Дөрвөн таамаглалаас хоёр нь магадлалтай гэж үзжээ

2014 оны 10 сарын 29

Энэ оны долдугаар сарын 17-нд Украины Донецк орчимд сүйрсэн “Боинг” онгоцтой холбоотой хэргийг мөрдөн шалгаад “газарагаар” ангиллын пуужингаар харвасан, эсвэл өөр онгоцноос буудсан гэсэн хоёр таамаг дэвш үүлсэн байна. Мөрдөн шалгах ажлыг зохицуулж буй Голландын прокурор Фред Вестербеке сурвалжлагчтай ярилцахдаа ийн хэлжээ. Түүний хэлснээс үзвэл “золгүй тохиолдол, алан хядах ажиллагаа, “газарагаар” ангиллын пуужингаар харвасан, өөр онгоцноос буудсан” гэсэн дөрвөн таамаг эхлээд байсан аж. “Олдсон мэдээллээс дүгнэхэд пуужингаар харвасан байх магадлал илүүтэй байна. Гэхдээ өөр юм байхыг ч үгүйсгэхгүй” гэж тэрбээр ярьжээ.

Малайзын “Боинг”-оос холгүй зайд өөр онгоц байсан байж магадгүй гэж үзэх нь бодит байдалд нийцэхгүй байгаа ч энэхүү таамгийг нотлох нэмэлт мэдээлэл Оросын талд байж болзошгүй аж. Энэ нь радарын мэдээлэл бөгөөд МН17-гийн ойролцоо Украины цэргийн онгоц байсан гэж Орос үзэж үүнийгээ нотлох хүсэлтэй гэдгээ Вестербеке хэлсэн байна. Малайзын агаарын тээврийн “Боинг-777” онгоц сүйрэх тэр агшинд тэнд Украины цэргийн “Су-25” онгоц байсан гэж ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын Шуурхай удирдлагын ерөнхий газрын дарга, дэслэгч генерал Андрей Картаполов долдугаар сарын 21-нд мэдэгдэж байсан юм. Түүний үгээр бол хоёр онгоцны хоорондын зай 3-4 км-ээс хэтрэхгүй байсан гэнэ.