Н.АЛТАНЦЭЦЭГ: Аливаа зүйлд чин сэтгэлээ зориулвал үр шимийг нь заавал хүртдэгийг өөрийн биеэр мэдэрлээ

2014 оны 10 сарын 30

Дөнгөж саяхан БНСУ-ын Инчён хотноо болж өндөрлөсөн “Инчён-2014” Азийн пара наадамд жүдо бөхийн эмэгтэйч үүдийн -78 кг-д зодоглон хувийн болон багийн төрөлд алтан медаль авсан Нямаагийн Алтанцэцэгтэй уулзаж ярилцлаа.

-Юуны өмнө “Инчён 2014” Азийн пара наадамд амжилттай оролцон, олон жил хүсэн хүлээлгэсэн аваргын алтан медалийг эх орондоо авч ирсэн танд баяр хүргэе. Энэ амжилт таны төдийгүй монголын пара спортын мянга мянган тамирчдын олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн байлаа.

-Баярлалаа. Энэ амжилт бол манай баг хамт олон, багш дасгалжуулагч, монголын ард түмний маань тус дэм, хайр энэрэлийн үр шим гэж бодож байна. Инчёны Азийн наадмаас алтан медаль хүртэж пара спортын түхэн дэх хамгийн анхны Азийн наадмын аварга болсондоо маш их баяртай байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шиг аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж, шаргуу хөдөлмөрлөж чадвал хэзээ нэгэн цагт заавал амжилтад хүрдэгийг өөрийн биеэр мэдэрч ирлээ.

-Та алтан медалийн төлөөх барилдааныхаа үеэр Тайваний бөхөд даруулж дасгалжуулагч болоод баг хамт олноо нилээдгүй сандаргаад авсан. Тухайн үед өөрт тань юу бодогдож байв?

-Азийн наадамд хийсэн барилдаануудаас хамгийн хүч шавхсан, өрсөлдөөнтэй барилдаан нь аваргын төлөө Тайваний бөхтэй хийсэн барилдаан байлаа. Барилдаан эхлээд удаагүй байхад би өөрийн хайнгаасаа болж дутуу мэх хийн даралтанд орсон юм. Тэр үед “өмнөх өдөр эрэгтэй жүдогийн тамирчин Тайландын бөхөд ялагдсаны дараа Нэмэхээ ерөнхийлөгч “Манай улсын түүхэнд Тайландын бөхөд ялагдаж байсан түүх хэзээ ч байхгүй” гэж зэмлэж байсан нь л бодогдож байлаа. Тэгээд л “Яана аа өчигдөр тэгэж хэлээд байхад нь ингээд даруулаад байж байдаг” гэж бодогдонгуут түүнийг бүх хүчээрээ түлхэн даралтнаас гарсан юм. Улмаар шийдсэн мэх хийн даралтаар цэвэр яллаа.

-Инчёны наадмын хаалтын ёслолд танаар багийн тугч хийлгэсэн. Энэ нь багийн хамт олон таныг болоод гаргасан амжилтыг тань үнэлж, хүндэлж буйн илрэл болов уу?

-Үнэхээр сайхан санагдаж байсан. Баг хамт олноороо бахархаж байлаа. Аваргын төлөөх тоглолтын өмнөх өдөр буудлагын эгч нартаа “Би маргааш медаль авна. Яг нүдэнд харагдаж байна” гэж өөртөө итгэлтэйгээр хэлчихэж билээ. Санамсаргүйгээр хэлсэн ч гэлээ зөгнөл маань биелж аварга болсондоо улам их баярласан.

-Өөртөө ийм итгэлтэй байх нь танд сэтгэл зүйн томоохон давуу тал болдог байх. Та үүнийг өөртөө хэрхэн төлөвшүүлсэн бэ?

-Үүнд хамгийн их нөлөөлсөн зүйл бол миний багын хүмүүжил л дээ. Хэр барагийн зүйлд халираад, шантраад байдаггүй. Мөн миний нэг онцлог бол тэмцээний өмнө хоолны дэглэмээ зөв барьж жин бараг нэмдэггүй. Ингэснээр тэмцээний өмнө жингээ барьж эсвэл хасах гэж өөрийгөө ядрааж сульдаадаггүй.

-Манайд бэлтгэл хийх орчин нөхцөл хэр байна. Тэмцээнд явахын өмнө санасандаа хүртэл бэлтгэлээ базааж чадсан уу?

-Би зургаан сард Азийн наадамд оролцох эрхээ авснаас хойш тууштай бэлтгэлээ хийсэн. Өмнө нь ингэж тууштай хийж ерөөсөө амждаггүй байсан юм. Азийн наадмын өмнө өөрийнхөө бололцоонд бэлтгэлээ базаасан. Бэлтгэл сайн хангагдсан учраас энэ тэмцээнд ямар ч байсан амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байлаа. Манай парагийн тамирчдад амжилт гаргах асар их боломж бий. Хамгийн гол нь төрөөс тодорхой шат дараатай, ирээдүйгээ харсан дэмжлэг л хэрэгтэй байна. Азийн наадамд оролцохоор хэд хоногийн өмнө Инчёнд очин бэлтгэл хийж байхад “Хэрвээ ийм нөхцөлд бэлтгэлээ хийдэг байсан бол” гэх бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Жүдогийн зааланд нь ороод бэлтгэл хийж байхад саун, душ гээд тамирчин хүний бэлтгэлд шаардлагтай бүхий л зүйлийг цогцоор нь шийдчихсэн байдаг юм байна лээ.

-Пара жүдогийн бөхчүүдэд бэлтгэл хангагч дутмаг байдаг шүү дээ. Танд бэлтгэл хангагч бий юу?

-Надад өөрийн гэсэн бэлтгэл хангагч байхгүй. Бэлтгэл дээр хоорондоо л барилддаг. Өмнө нь бэртэл авч байсан учраас эрчүүдтэйгээ барилдахад дахиад бэртчих вий дээ гэж айгаад байдаг юм. Өөрийн барилдааны арга техниктэй холбоотой шинэ зүйл сурч авчихаар бэлтгэл хангагч байдаггүй учраас багш, дасгалжуулагчийнхаа зааж, зөвлөсний дагуу л бэлтгэлээ хийдэг. Харааны бэрхшээлтэй бөхчүүдэд дасгалжуулагч маань бүгдэнд нь хүрэлцэж ажиллахад нилээн хүндрэлтэй байдаг л даа. Хараагүй бөхчүүдэд зааж буй мэх, техникээ өөрийн биеэр, гар хөлнөөс нь барьж үзүүлж зааж өгдөг. Хэдийгээр бид бүхэнд багш дасгалжуулагч нар маань бүхнийг зааж өгч байгаа ч гэлээ бэлтгэл хангагчаас сурах зүйл маш их байдаг юм билээ. Одоогоор бидэнд бэлтгэл хангагч маш дутагдалтай байгаа. Инчёны наадамд явахын өмнө жин ойролцоо тул Хашцэцэгтэйгээ л хамтдаа барилдан, бэлтгэлээ хангасан даа.

-Шигшээ багийн тамирчид томоохон тэмцээний өмнө байрлаж бэлтгэл хийдэг. Харин та бүхэн тэгэж хийж чаддаггүй. Энэ нь тэмцээн болтол формоо удаан хадгалахад хэр хүндрэлтэй байдаг вэ?

-Манай пара жүдо болон бусад төрлийн тамирчид байрлаж бэлтгэл хийдэггүй учраас бэлтгэлээ сайн базаачихаад тэр түвшиндээ байлгахад үнэхээр хүндрэлтэй байдаг. Би л гэхэд Тахилтаас ирж бэлтгэлээ хийдэг. Өглөөний бэлтгэлдээ долоон цагт босож найман цагийн автобусанд суудаг. Тахилтаас спортын төв ордон ороход яг хоёр цаг явдаг юм. Өглөөний бэлтгэл хоёр гэж тардаг ч гэлээ оройны бэлтгэлээс өмнө гэртээ харьж ундаа уучихаад, гэр орныхоо ажлыг жаахан амжуулчихаад ирье гэхээр амждаггүй. Харин оройны бэлтгэл найман цагаас тардаг. Хамгийн хүндрэлтэй нь манай чиглэлийн автобус ес гээд зогсчихдог учраас яарсаар байгаад автобусны буудал дээрээ очно. Тэгээд л сүүлийн автобусанд амжихгүй бол такси, микро хольж явсаар байгаад 11 өнгөрөөж гэртээ харина шүү дээ. Өдрийн бэлтгэл, явдалдаа ядраад оройныхоо хоолыг ч идэх тэнхэлгүй болчихсон үед хурдан л амармаар санагддаг. Манай тамирчдын ихэнхи нь холоос бэлтгэлдээ ирдэг. Гэтэл эрүүл тамирчдыг томоохон тэмцээний өмнө тусгай байранд байрлуулж, хэрэгтэй зүйлсээр нь ханган бэлтгэлийг нь хийлгэдэг гэсэн. Бидэнд тийм нөхцөл бололцоо байдаггүй. Хэдийгээр манай холбоо бидний төлөө маш их зүйлийг хийж байгаа ч гэлээ улсаас дэмжих дэмжлэг арай л бага байна уу даа гэж бодогддог. Уг нь адилхан л улс эх орныхоо нэрийг тив дэлхийд гаргах гээд л бэлтгэл сургуулилтаа хийж байгаа тамирчид шүү дээ.

-Оройны бэлтгэлийнхээ дараа сүүлийн автобуснаас хоцорчихоод, яаж харья даа гээд байж байхад “Ингэж явахаар бариачаа хийгээд, хэдэн хүүхдээ тойруулж суулгачихаад хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдарч байя” гэх бодол өөрт тань төрж, бас шантарч байв уу?

-Ийм бэрхшээлтэй өдөр бүр тулгардаг. Бэлтгэл сургуулилтаа хийе гэхээр ар амьдрал орхигдчих гээд, ар амьдрал, үр хүүхдээ гэхээр бэлтгэл цалгардчих гээд алийг нь сонгохоо мэдэхээ байж эргэлзэх үе надад олон тохиолдож байсан. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэж бас үнэн үг юм шиг ээ. Би Азийн наадмын бэлтгэлээ хийж байхдаа хажуугаар нь бариа засалаа хийдэг байсан юм. Бэлтгэлийн хажуугар давхар ажил хийхээр бүр их ядардаг юм билээ. Тэгэж байхад заримдаа “Бариа засалаа хийгээд гэртээ байж байдаг юм бил үү. Олсон мөнгөөрөө амьдралаа залгуулаад байж дөнгөнө дөө” гэж бодогддог байсан юм. Тэр үед алсыг биш зөвхөн өнөө маргаашаа харж байсан байгаа биз.

-Хэрвээ та тэгэж бодож байхдаа өөрөө өөртөө ялагдаж жүдогоор хичээллэхээ больчихсон байсан бол өнөөгийн энэ амжилтад хүрэхгүй байх байлаа.

-Тиймэрхүү саад бэрхшээл тулгарахаар өөрийн эрхгүй өвдөг сөхөрмөөр санагддаг юм билээ. Түүнийг өөрийн хийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ ханддаг, тэсвэр хатуужилтай өссөнийхөө ачаар л даван туулж чадсан. Иймэрхүү зүйлээс болж манай парагийн маш олон тамирчин спортоо орхиж байна. Ялангуяа хөдөө орон нутагт байгаа пара тамирчдад маш их хүндрэлтэй байгаа. Манай нутгийн Лантуу гэдэг сайн бөх энд бэлтгэл хийдэг байсан юм. Даан ч байрлах байр байхгүйгээс болж нутаг буцсан. Түүн шиг маш олон пара тамирчид амьдралын боломжгүйгээсээ болж спортоо орхиж байна.

-Байнгын бус шигшээ багийн сонгон шалгаруулалт зарлаад удаагүй байна. Та материалаа бүрдүүлж өгсөн үү?

-Азийн наадмаас ирснийхээ дараа л энэ сонгон шалгаруулалтын талаар мэдлээ. Материалаа бүрдүүлж өгөхөөр хөөцөлдөж байгаа. Өмнө нь байнгын бус шигшээ багт багтах хүсэлт гаргаж байгаагүй. 2009 онд дэлхийн аваргад оролцох гэж байхад манай дасгалжуулагч та нар амжилттай оролцоод ирвэл шигшээ багт багтах боломжтой шүү гэж хэлж байсан юм. Даан ч би хөлөндөө бэртэл аваад явж чадаагүй. Гэхдээ байнгын бус шигшээ багт багтсан тамирчдад цалин хөлс өгдөггүй. Зөвхөн уралдаан тэмцээнд оролцох боломж арай илүү нээгддэг. Харин тэмцээний зардал, хөнгөлөлтийн тухайд санхүүжилт байвал л олгох боломжтой байдаг юм гэнэ. Байнгын буст багтсан ч гэлээ тэмцээн уралдаанд зардал мөнгөө хайхгүйгээр оролцоод ирэх боломж бололцоо хомс л байх юм шиг байна. Гэхдээ нэг томоохон боломж нь эхлээд байнгын бус шигшээдээ багтаж байж дараа нь байнгын шигшээд багтах боломжтой болдог гэсэн. Байнгын шигшээ багт манай жүдочдоос хоёрхон бөх байдаг.

-Та бол хоёр талын бөхийн удамтай хүн. Жүдогийн спортоор хичээллэхэд энэ бүхэн хэр нөлөөлсөн бэ?

-Манай аавыг Нямаа гэдэг. Аймаг орон нутагтаа нэр хүндтэй аймгийн хурц арслан хүн байдаг. Намайг бага байхад нэг барилдаанаар гурван улсын начинг даван түрүүлж байсан юм гэнэ лээ. Би жаахан байсан учраас хэн хэнээр давж байсныг сайн санадаггүй юм. Лав л одоогийн ардын багш, улсын харцага Сэрээтэр гуай байсан гэдэг. Манай аав Баянмөнх аваргатай, ээж маань эхнэртэй нь чацуу. Баянаа аварга манайхаар зөндөө олон удаа ирж аавтай уулзаж байсан. Тэр хоёрын хамтдаа барилдаж байгаад авахуулсан зураг нь манайд хадгалаатай байдаг. Миний өвөө ч бас аймгийн арслан цолтой. Би багадаа их бяртай хүүхэд байсан. Нэгдүгээр ангид байхдаа л хоёр арван литрийн саваар ус авдаг байж билээ. Нуруу намхан учраас савны ёроол газар чирэгддэг байсан ч гэлээ , усаа нэг их цалгиулж асгалгүйгээр л авчихдаг байсан юм. Ер нь хэр баргийн хар ажлыг хүн гуйлгүйгээр өөрөө хийчихдэг. Байшин барилаа гэхэд цементээ мөрлөж үүрээд л, суурийг нь цутгаад барьчихна.

-Эх орныхоо нэрийг тив дэлхийд мандуулсан сайн бөхчүүдийн ихэнх нь ийм л ахуй амьдрал дунд өсөж торнисон байдаг. Та ер нь хар ажилд нилээн махруун хүн шиг санагдлаа. Ийм ажил эргээд биеийн хүчний чамгүй сайн бэлтгэл болдог байх.

-2012 оны бүх ард түмний спартикиадад мөнгөн медаль авдаг жил би найзынхаа хамтаар байшингаа барьсан юм. Тэр үед манай хүүхэд таван сартай нялх байлаа. Миний мэргэжил бариач л даа. Тэгээд л хүнээ барьж олсон мөнгөөрөө байшингийнхаа материалыг аваад, портер хөлсөлж хайрга цементээ зөөгөөд байшингаа барьж байгаад л шууд спартикадад барилдаж байсан юм. Тэр жил манай жинд есөн бөх барилдаж билээ. Тойргоор барилдсан тун өрсөлдөөнтэй тэмцээн болсон. Би +78-кгын аваргын төлөө 126 кг жинтэй Байгальмаа гэдэг тамирчинтай барилдан ялагдаж байсан юм. Байшингаа барьж байхдаа хийсэн биеийн хүчний бүх ажил маань эргээд надад томоохон бэлтгэл болсон л доо. Тэмцээн болохын өмнөх өдөр саунд суусан чинь нилээн хүйтэн саунд суучихсан юм. Түүнээс болж халуун хүйтэн хавсарч хатгай аваад цээж даагдахаа байчихсан. Цээж дагширчихаад үнэхээр хүнд байж билээ. Ялангуяа алтын төлөөх барилдаан дээр бүр хөдөлж чадахаа байчихсан. Тэгээд л Байгалмаагийн эсрэг ямар ч техникийн барилдаан хийж чадалгүй ялагдаж юм.

-Та 2009 оноос энэ спортоор хичээллэж эхэлсэн хүн. Анх хичээллэж эхэлсэн цаг үеэ эргэн дурсаач.

-Би 2009 онд массажистын сургалтанд сууж байтал нэг өдөр Хараагүйчүүдийн холбооны дарга Сандагдорж гуай намайг дуудан “Хотод жүдогийн улсын аварга болох гэж байгаа гэнэ. Чамайг энэ тэмцээнд оролцуулмаар байна. Чи оролцох уу” гэж хэлсэн юм. Би түүнээс өмнө бөхийн спортыг сонирхдог, хичээллэхийг хүсдэг байсан ч хэнд, хаана хандахаа мэддэггүй байсан юм. Тэр жилийн тэмцээнээс өмнө аймгууд руу мэдээллээ явуулахгүй, зөвхөн нийслэлийн хэдэн дүүрэг дотроо л болоод байдаг байсан юм билээ. Тэр жил улсын аваргад анх оролцон түрүүлж байсан юм.

-Бэлтгэл хийж амжсан уу?

-Би ерөөсөө бэлтгэл хийгээгүй. Сандагдорж дарга надад хэлэхэд би жүдо гэж ямар спорт байдаг талаар ямар ч мэдлэггүй байсан юм. Тэмцээний өмнөхөн сумын заан Төгсжаргал ахаараа гар татах, шилдэж тонгорох, хөл тавих зэрэг хэдэн мэх заалган дутуу хагас сураад л шууд орж байж билээ.

-Аливаа амжилтыг дагаад асар том үүрэг хариуцлага байдаг шүү дээ. Азийн наадмын анхны аварга болсон танд монголын ард түмэн тив дэлхий, олимпийн аварга хэзээ болох бол хэмээн итгэл дэвсэж байгаа нь лавтай. Цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Мэдээж миний дараагийн зорилго бол Риогийн паралимпод оролцож, амжилт гаргахыг хүсэж байна. Ирэх онд олимпийн эрх олгох гурван том тэмцээн болно. Тэр тэмцээнүүдэд амжилттай оролцож юун түрүүнд олимпийн эрх авах нь чухал байна. Надад мэх, бяр нөөц бололцоо бүгд бий. Харин одоогийнхоосоо илүү хурд, тэсрэлттэй л болох хэрэгтэй байна. Хэдийгээр миний нас гуч гарч яваа ч гэлээ цаашид амжилт гаргахад огт оройтоогүй. Азийн наадамд түрүүлснээр миний өөртөө итгэх итгэл улам нэмэгдсэн. Энэ бол миний цаашид гаргах амжилтын зөвхөн эхлэл. Танай сониноор уламжлаад жүдогоор анх хичээллэж эхэлснээс өдийг хүртэл надтай үргэлж хамт байж тусалж дэмсээр ирсэн паралимпийн хороо, баг тамирчид, аав ээж, гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлье.

Ярилцсанд баярлалаа. Азийн наадамд гаргасан таны энэ амжилт булган сүүлтэй байх болтугай.

Б.БУЯНДАЛАЙ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.234.242 үнэхээр мундаг эмэгтэй юм ааа амжилт хүсэе
202.179.0.238 Amjilt Az jargal xysie
202.179.0.238 Amjilt Az jargal xysie
182.160.37.16 Баяр хүргье.Мундаг эмэгтэй ивээн тэтгээрэй эрхэм баячуудаа авгай хүүхэндээ брэнд гутад хувцас авч байхаар ийм зорилготой зүтгэлтэй хүмүүст өгсөн мөнгө хэд нугараад та бүхэнд очих болно.
203.91.113.10 Их зоригтой бас чадвартай хүн байна. Хараа муутай, эмэгтэй атлаа бараг ганцаараа байшин барих зорилго тавьж чадаад бүр хэрэгжүүлчихсэн бололтой. Бөхөд байтугай, бизнест үлгэр жишээ болох эмэгтэй юм байна. Ийм эрч хүчтэй хүмүүсийг спортынхон дэмжвэл Монголын маань нэр гарна даа. Бизнесменүүд маань ийм сайхан зорилготой тамирчныг олж дэмжээсэй. Алтанцэцэгтээ сайн сайхныг хүсъе. Олимпийн эрх аваарай, бүр Олимпийн аварга болоорой!