Хөгжлийн банк нийслэлд 1 их наяд гаруй төгрөгийн санхүүжилт хийжээ

2014 оны 10 сарын 29

Засгийн Газрын 11-11 төвийн цахим уулзалтад  Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат оролцож, иргэдийн асуултад хариуллаа. Энэ удаагийн  ярилцлага Нийслэлийн 375 жилийн ой тохиолдож байгаатай холбогдуулан Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлуудын явцын талаар   өрнөлөө.  Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсанаасаа хойш бүтээн байгуулалт болон бусад төсөл хөтөлбөрийн санхүүжилтэд зориулан 3 их наяд төгрөг гаргажээ. Үүний гуравны нэг хувь буюу 1,1 их наяд төгрөгийн санхүүжилтийг нийслэл хотод хийсэн байна. Улаанбаатар хотын хүн ам сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч, хот өргөжиж байгаа ч дэд бүтцийг сайжруулах дорвитой ажил хийгээгүй ирсэн гэж Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал хэллээ. Тус банкнаас нийслэлийн  авто замыг сайжруулах төсөлд зориулан 92,9 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ. “Гудамж” төслийн хүрээнд Улаанбаатар хотын 33 уулзварыг шинэчлэх ажлыг 81,9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлснээр тус төслийн нийгэм, эдийн засгийн шууд бус үр өгөөж нь жилийн 20 тэрбум төгрөг болно гэж тооцоолж байна. 

Инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний төслүүдийг 202,3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсний үр дүнд нийслэлийн 7 байршил, дахин төлөвлөлтийн 8 бүсэд орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих боломжтой боллоо. Дулааны III цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөлийг 35 сая ам.доллараар санхүүжүүлж ашиглалтад оруулснаар 1 Квт цахилгаан үйлдвэрлэх өртөг 74 төгрөгөөс 36 болж буурлаа. Дулааны IV цахилгаан станцын 100 МВт-ын өргөтгөлийн ажлыг 57,3 сая ам.доллараар санхүүжүүлснээр тус өргөтгөл дотоодын эрчим хүчний хэрэглээний 10 хувийг дангаар хангана. Амгалангийн 348 МВт-ын дулааны станцын санхүүжилтэд зориулан 25 сая ам. доллар гаргаснаар хотын зүүн бүсийн хэрэглэгчид  дулааны найдвартай эх үүсвэртэй боллоо.  Улаанбаатар хотын цахилгаан станцууд болон гэр хорооллын оршин суугчдыг нүүрсээр хангадаг гол эх үүсвэр болох Багануурын уурхайн хүчин чадлыг өргөтгөх төслийг 16,2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлснээр нүүрс бутлах, ачих хүчин чадал жилд 4,5 сая тонноор нэмэгдэж,  нүүрс олборлолт 10 хувиар, хөрс хуулалт11 хувиар өснө гэж тооцоолж байна гэж Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат хэллээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД