ХҮНСЭЭ ТАНЬЖ МЭДЭХЭЭС ЗӨВ, ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТ ЭХЭЛДЭГ

2014 оны 10 сарын 30

Бичсэн: Доктор Ж. Октябрь, Хүнс тэжээлийн  мэргэжилтэн ба зөвлөх.

Хүнсээ таньж сонгон зөв боловсруулж зохистой хэрэглэж сурах нь хамгийн чухал.

Өнөө үед хүний эрүүл мэндийг хүнс хоолоор дэмжин хамгаалах нь онол, практикийн өргөн хүрээтэй, шинжлэх ухаан, технологийн шийдэл хүлээсэн, нийгмийн эрүүл мэндийн үндэсний хэмжээний асуудал болж байна.
 

Тэнцвэржүүлсэн хооллолт гэдэг нь хүн идэж буй хоол тэжээлээрээ дамжуулан биед шаардагдах шимт бодис (макронутриент буюу уураг, нүүрсус, өөхтос), эрдэс бодис, амин дэм, эслэг, усыг зохих харьцаа, хэмжээгээр нь авч хангах явдал гэж ойлгож болно.

Тэнцвэржүүлсэн хооллолт нь хоёр ач холбогдолтой.
1.    Илчлэг, шим тэжээлт чанарын хувьд хангалттай байх ёстой.
2.    Хүний эрүүл мэндийг хамгаалах, элдэв өвчнөөс сэргийлэх үүднээс хоол хүнсний зүйл нь физиологийн тэнцвэржилт (баланс)-тэй байх ёстой.
Судалгаанаас үзэхэд хоол хүнсэнд агуулагдах шаардлагатай биологийн идэвхит бодис, нэгдэл 100 гаруй байдаг бөгөөд тэдгээрийн 1/2 нь үл орлогдох зүйлүүд юм. Энэ хэрэгцээг бүрэн хангахын тулд хүн өдөрт 32-оос доошгүй нэр төрлийн хүнс хэрэглэх ёстой аж. Эндээс физиологийн тэнцвэржилт гэдэг нь хүний биед өдөр тутам шаардлагатай уураг, ханасан болоод ханаагүй өөх тос, нүүрс ус, эслэг, хүчил шүлтлэг зэрэг бүхий л хэрэгцээт шимт бодисынтэнцвэртэй харьцааг хэлж буй юм. Энэ нь юуны өмнө хүн бүхэн өглөөний цайгаа тогтмол заавал ууж хэвших хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өглөө юу идсэнээс тухайн өдрийн эрч хүч, тархиныажиллагаа шалтгаална. ДЭМБ-ын судалгаагаар өглөөний цай хүний өдөр тутмын эрч хүчний 25% өгдөг байна. Иймд өглөөний цай хоолыг тогтмол хэрэглэж хоногт шаардагдах шим тэжээлт бодис, ялангуяа уургийн хэрэгцээний тодорхой хувийг хоолоор дамжуулан заавал авч чадвал бие организм сэргэж өдрийн турш сэргэлэн цовоо, эрч хүчтэй байх нөхцөл бүрдэнэ.



Дараагийн зарчим нь хоол боловсруулах системийн хэвийн ажиллагааг дэмждэг эслэг агуулсан шинэ жимс, ногоо, бүхэл үрт бүтээгдэхүүнийг хэрэглэж занших хэрэгтэй.

Түүнчлэн организмаас хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй, кальц ихээр агуулдаг бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх явдал. Хооллох цагийн дэглэмийг чанд баримтлах нь тэнцвэржүүлсэн хооллолтын бас нэг чухал зарчимд тооцогддог. Үүнд өдөрбүр 8-10 аягабуюу 2 литр цэвэр ус ууж чихэртэй болон хийжүүлсэн ундаа хэрэглэхээс аль болох татгалзах,болж өгвөл 2-3 цагийн зайтай хооллож хэвших, оройн хоолыг унтахаас 3-4 цагийн өмнө идэж байх зэрэг миний хэлж буй зарчмуудад багтдаг.

Экологийн цэвэр бүтээгдэхүүн, үүний дотор уураг, эслэг агуулдаг чихэрлэг биш жимс, ногоо, самарзэрэг ашиг тустай хүнсийг өдөр тутмын хоолондоо хэрэглэж занших нь тэнцвэржүүлсэн хооллолтын үндэс болж өгдөгийг мартаж болохгүй.

Малын гаралтай өөх тосыг манай ард түмэн өдөр тутамдаа их хэмжээгээр авдаг. Зөв зохистой хооллох зарчимд мөн өөх тос, сахар, цэвэршүүлж боловсруулсан бүтээгдэхүүний хэрэглээгээ аль болох багасгаж, далайн гаралтай ханаагүй өөх тос агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх нь зохимжтой. Гэвч манай улсад өдөр бүр загас, далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх нь боломжгүй ч төрөл бүрийн самар, хушга зэрэгт агуулагддагийг хэлэх нь зүйтэй.
Өөр нэг чухал зарчим бол амин дэмийн хэрэгцээгээ бүрэн хангаж байхаар хоол ундаа тохируулан сонгож хэрэглэх нь чухал. Амин дэмийн дутлаас хоол боловсруулах, шингээх болон мэдрэлийн системийн үйл ажиллагаа хямарч ялангуяа хүүхдийн өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлж өөрчлөлт гардаг. Эцэст нь айл өрх, хүн бүр эрүүл амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлэх хяналт тавьж байх хэрэгтэй.  Энэ нь эх газрын эрс тэс уур амьсгалтай газар нутагт амьдардаг бидний хувьд юу юунаас илүү чухал.

Хүн бүрийн бие махбодийн онцлог шинж, нас хүйс, цусны бүлэг, оршинсуугаагазарнутаг, цаг агаар, хөдөлмөр эрхлэлт, уламжлалт ёс заншил  зэрэг олон хүчин зүйлээс  хамаарч хүмүүсийн тэжээлийн бодисуудын хэрэгцээ өөр өөр байдаг.  Тийм болохоор насанд хүрсэн хэн боловч миний хувьд ийм хоол хүнс, хооллолтын ийм дэглэм тохирох юм байна гэдгийг өөрөө амьдралаасаа мэдэж авч, хэрэгжүүлж чадвал жинхэнэ зөв зохистой хооллолтболно. Дэглэм гэдэг нь хүнд хэцүү зарчмаар хоолоо сойхыг бус амин чухалтэжээлүүдээ амьдралынхаа туршид авч байх хүнсийг сонгож, хэв маягаа болгоно гэсэн үг юм. Мэдээж үүний тулд олон талын мэдлэг, мэдээлэл авч, өөрийгөө тогтмол боловсруулах шаардлагатай болдог. Хүнсээ таньж сонгон зөв боловсруулж зохистой хэрэглэж сурах нь хамгийн чухал.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД