НИГЕРИЙН ГУРВАН ИРГЭНИЙГ ОНГОЦНООС НЬ БУУЛГАЛГҮЙ БУЦААЖЭЭ

2014 оны 11 сарын 03

- Нисэх буудлынхан эболатай гар нүцгэн тэмцэж байна -

  Есөн улсад тархан, олон зуун хүний амь насыг авч одоод буй аймшигт тахал эбола манай улсын хаалгыг тогшиж байна. Бид хаалгаа бат бөх болгож гэмээнэ энэ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Тэгвэл “Чингис хаан” олон улсын нисэх буудлынхан энэ өвчинтэй тэмцэх бэлэн байдлын байнгын нөөц, нисэхийн болон хилийн шалган нэвтрүүлэх боомтуудад ажиллаж буй албан хаагчдын хамгаалах хувцас хэрэгсэл, тусгаарлах өрөөний багаж, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн бодисын хангалтыг МХЕГ-ынхан шалгалаа. Эбола вирус нь агаар, дуслын замаар халдварладаг бөгөөд хүний гэмтсэн арьс салст, цус, шүлс, хөхний сүү гээд бүх төрлийн шингэнд 70 хүртэл хоног хадгалагддаг. Манайх дэлхийн олон улс руу шууд нислэгтэй болсон тул эл өвчин жуулчид болон алба, амины хэргээр яваа зорчигчдоор тээвэрлэгдэн Монголд орж ирэх бүрэн боломжтой. Тиймээс Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, Гаалийн болон Хил хамгаалах газар, цагдаа гээд хүчний байгууллагууд уялдаа холбоотой, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа гэнэ.

Нисэх буудлынхан гаднаас ирж буй иргэдийн биеийн дулааныг термокамераар хэмжин, Тусгаарлах өрөөнд оруулж, ДЭМБ-аас ирүүлсэн асуумж, судалгаа бөглүүлэн, өвчний ямар нэгэн сэжиг илрээгүй тохиолдолд хилээр нэвтрүүлж байгаа аж. Хилийн мэргэжлийн хяналтын алба нь хүн, мал амьтны гаралтай гоц халдварт өвчнийг хилээр нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй. Тэд өдгөө 55 алба хаагчтай, таван ээлжээр 24 цагаар 19 цэгт хяналт, шалгалт хийж байна. Мөн авиа компаниудтай хамтарч, гурван удаа сургалт зохион байгуулж, өдөрт 2000 орчим зорчигчийг термокамераар хянадаг. Одоогийн байдлаар нисэх буудлын гурван цэгт халуун хэмжигч ийм багаж суурилуулжээ. Мөн APIS зорчигчийн мэдээллийн системийг үйлчилгээндээ шинээр ашиглаж, түүний тусламжтайгаар манайд ирж буй хүмүүсийн бүх мэдээллийг цаг алдалгүй авч байна. Тодруулбал, иргэн Дорж аль улсаар дамжин, хэзээ, хаанаас, хаа хүрч яваа гэх зэрэг зорчигчийн бүх мэдээллийг харж болох аж. Энэ программын ачаар саяхан Нигер улсын гурван иргэнийг онгоцноос буцаажээ.

Байцаагчид байгаа нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байгаа ч хил дээр болон нисэх буудлуудад ажиллаж буй эрүүл ахуйн байцаагч, ажилтан алба хаагчдад нэг удаагийн хамгаалах хувцас, хэрэгсэл дутмаг байна. Корона, H1N7 зэрэг вирус дэгдэж байх үед өмсөж байсан амны хаалт, бээлийнээс өөр хамгаалалт гэх юм тэдэнд алга. Олон улсын стандартын шаардлага хангасан хамгаалах хувцас өмссөн эмнэлгийн ажилтнууд халдвар авч, зарим нь нас барж байхад манай эмч, ажилтнууд гар нүцгэн, энэ өвчний эсрэг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулж буй. Шаардлага хангасан хувцас сэлт байлаа ч өмсөж, зүүх дараалал нь алдагдвал халдвар дамждаг гэх. Муугаар бодоход эболагийн вирустэй өвчтөн “Чингис хаан” нисэх буудалд газардлаа гэхэд эмнэлгийн ажилтнууд, байцаагч, харуул хамгаалалтынхан болон гаалийн ажилтнууд шууд халдвар авахаар байна. Тэднийг эбола вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг олон улсын стандартын дагуу зохион байгуулахад тусалж, нэн даруй хамгаалах хувцастай болгох талаар МХЕГ-ынхан төсөв мөнгө гаргаж өгөхөөр болсон юм. 5000 ширхэг хувцас нэн шаардлагатай бөгөөд стандартын шаардлага хангасан нь 3000 еврогийн үнэтэй байдаг гэнэ.

Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан Тусгаарлах өрөөг олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасний дагуу шар, ногоон, улаан бүстэй болгоход тав, шаардлагатай багаж, хэрэгсэл, эм, био бэлдмэл хангалтгүй байгаа тул 13 сая төгрөгийн санхүүжилт хүссэн юм. МХЕГын дарга Д.Батмөнх “Дэлхийн өндөр хөгжилтэй хотууд энэ өвчнөөс урьдчилэн сэргийлэхэд хэдэн зуун саяар нь зарцуулж байна. Урьдчилан сэргийлэх, бэлэн байдлын байнгын нөөц өндөртэй АНУ-ын Нью-Йорк хотод л гэхэд дөрвөн хүн халдвар авсан байна. Гэтэл бид таван сая төгрөг өгчихвөл болчихно гэх ухааны юм яриад сууж байдаг, байж боломгүй. Төсөв санхүүгээ ахин тооц, таван сая төгрөгөөр энэ тахлаас өөрсдийгөө, хэнийг ч хамгаалж чадахгүй. Термокамерт ч найдах хэрэггүй. Өвчний шинж тэмдэг нууц үед нь энэ багажаар илрүүлэх боломжгүй. Хилийн боомтууд болон авиа компаниуд ХӨСҮТ, нисэх буудлынхан гээд хоорондоо нягт уялдаатай ажиллах хэрэгтэй. Ард иргэдээ хамгаалах гэсээр өөрсдөө халдвар авч мэдэхээр болжээ. Хувцас хэрэгслээ даруй базаа. Иргэдийн дунд энэ өвчний талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байна. Тиймээс үзүүлэх сургууль нэн даруй зохион байгуул” гэж үүрэг, чиглэл өгөв.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
124.158.112.79 Онгоцонд цуг байсан хүмүүсээ тэгээд яасан бэ?в Тэр гурван Нигер нөхөр яахав тэгээд буцдаг юм байж....