахын тулд үр хүүхдээрээ дэнчин тавиад ч хамаагүй тэр “боломжийг” бий болгохоос сийхгүй байдаг юм бэ.

Улс орон болгонд, хувь хүн бүрт өөрийн гэсэн үнэт зүйл байдаг. Байх ч ёстой юм. Гэхдээ тэр нь үлээх төдийд унтарчих, эсвэл хийсээд алга болчих тийм хэврэг эд байхгүй нь мэдээж. Тэр тусмаа ёс суртахууны дээд үнэт зүйл гэдэг бол тухайн ард түмний хэр удаан оршин тогтнохын илэрхийлэл байдаг. Хайрлаж хамгаалах нийтлэг үнэт зүйлтэй улс орон ямар ч хүнд бэрх шалгуурыг давж, хүчирхэг хэвээрээ үлддэг гэдэг. Тийм байж чадсан учраас л бидний өвөг дээдэс дэлхийн талыг эзэгнэсэн хүчирхэг төрт улсыг байгуулж, Монгол хэмээх нэгэн нэр олон зуун жилээр ертөнцийн чихнээ дуурсагдаж байсан биз. Харин орчин цагийн монголчуудад үлээгээд өгье гэсэн ч нийтээрээ эрхэмлэх үнэт зүйл алга. Айж эмээх ёс журам ч үгүй болов, бидэнд. Аливаа нэгэн улс үндэстний олон зуун жилээр дагаж мөрдс өн, жанжин шугамаа болгон баримталж ирсэн үнэт зүйл, итгэл үнэмшлийг нь өөрчилнө гэдэг ургаа хадыг өргөхөөс ч хүнд гэлцдэг. Харамсалтай нь бидэнд тийм зүйл алга. Эх орон, ээж аав, үр хүүхэд, хань ижил, унасан газар угаасан ус, хэл соёл... гээд эрхэм бүхэн минь хайран санагдахаа больж буй нь үүний илрэл.

Хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт дөнгөж төрсөн нялх үрээ хөхөө өвлийн хүйтэнд гадаа орхиж яваад осгоосон хэрэг гарсан. Хэдийгээр амьдралд нь зовлон бэрхшээл нүүрлэсэн байлаа гээд арван сар тээж төрүүлсэн үрийнхээ аминд өөрөө “хүрсэн” хөхөө шиг сэтгэлтэй тэр бүсгүйчүүдийг уучлах шалтгаан надад л лав олдохгүй байна. Эх хүнд үрээс нь үнэтэй ямар ч эрдэнэ, хүүхдээс нь илүү чухал амьдрал, аз жаргал, боловсрол байдаг гэж үү. Өөрт нь хамгийн ойр байгаа үнэт зүйлээ үнэлэхгүй, ухаарахгүй байж, “Эх орон, ард түмнийхээ төлөө” хэмээн хөндий цээжээ дэлдэх хуурамч “эх орончдоос” тэд юугаараа өөр байх бол. “Хар ус”-наас болж өөрийн яс махны тасархайгаа заазуурдаж, хаздаг тамлан зовоогчдоос эхлээд хажуу дахь хань, эхийнхээ амийг хүртэл хөнөөсөн тохиолдол манайд бишгүй. Ийм хүмүүс шаардлагатай гэвэл тусгаар тогтнол, газар шороо, улс гүрнээ ч зарж идэхэд бэлэн тийм нийгмийг бүрдүүлж байгаад эмзэглэхгүй байх арга алга. Энэ чинь ямар их үнээр бидэнд өвлөгдөж ирсэн, бас ирээдүйгээсээ зээлж авсан үнэтэй зүйлүүд билээ дээ.

Бас л саяхандаа, ажлын газрын маань ойролцоо өвгөжөөр насны нэгэн эрэгтэй зуут, тавьт, хорьтын дэвсгэртүүдийг заналтайгаар жижиглэн урж хаячихаад явахтай таарсан юм. “Та яагаад үндэсний мөнгөн тэмдэгтээ урж байгаа юм бэ. Ядаж наадахаа хогийн саванд хийгээч” гэтэл урдаас “Чамд ямар ч хамаагүй...” гээд нэлээд эвгүй үгээр дайрах нь тэр. Янз нь тэр хүн таксины жолоочтой мөнгөн дээрээс болж маргасан бололтой юм билээ. Хэдий тэгсэн байлаа ч Монгол Улсын мөнгөн дэвсгэртийг урж, уураа гаргах дээрээ тултал бухимдана гэж байх уу. “Төрийн минь сүлд өршөө” хэмээн сүслэн залбирдаг монголчууд хэзээнээсээ мөнгөн дэвсгэртэд ихээхэн хүндэтгэлтэй хандаж ирсэн. Одоогийнх шиг мөнгийг орой дээрээ тахин шүтдэггүй, эгэл боргил амьдарч байхдаа ч бидний өвөг дээдэс элэгдэж сэмэрсэн нэгтийн дэвсгэртийг ч бага гээд урж шидэлгүй галд өргөдөг байсан шүү дээ. “Хал үзэж, халуун чулуу долоохоо” байг гэхэд төдий насны хүнд ядаж тэр хэмжээний итгэл үнэмшил, үнэт зүйл баймаар даа. “Монголчуудад нийтлэг үнэт зүйл алга” гэж Японы Элчин сайд Такэнори Шимизү дэмий ч нэг халаглаагүй бололтой.

Үнэт зүйл судлал бол философийн шинжлэх ухааны харьцангуй залуу салбар гэдэг. Гэхдээ ХХ зууны дунд үеэс нийгмийн олон салбарт бие даасан судлал болон хөгжсөн түүхтэй. Тэр дундаа ёс суртахууны үнэт зүйлсийн асуудлыг сүүлийн үед түлхүү судлах хандлагатай болжээ. Ёс суртахуунгүй хүмүүс нэмэгдэх тусам тэр нийгэм үнэт зүйлээ улам л уландаа гишгэх учраас арга ч үгүй биз. Манайхны жишээгээр л гэхэд өнгөрсөн түүх рүүгээ хэн дуртай нь нулимна, одоо байгаа амьдралаа голж шилнэ, ирээдүйгээ өөлж гоочилно. Тэглээ гээд хүмүүний биеийг олж төрсөн хэнбугай ч энэ гурван цагаас гадуур амьдарч чадахгүй учраас сэтгэл доторх гал цогийг нь бадраах ямар нэгэн гэрэл гэгээтэй зүйл хэрэгтэй шүү дээ. Тэр үнэт зүйлийг хаанаас “олж”, хэрхэн дотроо өсгөж өндийлгөх вэ гэдэг нь биднээс л шалтгаалах хэрэг. Яагаад олох гээд байна вэ. Уг нь бидэнд агуу цадиг түүх, энэ ертөнцийн сүүлчийн “нүүдэлчин” гэсэн их хувь заяа, ухаант мэргэн өвгөдийн минь үлдээсэн уламжлалт ёс заншил, хэл, соёл гээд үнэлж чадвал үнэт зүйл олон. Дэлхий дахинд үнэт зүйлийн тухай судлах нь байтугай ярьж ч эхлээгүй байхад бидний өвөг дээдэс түүний үнэ цэнийг мэддэг, өөрсдийнхөө нээж таньсан номлолоор өнөөхөө амьдралдаа хэвшил болгодог байж. Харин өнөөгийн монголчууд үүнийгээ хэнэг ч үгүй уландаа гишгэж байгаа нь бидний л хохь.

“Таны хувьд үнэт зүйл гэж юу вэ” гэсэн асуултыг олон хүнд тавилаа. Гэтэл гурван сая үгтэй баялаг монгол хэлнээс минь гээгдэж орхигдсон мэт үнэт зүйл гэдгийг олон хүн үнэт эдлэл, үл хөдлөх хөрөнгөтэйгөө хамаатуулан ойлгоод байгаа нь хачирхалтай. Үнэт зүйл гэдэг үгийн утга санаа хэзээнээс эхлэн монголчуудын оюун санаанд ингэтлээ бүдгэрчихсэн юм бол. Нүдэнд харагдаж, гарт баригдахгүй, үнэртэхгүй, амтагдахг үй тэр зүйлийн тухай бид хангалттай сонсдог хэрнээ үнэ цэнийг нь мэдэхээ больчихож. Харин бидний аз болоход цэцэрлэгийн багачууд маань үнэт зүйлийн тухай анхны ойлголттой болж эхэлж байгаа нь сайн хэрэг. Хажууханд нь хогийн сав байхад цөмсөн самрын ясаа ил хаяад байгаа залууст гэмийг нь ухааруулах гэж оролдох жаалхүүгийн ой тойнд “тэгж болохгүй” гэсэн нэг юм байна. Гагцхүү бид тэднийг өөрсдийнхөө араас оруулчихгүй л бол.

Л.ГАНЧИМЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД