Дотоодын гутлын зах зээлийн 30 хувийг хангах ”Best shoes” үйлдвэрийн нээлт боллоо

2014 оны 11 сарын 01

 Экспортыг нэмэгдүүлж, импорт орлох үйлдвэрийн төсөлд шалгаран "Чингис" бондын хөрөнгөөс 2 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан гутлын үйлдвэр өнөөдөр нээлтээ хийлээ. 2011 онд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан "Best shoes" компани өмнө нь сард 60-70 хос гутал үйлдвэрлэж байсан бол өдөрт 500-800 хос гутал хийх хүчин чадалтай үйлдвэрээ нээлээ. 70 гаруй ажилтантай тус үйлдвэр Итали, Германы хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогджээ.

 "Бид 1134 ам.метр талбайтай шинэ байрандаа конверын шугамаар үйлдвэрлэл явуулж эхэлснээр дотоодын гутлын зах зээлийн 30 хувийг хангаж чадахаар боллоо" гэж үйлдвэрийн захирал Б.Түвдэнням хэллээ. Анх гэрийнхээ тагтан дээр гутал хийж эхэлсэн Б.Түвдэнням орчин үеийн томоохон үйлдвэртэй болтлоо цуцалтгүй хөдөлмөрлөсөн бөгөөд түүний цаашдын зорилго нь өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээ дэлхийн брэнд болгох, ажиллагсдаа эх орондоо сэтгэл хангалуун сайхан амьдрах нөхцөл бүрдүүлэх явдал гэлээ.  

"Хамгийн сайн чанарын гутлыг монголчууд дотооддоо үйлдвэрлэж чаддаг боллоо. Одоо бие биенээ дэмжих нь чухал. Хууль зүй, батлан хамгаалах салбарынхан ажлын гутлаа гадаадаас биш эднийхээс авдаг болох хэрэгтэй" гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг үйлдвэрийн нээлтэд оролцохдоо онцоллоо.  

"Best shoes" компани гутлаас гадна цүнх, арьсан жижиг эдлэлийг Итали, Герман, Энэтхэг улсуудын лицензээр БНХАУ-д боловсруулсан зориулалтын үхэр, тугалын арьсаар хийдэг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.10.23.127 Iim medeelel bolj ogvol ahiihan tavij baival zugeer.mash saihan medeelel bna.odoo uher tugaliin arisaa dotoodoos avah heregtei.baidaggui bol ednii uildvert tushiglen chanartai bolovsruulah jijig tseh baiguulval sain daa.tegvel naadah chini 100 huvi ekh ornii buteegdhuun bolno.yamarch bsan bi neg gutal tanaihaas avna.
103.9.91.40 sain bn