Монголын алслагдсан хөдөө орон нутгийн хүүхдүүдэд бага боловсрол нөхөн олгох боломжтой болно

2014 оны 10 сарын 30

Монголын алслагдсан хөдөө орон нутгийн бага насны хүүхдэд Бага боловсрол нөхөн олгох чиглэлээр хамтран ажиллах, үзэл санааг нь үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхийн тулд Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны харьяа Насан Туршийн Боловсролын Үндэсний Төв, Японы Хүүхдийг Ивээх Сан хамтран ажиллахаар Харилцан ойлголцлын санамж бичигт маргааш гарын үсэг зурна.  Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Хөтөлбөр нь 2012 оны 6 сараас Дэлхийн Банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилттэй “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийг Боловсрол, Шинжлэх Ухааны Яамтай хамтран Архангай, Өвөрхангай, Дорнод болон Сүхбаатар аймгуудад амжилттай хэрэгжүүлж байгаа ба тус төсөл нь алслагдсан хөдөө орон нутгийн бага ангийн хүүхдүүдийн суралцах үйл ажиллагааг дэмжсэн олон талт үйл ажиллагааг алслагдсан 30 сумдад зохион байгуулж байна. 

Тэдгээр үйл ажиллагааны нэг нь сургуульд сурч байгаагүй болон бага ангиас сургууль завсардсан хөдөөгийн хүүхдүүдэд зориулсан Монгол хэл болон Математикийн хичээлийн 1-3 дугаар ангийн “Бага боловсрол нөхөн олгох багц хөтөлбөр”-ийг боловсруулсан ба сургууль завсардсан ангийнхаа үндсэн мэдлэгийг гэрийн нөхцөлд эцэг эхийн оролцоотой нөхөж авахад дэмжлэг үзүүлэх юм.  Тус хөтөлбөрийг үндэсний түвшинд түгээн дэлгэрүүлэх, мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангахад Насан Туршийн Боловсролын Үндэсний Төв болон сумдын Насан туршийн боловсролын Гэгээрэл төвийн үүрэг, оролцоо чухал билээ.  Японы Хүүхдийг Ивээх Сангаас орон нутаг дахь боловсролын үйлчилгээний үр дүнг сайжруулахын тулд эцэг эх, орон нутгийн сонирхогч талуудтай нягт хамтран ажиллаж, тухайн орон нутгийн соёл, нөхцөл байдалд нийцсэн, олон нийтийн оролцоонд суурилсан олон талт санал санаачлагыг туршин нэвтрүүлэх болно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД