Өнөөдөр ”Үндэсний өгөх өдөр” тохиож байна

2014 оны 11 сарын 01

 Олон хүнд  зөвхөн эд материалын бус хайр, чин сэтгэлийн сайхан үг, урам зоригийн өглөгийг уриалж байдаг “Үндэсний өгөх өдөр” өнөөдөр тохиож байна. Тав дахь жилдээ  зохион байгуулж буй  “Өгөх өдөр” хөдөлгөөн ТББ-ын зүгээс уг өдрийг Монгол түмний нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгөх үндэсний хэмжээний тэмдэглэлт өдөр болгох зорилготой байгаа ажээ.  

2010 оны арваннэгдүгээр сарын нэгэнд анх “Үндэсний өгөх өдөр”-ийг зохион байгуулж “Том болоорой Удвал” төслийг хэрэгжүүлэн Э.Удвал охины хагалгаанд шаардлагатай 25 сая төгрөгийг хэдхэн хоногт цуглуулж чадсан билээ.  Харин энэ жилийн хувьд дараах үйл ажиллагаа зохион байгуулж байна.  Яруу найрагч Тоомойн Очирхүүгийн “Урам Хайрла” шүлэгт, МУГЗ, хөгжмийн зохиолч Ц. Чулуунбат ая хийж, МУГЖ, Харанга хамтлагийн ахлагч Ц. Энхманлай, МУГЖ, дуучин Х.Лхагвасүрэн, МУ-ын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нарын дуулснаар олны хүртээл болгосон.  

“Урам Хайрла Challenge” эхлүүлж, хүн бүр хоёр хүртэл хүнд урам хайрласан, сэтгэлийнхээ үгсийг илэрхийлэхийг уриалж байна.   Өгөх Өдрийн хүрээнд Монгол ТВ-тэй хамтран “Зүрхийг бүлээцүүлэх Зуун захидал” аянг өрнүүлж байна. Тус ТВ-ын "Өнөө Өглөө" продакшнд хаяглан сэтгэлийн захиагаа бичиж болно.   Өгөх нь авахаасаа ерөөлтэй  байдгийн учир өнөөдөр гэр бүлийнхэн, найз нөхөд, танил хүмүүстээ халуун дулаан үгсийг харамгүй хэлж, зөрөөд өнгөрөх танихгүй хүнд ч дотно сайхан инээмсэглэлийг бэлэглээрэй.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД