Туркийн Шадар сайдад ”Найрамдал” медаль гардуулав

2014 оны 10 сарын 29

Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан БНТУ-ын Шадар сайд Бүлент Арынчийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнасныг гардуулах ёслол 2014 оны 10 дугаар сарын 28-нд Анкара дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд болов.  Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг уг шагналыг гардуулж хэлсэн үгэндээ Туркийн улс төрийн томоохон зүтгэлтэн, ноён Бүлент Арынч Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Туркийн хэсгийн даргын үүргийг идэвх санаачлагатай гүйцэтгэн тус хорооны хуралдаануудыг Анкара, Улаанбаатар хотуудад удаа дараа зохион байгуулж, Туркээс Монголд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр улсын хоорондын худалдааг өргөтгөхөд их хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэв. 

БНТУ-ын Шадар сайд Бүлент Арынч хоёр улсын уламжлалт найрамдал, найрсаг харилцааны бэлэг тэмдэг болсон “Найрамдал” медалиар шагнасанд талархлаа  илэрхийлээд цаашид уг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэх нөөц, бололцоо их байгааг онцлов.  Шадар сайд Бүлент Арынч 2002 оноос хойш тасралтгүй эрх барьж байгаа Туркийн Шударга ёс, хөгжлийн намыг Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан, Ерөнхийлөгч асан А.Гүл нарын хамт үндэслэн байгуулсан бөгөөд 2002-2007 онд тус улсын Үндэсний Их Хурлын даргаар ажиллаж байсан нэр хүндтэй улс төрч юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД