NHL-ИЙН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН МУУ 5 БАГ

2014 оны 10 сарын 30

Үндэсний хоккейн лигийн шинэ улирал эхэлснээс хойш багууд 10 шахам тоглолт хийгээд буй. Одоогоор “Каролина” баг нэг ч ялалт байгуулж амжилгүй хүснэгтийн сүүл мушгиж байгаа нь олныг ярих сэдэвтэй болгов. Хоккейн тоймчид “Каролина”-гийн энэ бүтэлгүйтэлтэй холбогдуулан лигийн түүхэнд үлдсэн хамгийн тааруу амжилтын эздийг тодруулжээ. Базаахгүй үзүүлэлтээр түүхэнд бичигдсэн эдгээр багуудыг танилцуулья.

1974-1982 ОНЫ “ВАШИНГТОН” 8 ялалт, 6 тэнцээ, 67 ялагдал. Энэ бол нийслэлийн багийн лигт хийсэн анхны улирлын үзүүлэлт. Тэд 82 тоглолтод 446 шайб алдсан нь бүх цаг үеийн анти-рекорд болжээ. Тус багаас ердөө ганц тоглогч 35-аас дээш оноо авсан нь довтлогч Том Уильямс байв. “Кэпиталс” тэр жил 17 тоглолт дараалан ялагдсан нь мөн л лигийн түүхэнд байхгүй рекорд болжээ. Дараагийн улиралд нь “Вашингтон” арай дөнгүүр тоглосон ч 11 ялалтаас хэтэрсэнгүй. Ер нь лигт элсэн орсноос хойшхи эхний зургаан жил тэд плей-оффт шалгараагүйгээр үл барам 70-аас дээш оноо авч чадаагүй юм. Харин 1982 онд Дэвид Пойл багийн шинэ менежерээр томилогдож, авьяаслаг залуусыг авчирснаар тэдний амжилт огцом дээшилж, түүхэндээ анх удаа плей-оффт шалгарчээ.

1982-1987 ОНЫ “НЬЮ ЖЕРСИ” Лигийн шинэ багийн зовлонг энэ удаа “Чөтгөрүүд” туулан гарав. Тус баг эхний таван улиралдаа 64-өөс дээш оноо авч чадаагүй. Ийм оноотой үед плей-оффын талаар мөрөөдөөд ч хэрэггүй гэдэг нь ойлгомжтой. Ялангуяа 1983-84 оны улиралд бүр шалдаа бууж, ердөө 41 оноо цуглуулжээ. Гэхдээ тэднээс муу амжилттай нэгэн баг байсан нь “Питтсбург”. “Оцон шувуунууд” тэрхүү улиралд 38 оноо цуглуулж, үүнийхээ “ачаар” драфтын ¹1-ийг сонгох эрхтэй болсон. Улмаар “Нью Жерси”-гийн өмнүүр орж, домогт Марио Лемьег өөрийн болгожээ. “Девилз”-ийн тэр жилийн бүтэлгүйтлийн оргил мөч нь “Эдмонтон”-той хийсэн тоглолтын үеэр тохиов. “Ойлерс” дээрх тулаанд “Чөтгөрүүд”-ийг 13:4-өөр бут цохиход Уэйн Грецтки найман оноо авч байлаа. Таван жилийн бүтэлгүйтлийн эцэст багийн эзэн Жон Макмаллен өөрчлөлт хийх хэрэгтэйг ойлгож, шинэ ерөнхийлөгчөөр Лу Ламореллог томилов. Түүний удирдлага доорх эхний улиралд “Чөтгөрүүд”-ийн амжилт огцом дээшилж, түүхэндээ анх удаа плей-оффт шалгарчээ. Улирлын сүүлийн тоглолтын нэмэлт цагт хожлын гоол хийж байж энэ эрхийг авсан байна. Үнэхээр сэтгэл хөдөлгөм түүх байгаа биз. Гэхдээ плейоффт үзүүлсэн тоглолтынх нь хажууд энэ юу ч биш. Тэд хасагдах шатанд гарч ирсэн эхний жилдээ л “Айлендерс”, “Вашингтон”- ыг сөхрүүлж, бүсийн финалд шалгарсан түүхтэй. Үүнээс хойш “Нью Жерси” плей-оффт тогтмол шалгардаг лигийн хүчирхэг багуудын нэг болсон бөгөөд Стэнлийн цомыг гурван удаа хүртээд байна. Хэрвээ тухайн үед Ламорелло багийн ерөнхийлөгчөөр томилогдоогүй бол “Чөтгөрүүд” ийм богино хугацаанд шилдгүүдийн эгнээнд орох байсан нь эргэлзээтэй.

1992-1997 ОНЫ “ОТТАВА” “Сенаторс”-ын лигт өнгөрүүлсэн эхний таван улирал бусдын адил аймшигтай байв. Ялангуяа 1992-93 оны улиралд бүх зочлон тоглолтдоо ялагдаж, “Вашингтон”-ы антирекордыг эвджээ. 1996 онд Sports Illustrated тэднийг мэргэжлийн спортын түүхэн дэх хамгийн муу багаар нэрлэсэн удаатай. Харин 1997 онд ялагдал нь ялалтаасаа олон байсан ч плей-оффт шалгаран бяцхан гайхамшгийг бүтээсэн юм. “Оттава”-гийн хар цувралыг тасалж, лигийн хүчирхэг багуудын зэрэгт хүргэсэн ачтан бол швед довтлогч Даниэль Альфредсон. Сонирхолтой нь “Сенаторс” түүнийг драфтын нэлээн хойгуур буюу 133- аар сонгон авчээ. Даниэль лигт тоглосон эхний улиралдаа л 68 оноо авч, шилдэг шинэ тоглогчийн “Колдер трофи”-г хүртэв. Улмаар энэ багийн төлөө 17 жил үнэнчээр хүчин зүтгэхдээ Стэнлийн цомын финалд шалгаруулж байлаа.

1987-1992 ОНЫ “КВЕБЕК НОРДИКС” Өнөөгийн “Колорадо Эвеланш” баг Квебек хотноо байхдаа хүнд хэцүү замыг туулж байсан нь дараах баримтаас харагдана. Тэд 1987 оноос хойш таван улирал дараалан 70-аас дээш оноо авч чадаагүй. 1989, 1990, 1991 онд гурван жил дараалан сүүлийн байрт бичигджээ. Мөн “Квебек” гурван жил дараалан драфтын ¹1 сонголтыг хийсэн мэргэжлийн спортын анхны баг болсон байна. Хожим хоккейн “Эдмонтон”, бейсболын “Хьюстон Астрос” багууд тэдний таагүй амжилтыг давтсан юм. 1989-90 он “Нордик”-ийн хувьд шившгийн улирал байсан. Тэд 82 тоглолтоос 31 оноо цуглуулсан бөгөөд өмнө бичигдсэн багийн оноо нь хоёр дахин их байлаа. Мөн 407 шайб алдсан нь бүх цаг үеийн түүхэнд дээгүүр бичигдэх үзүүлэлт болжээ. Гэхдээ азгүйтэлд төгсгөл гэж бий. Азгүйтлийг төгсгөсөн тоглогчид нь драфтаар сонгон авсан шинэковууд байв. Тухайлбал, наяад оны сүүлээр Жо Сакик, Оуэн Нолан нар ирсэн бол 1995 онд драфтын №1 Э.Линдрос энэ багт ирэхээс татгалзсанаар оронд нь залуу авьяастан Петер Форсберг тэднийд нэгдэв. Ингэснээр мөнхийн азгүйчүүд лигийн шилдэг довтолгоотой баг болон хувирчээ. Үр дүн ч дорхноо гарч, Колорадод нүүн очсон эхний улиралдаа л Стэнлийн цом өргөсөн түүхтэй.

1981-1989 ОНЫ “ТОРОНТО” Энэ жагсаалтад агуу баялаг түүхтэй “Мэйпл Ливс” багтсанд олон хүн гайхаж магадгүй. Гэхдээ Стэнлийн цомыг 13 удаа хүртсэн энэ агуу багт ч бас уналтын үе байв. Ялангуяа 80-аад оны түүх нь үнэхээр аймшигтай. Энэхүү 10 жилийн хугацаанд “Торонто” дээд тал нь 70 оноо авсан юм. Тэд 1981-89 оны хооронд дунджаар 60 оноо авсан нь эртний уламжлалт багийн хувьд ичгэвтэр үзүүлэлт байлаа. Ялангуяа 1984- 85 оны улиралд бүр доройтож, 48 оноо авснаас гадна гоолын зөрүү нь -105 болсон. Гэхдээ таагүй байдал удаан үргэлжлээгүй. Тэд 90-ээд оны эхээр эргэн сэхэж, плей-оффт шалгардаг хуучны “Торонто” болж хувирсан юм. Багийн эзэн Харольд Баллардын үхэл тэдний дахин сэргэлттэй холбоотой гэж үздэг. Ингэж бичих нь эвгүй ч гэсэн бодит байдал дээр тийм л байлаа. Тэрбээр дасгалжуулагчийг өөрийн үзэмжээр халж солин, багийн дотоод асуудалд хэтэрхий их ордог байснаас болж амжилт уруудах болсон юм. Харин шинэ удирдлагууд гарч ирснээр бүх зүйл ном журмандаа оржээ.

Б.ЭНХЖИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД