NBA-ГИЙН 69 ДЭХ УЛИРАЛ ЭХЭЛЛЭЭ

2014 оны 10 сарын 30

Сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг NBA-гийн нэгэн шинэ улирал өчигдөр эхэллээ. Энэ зун цөөнгүй супер оддын хэмжээнд үнэлэгдэх тоглогч “бууриа сэлгэсэн” нь улирлыг улам сонирхолтой болгож байна. Тухайлбал аваргын бөгжний төлөө 2010 онд “Майами Хит”- д очсон Леброн зорьсон хэргээ бүтээгээд хуучин “Кливленд Кавальерс” багтаа эргэн ирсэн. Гэхдээ “Хаан” ганцаараа ирээгүй. Тэрбээр “Миннесота”-гоос “дабль даблийн машин” Кевин Лавыг урвуулж, “Морин цэргүүд” “их гурвал”- тай болсон. Мөн дуулгах таатай мэдээ нь хүнд бэртлийн улмаас сүүлийн хоёр улирал бараг тоглолт хийгээгүй Деррик Рөүз бүрэн эдгэрсэн нь олон хүнийг баярлуулсан явдал байлаа. “Лос Анжелес Лейкерс”-ын “ахмад” Коби Брайант ч гэсэн гэмтлээ 100 хувь эмчлүүлж чадсан. Харин улирлын өмнөх тоглолтын үеэр баруун хөлөндөө гэмтэл авсан “Аянга”-уудын ахлагч Кевин Дюрант, сагсан бөмбөгийн дэлхийн аваргын өмнө хөлөө хугалсан “Индиана Пейсерс”-ын супер од Пол Жорж нар NBA-гийн улирлыг зурагтаар үзэж эхлүүлсэн нь таагүй мэдээ байлаа. Дюрантын хувьд 12 дугаар сар гараад талбайдаа эргэн ирэх бол Жоржын гэмтэл мөд эдгэхгүй сурагтай. Нээлтийн өдөр “Сан Антонио Спэрс”-“Даллас Маварикс” “Нью Орлеанс Пеликанс”-“Орландо Мэжик”, “Лос Анжелес Лейкерс”- “Хьюстон Рокетс” гэсэн багууд учраа таарч өрсөлдөв.

Өнгөрсөн улирлын аварга “Сан Антонио” талбайдаа бүсийн хүчирхэг баг “Даллас”-ыг хүлээн авсан тулаан олны анхаарлыг аргагүй татаж байлаа. Энэ хоёр баг өнгөрсөн плей-оффын эхний даваанд тулахад долоон тоглолтод “Сан Антонио” арайхийж хожсон. Гэхдээ тэдэнтэй “Даллас”-аас өөр хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн баг хасагдах шатанд гараагүй юм. “Спэрс” энэ зун уламжлал ёсоор солилцоо наймаанаас хөндий байсан бол “Даллас” Тайсон Чандлерыг буцаан авчирж, өсөх ирээдүйтэй залуу тоглогч Чандлер Парсонсыг “Хьюстон”-оос урвуулж дөнгөсөн. Энэ өдрийн тоглолтод “Спэрс”-ээс финалын үнэ цэнэтэй тоглогч Кавай Леонард нүдэндээ бага зэргийн бэртэлтэй байгаа тул талбайд гарсангүй. Мөн шилдэг төв Тиаго Сплиттер булчиндаа гэмтэл аваад байгаа юм. Гарааны холбогчийн байрлал нь асуудалтай гэгдэж байсан “Даллас” Жамир Нелсоныг Новицки, Чандлер, Парсонс, Эллис нарын хамт талбайд гаргажээ. Тоглолтын эхний оноог Тони Паркер дундын зайн шидэлтээрээ авсан юм. Улмаар нэгдүгээр үед аль багууд тэнцүүхэн тоглож, 26:24-өөр “Спэрс” давамгайлав.

Харин хоёрдугаар үед Монта Эллисийн гайхалтай тоглолтын ачаар “Даллас” найман оноогоор тэргүүлж, эхний хагасыг дуусгасан. Гэхдээ гуравдугаар үеэс “Спэрс” сэргэж эхлэсэн ч тоглолтын цаг дуусахаас өмнө зочид тоог тэнцүүлэн, улмаар илүү гарлаа. Цаг дуусахаас 30 секундын өмнө “Маварикс” 100:98- аар тэргүүлж байсан ч Паркер алсын зайн шидэлтээ цагаригт хийчихэв. Тоглолтын цаг дуусахтай зэрэгцэн Чандлор Парсонс холын зайн шидэлт хийсэн ч оновчтой болсонгүй. Ийнхүү “Спэрс” 101:100-гаар хүчтэй өрсөлдөгчөө буулган авч улирлыг ялалтаар эхл үүлсэн. Тус тоглолтод Тони Паркер 23 оноо авч багаа манлайлав. Түүнд сэлгээнээс Ману Жинобили 20 оноогоор сайн тусалжээ. Харин NBA-гийн шилдэг хүчний довтлогч Тим Данкан 14 оноо, 13 самбараас бөмбөг авч давгүй тоглолт үзүүллээ. Эсрэг багаас М.Эллис 26 оноо авсан бол Новицки 18, Д.Харрис 17 оноог тус тус авав. Мөн “Нью Орлеанс” өөрийн талбайдаа “Орландо”-г хүлээн авч 101:84-өөр буулган авлаа. “Пеликанс”-ын лидер Энтони Дэвис шилдэг тоглолтоо үзүүлж, 26 оноо, 17 самбар авсан бол Р.Андерсон 22 оноо, есөн самбар, О.Ашик 14 оноо, 17 самбар, Т.Эванс 12 оноо, есөн самбараар түүнд тусалжээ. Дэвис 21 насандаа ийм үзүүлэлттэй тоглосон гурав дахь тоглогч болжээ. Агуу Шакил О”Нил, алдарт Тим Данкан нар ийм статистикийг нэг тоглолтод гүйцэтгэж байсан юм. Эл тоглолтод өнгөрсөн улиралд бэртэлтэй байсан Жури Холидей гараанд гарсан байна.

Харин “Орландо”-гоос залуу тоглогч Т.Харрис 25 оноо түүжээ. Улирлын өмнө гэрээгээ сунгасан төвийн тоглогч Н.Вучевич 15 оноо, 23 самбар авсан ч баг нь хожиход хангалтгүй байв. NBA-гийн “шинэ цэрэг” Аарон Гордон сэлгээнээс тоглолтод оролцож, 11 оноо авч гараагаа давгүй эхлүүлсэн. Түүнчлэн бэртэлээс эргэн ирсэн Коби Брайант тэргүүтэй “Лос Анжелес” гэртээ “Хьюстон Рокетс”-той туллаа. “Хьюстон” энэ зун онцын солилцоо хийгээгүй. Гагцхүү Парсонсыг явуулсан нь алдаа байсан гэж үзэх хүн олон бий. Харин “Лейкерс” Стив Нэшийг бүтэн улирлын турш бэртэлд алдсан. Гэхдээ тэд По Газолийг явуулж, Карлос Буузер, Жереми Линийг авч чадсан билээ. Тоглолтын эхнээс “Хьюстон” давамгайлсан бөгөөд “Коби ба түүний нөхөд” Ховард, Хардены эсрэг юу ч хийж чадсангүй. Эл өдөр “Лейкерс”-ын довтолгоо учраа олохгүй байсан. Харин эсрэгээрээ “Пуужингуудын” холын зайн шидэлтүүд тун мэргэн байв. Улмаар тэд эцсийн мөчид 108:90- ээр өсрөлдөгчөө буулган авч шинэ улирлыг ялалтаар эхлүүлсэн юм. “Хьюстон”-ы авсан 108 онооны 36 нь алсын шидэлтийнх байжээ. Тэд самбарын тулаанд илт илүүрхэж 47 удаа самбараас бөмбөг авчээ. Коби Брайант 29 минутыг талбайд өнгөрүүлж, 19 оноо авч хөгжөөн дэмжигчдээ баясгав. Харин “Рокетс”-оос Жеймс Харден 32 оноо түүж, галзуурсан байна.

Мөн Д.Ховард 13 оноо, 11 самбар авлаа. Тоглолтын дөрөвдүгээр үед “Лейкерс”-ын Жалиус Рандле хөлөө гэмтээж талбайг орхисон нь харамсалтай явдал болов. 2014-2015 оны улиралд NBA-гийн 30 багт өөр улсын 101 тамирчин тоглож байгаа нь бүх цагийн дээд амжилт боллоо. Хамгийн олон гадаад тоглогчтой (9 тоглогч) багаар “Сан Антонио Спэрс” тодорсон. Мөн “Миннесота Тимберволвес”, “Бруклин Нетс” багууд тус бүр зургаан гадаад тоглогчтой юм. Харин улсаар нь авч үзвэл Канад улсаас 12 тоглогч, Франц улсаас 10 тоглогч, Бразил, Австрали улсаас тус бүр долоон төлөөлөгч, Испани улсаас таван сагсан бөмбөгч байна. Улирлын тоглолт 2015 оны дөрөвдүгээр сарын 15-нд дуусч, үүнээс гурав хоногийн дараа плей-офф эхлэх юм. Харин Бүх оддын тоглолт хоёрдугаар сарын 15-нд Нью Йорк хотын “Мэдисон Сквер гарден” ордонд болно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД