ТАЛЦАХ ЯАХ ВЭ, төрийн ажил хэцүүдлээ

2014 оны 11 сарын 03

УИХ-ын дарга Сүхбаатар аймагт ажиллаж, Баруун-Уртыг нийслэлтэй холбосон авто замын нээлтэд оролцлоо. Ерөнхий сайд гутлын үйлдвэрийн нээлтэд очиж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжив. Өнгөн дээрээ ажил хэвийн яваа, амьдрал асуудалгүй үргэлжилж буй мэт харагдана. Гэхдээ дотроо тэд “хямарч” байгаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг суудалдаа яаж үлдэхээ, З.Энхболд харин түүнийг яавал унагаж, өөрөө орыг нь авах тухай бодож яваа. АН-ынхан дотроо хагаралтай, толгойгоо өөр өөр зорилгын төлөө гашилгасан өдрүүд өнгөрч байна. Дээгүүрээ ийнхүү үймж, сандал суудал булаацалдан талцаж байх зуур улс орны амьдрал нэг л сүүмгэр, төрийн ажил зогсонги болчихлоо. Үүнийг анзаарах сөхөө эрхэм түшээдэд байна уу, мэдэхгүй.

АН-ААС ХҮЧТЭЙ ФРАКЦ УУ

Ерөнхий сайдыг огцруулан танхимаар нь онхолдуулж, орыг нь авах хүсэлтэй “Шонхор” фракцынхантай зөвшилцөхийн тулд төрийн ажил, төсвийн хэлэлцүүлэг ийнхүү гацаанд оржээ. Байнгын хорооны хуралдааныг тодорхойгүй шалтгаанаар хоёр өдөр хойшлуулсан ч АН өнөөх “гайтай”-гаа зөвшилцөж чадсангүй. Тиймээс өнгөрсөн баасан гаригт албан ёсоор завсарлага хүсэв. Харин маргааш нь буюу бямба гаригт АН-ын шат шатны байгууллагын удирдах ажилтнууд Төрийн ордонд зөвлөлдлөө. Ширүүхэн шүүмжлэл, маргаан өрнүүлсэн ч эцсийн дүндээ тэд “Засгийн газар тогтвортой ажиллах ёстой” хэмээн санал нэгдсэн байна. АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос ч ийм агуулгатай уриалга гаргав. Энэ бүх уриалга АН-ын УИХ дахь бүлэг, Ерөнхий сайдад хандсан мэт боловч нам доторх “түгжлүүд” буюу УИХ-д 10 гишүүнтэй “Шонхор” фракцынхан, МоАХ-ны Х.Баттулга, М.Зоригт, Р.Бурмаа нарт л зориулагдсан нь мэдээж.

Намаараа хөдлөөд өнөөх шинэ үеийн “элсний 13”-ыг хүчрэх нь үү гэдгийг энэ долоо хоногийн үйл явдал харуулна. З.Энхболдын тухайд Ерөнхий сайд болчихвол Засгийг байгуулах хамтрагчаараа МАН-ыг хамгийн түрүүнд сонгох нь тодорхой болсон. Тийм ч учраас Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолыг хэлэлцэх Байнгын хорооны хуралдааныг хойшлуулахад МАН-ынхан “гоншгоносонг үй”. Тэд АН дотор аль хэдийнэ хамтрагчдаа олчихсон, Ерөнхий сайдыг эчнээ огцруулчихаад албан тушаалаа хувааж эхэлсэн биз. З.Энхболд тэнэг хүн биш. Тиймээс тэр Засгийн газарт нь учирч мэдэх аюулыг тойрохын тулд УИХ-д суудалтай бүх намтай хамтарна гэсэн яриа гарах боллоо. Ингэвэл бүх нам суудалдаа “дурлаад” асуудал үүсгэж чадахгүй гэж тооцжээ. Гэхдээ түүнд дэгээдүүлчихвэл “Алтангадас”, МҮДН фракцынхан нь зүгээр суухгүй. За юутай ч АН тэдний эсрэг бүхлээрээ хөдөлж байна.

ХУГАЦААНДАА ТӨСВӨӨ БАТЛААГҮЙ АНХНЫ УИХ БОЛОХ УУ

Ийм тодотголыг энэ УИХ зүүж мэдэхээр болоод байна. Арваннэгдүгээр сар гарчихлаа. Өвөл хаалга тогшоод байдаг. Улсын төсөв батлахад одоо 12 хоног үлдэв. Төсвөө баталж байж шат шатны байгууллагуудын ажил өрнөнө, өвөлдөө бэлтгэнэ. Гурван ч яам сайдгүй, тэнд шийдвэр гарахгүй гацчихсан. Яамдтай холбоотой ажилладаг хувийн салбарынхан ч хэцүүдэж эхэлжээ. Ийм байдал ямартай ч лхагва гариг хүртэл үргэлжлэх нь. Учир нь Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолын төслийн хэлэлцүүлгээс АН-ын авсан завсарлага тэр өдөр дуусах юм. Төсвийг энэ сарын 15-ны дотор батлах ёстой. Тэгж чадахгүй бол УИХ тарах нөхцөл үүснэ гэсэн болгоомжлолыг хэвлэлийнхэн сануулж буй. Тэгвэл АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хуульд тийм зохицуулалт байхгүй. Мэдээж төсөв батлах хугацаа бий, цаг давчуу байна. Гэхдээ тэглээ гээд богино хугацаанд түүхий төсөв баталж болохгүй” гэсэн тайлбар өгсөн.

УИХ-ын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох тухай хэсэгт үнэхээр төсвөө баталж чадаагүй бол тарах заалт алга. Тэглээ гээд гишүүд санаа амрах ёсгүй. Үнэндээ ард түмэнд хэн Ерөнхий сайд байх тийм ч чухал биш. Гагцхүү төр, засаг тогтвортой, төрийн ажил гацаагүй үргэлжилж, цалин мөнг өө цагтаа тавьж байх нь л чухал. Гэтэл дээдчүүдийн гүйдэл ийм боломж олгохгүй байна. Төсвийг цагтаа батлаагүй анхны УИХ болчихоод “Тарахгүй үлдэх нь чухал” хэмээн бодож байгаа бол ирэх сонгуулиар ард түмэн та нарт дүнгээ тавина гэдгийг бүү март. Улстөржилтөө хурдан зогсоож, маргаанаа нэг тийш хагалаад үндсэн ажилдаа санаа тавиач, түшээд ээ.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИАС:

31 дүгээр зүйл. УИХ-ын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох

31.1. Дор дурдсан тохиолдолд УИХ-ын бүрэн эрх энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас өмнө дуусгавар болно:

31.1.1. УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмн ө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг УИХ хэлэлцэж ёсоор болгосон;

31.1.2. Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал нэгдэж бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг УИХ хэлэлцэж ёсоор болгосон;

31.1.3. Ерөнхий сайдыг томилох саналыг өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадааг үйгээс нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь УИХ өөрөө тарах тухай тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг хэлэлцэж ёсоор болгосон;

31.1.4. Энэ хуулийн 31.1.3-т заасан үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах зарлиг гаргасан.

С.ТУУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД