СУПЕР ЛИГТ NBA-ГИЙН ТОГЛОГЧ ТОГЛОНО

2014 оны 10 сарын 30

Үндэсний супер лигийн шинэ улирал ирэх сард эхлэх гэж буйтай холбогдуулан МҮСБХ-ноос өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал болон үндэсний супер лигт тоглохоор манай улсад ирээд буй легионер тоглогчдын төлөөлөл болох Жонатан Блэйк, Терренсе Гэмбле, Габе Мотон нар оролцлоо. Хурлыг нээж ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга “Инчён-2014” Азийн наадамд манай эрэгтэй, эмэгтэй сагсчид шилдэг аравт багтсан сайхан амжилт гаргаад ирлээ. Энэ амжилт бол үе үеийн ахмад тамирчид, спортын холбоодын удирдлагуудын хөдөлмөрийн үр дүн. Бүгдэнд нь баяр хүргэе.

Тэмцээний үеэр Солонгосын багийн дасгалжуулагч бидэнд “Монголын сагсанбөмбөг яаж ингэж хурдан хөгжиж чадав аа. Жилийн өмнө жар гаруй оноогоор хожигдож байсан баг энэ жил үнэхээр өөр тоглолттой болжээ. Танай супер лигийн тоглолтыг үзэж сонирхоно” гэж хэлсэн. Энэ нь манай тамирчдын ур чадвар хэр хурдан хөгжиж буйг илтгэж байгаа болов уу гэж бодож байна. Үндэсний супер лигийн шинэ улирал тун удахгүй эхлэх гэж байна. Одоогоор эрэгтэй найман баг, эмэгтэй зургаан баг оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Бид бүхэн ямар ч баг, тамирчдыг хасаагүй. Бүх багууд оролцох боломжтой. Энэ жилийн лигт хамгийн багадаа 20-30 легионер тоглогч ирж тоглохоор болсон. Тоглолт долоо хоногт гурав юм уу дөрвөн өдөр явагдана.

Өндөр зэрэглэлийн тамирчид үндэсний супер лигт ирж тоглосноороо манай тамирчидын ур чадвар улам сайжирч байгаа. Азийн оюутны аваргад оролцох оюутны шигшээ багийн тамирчид маргааш Тайванийг зорино. Залуучуудын шигшээ багийнхны бэлтгэлийг манай гурван легионер базаалцаж, чамгүй их зүйлийг зааж өгсөн” гэлээ. Харин хоёр холбоог нэгдэхгүй бол олон улсын уралдаан тэмцээнд оролцуулахгүй гэх асуудал гарсан. Үүн дээр та ямар бодолтой байна вэ хэмээх сэтгүүлчийн асуултад тэрбээр “Энэ талаар манай холбоонд албан ёсоор ирсэн мэдээлэл одоогоор ирээгүй” хэмээлээ. Хурлын үеэр легионер тоглогчид үндэсний супер лигт тоглохоор ирээд буй сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Жонатан Блэйк: Монголын лигт тоглохоор ирсэндээ маш их баяртай байна. Монголчууд үнэхээр нөхөрсөг, тусархаг хүмүүс юм шиг санагдлаа. Сагсанбөмбөгийн спорт сайн хөгжиж байна.

Габе Мотон: Монгол тоглогчид үнэхээр дайчин тоглодог юм байна. Энэ нь хамгаалалт, довтолгоо гээд бүхий л зүйлүүдээс анзаарагдаж байгаа. Би Флоридагаас ирсэн учраас цаг уурын хувьд нилээн хүйтэн байна.

Терренсе Гэмбле: Юун түрүүнд Улаанбаатар хотод төрсөн өдрийн мэнд хүргэе. Би Монголд ирсэндээ сэтгэл хангалуун байна. Монгол тоглогчид Г.Мотоны хэлсэнчлэн үнэхээр дайчин, тэмүүлэлтэй тоглодог. Өдөр бүр шинэ, шинэлэг зүйлийг сурахыг хичээдэг. Өмнөх өдөр нь зааж өгчихөөд маргааш нь ирэхэд аль хэдийн сурчихсан байдаг. Үнэхээр авьяастай.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД