НАМАА БУУДАХ УУ, УЛС ТӨРӨӨС АРЧИГДАХ УУ

2014 оны 10 сарын 30

Шинэчлэлийн Засгийн газрын, Ардчилсан намын хувьд эмзэг өдрүүд үргэлжилж байна. Н.Алтанхуягийг огцруулах тухай МАН-ын 26 болон МАХН-ын Л.Цог, АН-ын Ж.Батзандан нарын өргөн барьсан тогтоолын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор өчигдөр хэлэлцэх байв. Гэвч хуралдаан болсонгүй. Юу болоод өнгөрснийг Байнгын хорооны дарга нь ч “ойлгоогүй” гэнэ. Гишүүд танхимд цуглаагүй, хуралдаан эхлээгүй. Зүгээр л хурал хойшилсон тухай мессеж гишүүдэд очсон гэх. АН-ын нэгэн гишүүн “Манай нам тав хоногийн завсарлага авсан” гэсэн мэдээлэл өглөө. АН-ын энэ алхам ойлгомжтой юм. Тус намын удирдлагууд Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан, шууд зарлаагүй ч товчлуур дарахаар зэхэж буй нөхдүүдтэйгээ тулж ажиллаж дуусаагүй аж.АН дотроос Ерөнхий сайдыг огцруулахаар 15 гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Тэгвэл тэдний олонх нь “Би гарын үсэг зураагүй” хэмээн үгүйсгэсэн. Энэ бол АН-ын удирдлагын “ухуулга” үр дүнд хүрсэн гэсэн үг. Харин үүнд автахгүй, “шийдчихсэн” хэдэн нөхөр байгаа нь байдлыг эвгүйдүүлжээ.

З.ЭНХБОЛДЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

“Ерөнхий сайдыг огцруулах товчлуур дарна гэдэг нь АН-ыг буудахтай адил” гэж УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат нь мэдэгдсэн. Тэгэхээр З.Энхболд тэргүүтэй “Шонхор” фракцынхан намаа буудах сонголт хийх гэж буй бололтой. УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ руу айлчлал хийхээр мордсон атал төл өвлөсөн хугацаанаасаа өмнө, уржигдар орой хүрээд ирсэн. Эзгүй үед нь улс төр өрнөчих гээд, төлөвлөгөө нь нурчих гээд байсан бололтой. З.Энхболдын амбийц олон жилийн өмнөөс эхтэй. Намын даргын төлөөх марафонд өрсөлдөж, Ерөнхий сайдын суудал руу тэмүүлдгээ ч нуудаггүй. Өнгөрсөн зун дээрх фракцынхан Буйр нуурын эрэг дээр хуралдахдаа шинэ Засгийн газрын бүрэлдэх үүнээ бараг тодруулчихсан гэдэг. Гагцхүү түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй байсан учраас эгнээгээ тэлж, “МоАХ”-аас Д.Ганбат, Зүүн хойд Азиас Л.Болд, МҮАН-аас Д.Батцогтыг элсүүллээ. Одоо “Шонхор” УИХ-д 10 гишүүнтэй. Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан 28 хүн дээр тэднийг нэмбэл 38 болно. Дээрээс нь М.Зоригт, Х.Баттулга, Р.Бурмаа гурав балиашиглана. Тэд Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байгаа юм. Ингээд л Н.Алтанхуягийг унагах санал элбэг хүрэлцэх нөхцөл бүрдчихжээ. Үүний дараа З.Энхболд хамтрагчаараа МАН-ыг сонгох магадлал хамгийн өндөр. Буйр нуурын эрэгт болсон хуралд нь МАН-ын зарим гишүүн оролцсон тухай мэдээлэл ч гарсан юмдаг. Засгийн газарт орохоор зүүдэлж буй МАН-ын зарим гишүүний амбийцийг “Шонхор”- ынхон ингэж биелүүлнэ. Гэтэл хүрээнээс шахагдаж үлдэх Н.Энхбаярын цэргүүд зүгээр суух болов уу. Тун удахгүй З.Энхболд өөрийг нь огцруулах бичиг хүлээн авах вий.

Н.АЛТАНХУЯГ БИШ, НАМ НЬ ЧУХАЛ БАЙМААР

Үнэндээ Н.Алтанхуягийг огцруулах уу, үгүй юү гэдэг нь асуудлын гол биш. Түүнийг сольчихож болно. Гэтэл шинэ Ерөнхий сайд томилж, нөгөөх нь багаа бүрдүүлэхэд бас багагүй хугацаа орно. Тэр зуур улсын төсөв батлах ажил хүссэн хүсээгүй хойш тавигдана. Улсын төсөв батлаагүй байхад доод шатны байгууллагуудын ажил өрнөх тухай ярих ч хэцүү. Угаас долоон сайд чөлөөлснөөс хойш яамдад ажил шат шатандаа гацаанд орсон. Түүхэндээ анх удаа Сангийн сайдгүйгээр төсөв хэлэлцэж, “гиннес”-т орох шахаад байгаа улс. Тогтворгүй байдал улс оронд сайн зүйл дагуулж байгаагүй. Томоор харах юм бол ийм сөрөг дагавартай. Арай явцуу утгаар харвал “Шонхор”- ынхны ийм алхам Ардчилсан намыг улс төрөөс чөлөө хүсэхэд хүргэнэ. З.Энхболдын сонгосон хамтрагч нь бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө АН тэднийг хаяад Засгаас гарсан шиг үйлдэл хийвэл яах вэ. Тэгдэггүй юм гэхэд МАХН-ынхан З.Энхболдыг зүгээр суулгахгүй. Засгийн газрууд хэдэн сарын зайтай солигдож, улс орон зутарсан явдал давтагдах вий гэсэн хар төрөөд байна. Ингэвэл АН ял хүлээж, 2016 оны сонгуулиар “хусагдана”. Ийм хариуцлагагүй намыг дахин сонгох тэнэг сонгогч байхгүй.

1998 онд Ц.Элбэгдоржийн танхимыг намынх нь 13 гишүүн сөрөг хүчинтэй хамтарч огцруулсан явдлыг сүүлийн өдрүүдэд хэвлэлээр зүгээр ч нэг сануулаагүй байх. 2000 онд АН УИХ-д ганцхан суудал авсан. Дахин эрх барихын тулд тус намд 12 жил шаардагдсан юм. Энэ жишгээр бол АН 2024 он хүртэл өндийхгүй нь. Тэр үед одоогийн амбийцтай, жижиг эрх ашиг хөөцөлдсөн улстөрчдийн үе хэдийнэ дуусаж, залууст халаагаа өгөх болсон байх биз. Эндээс зөвхөн МАН, бас МАХН хожно. Ийм сонголт АН-ын гишүүдэд таалагдахгүй нь мэдээж. Үүнийг ойлгосон учраас Ерөнхий сайдыг огцруулах бодлоо цөөнгүй гишүүн өөрчилсөн болов уу. Юутай ч АН-ынхан фракц хоорондын яриа, тохиролцоогоо үргэлжлүүлж байна, Засгийн газраа аварч үлдэхээр хичээж байна. Харин З.Энхболдын цэргүүд ямар сонголт хийх бол. Намаа буудах уу, сайд болох мөрөөдлөө биелүүлээд улс төрөөс арчигдах уу.

С.ТУУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
203.194.114.19 алтанхуягийг огцруулах нь зөв з.энхболд нэг үзээд алдахад яахав
203.194.114.19 хол очиж хуц хонхорт очиж баа
  • 2014 оны 10 сарын 31
203.194.114.19 зөв зөв
  • 2014 оны 10 сарын 30
202.126.91.104 uls chuhal AN gejdee
202.131.235.74 Shonhoryyd tylaand yalna gedeeg
202.131.235.74 z.enhbold ovoo tolgoi doo...
112.72.13.100 Erh medliin toloo vhehnee Enhbold sda
202.179.20.171 НАМ ЧУХАЛ АА