Н.БАЯРДЭЛГЭР: ГЕРМАН ДАХЬ МОНГОЛЧУУДЫН БЭЛГИЙГ ДАМЖУУЛАХААР ИРЛЭЭ

2014 оны 10 сарын 29

  Германы Штутгарт хотын эмнэлгийн Дүрс оношилгооны тасагт монгол эмч ажилладаг аж. Түүнийг Баярдэлгэрийн Нямдаваа гэдэг. 10 гаруй жил Герман улсад сурч, ажиллаж өдгөө Европт хүлээн зөвшөөрөгдсөн эмч болсон түүнтэй ярилцлаа. Саяхан тэрбээр хэвтрийн өвчтөнд зориулсан эмнэлгийн тусгай орнуудыг ГССҮТ, II амаржих газар, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Налайх дүүргийн эмнэлэгт бэлэглэхээр эх орондоо ирсэн юм.

-Та хэзээ Германд очсон бэ?

-Би 1998 онд Анагаах ухааны дээд сургууль төгсөөд хоёр жил мэргэжлээрээ ажиллаад Герман руу явсан. Тэнд мэргэжил дээшлүүлэх зорилготой байсан ч тэр бүхэн хялбар бүтээгүй. Ингээд Мартин Лютерийн их сургуульд сурч, 2008 онд төгссөнөөсөө хойш Штутгарт хотын эмнэлгийн Дүрс оношилгооны тасагт ажиллах болсон. Европт хүлээн зөвшөөрөгдсөн дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч болон ажиллаж байна.

-Европт энэ чиглэлээр ажиллаж байгаа анхны монгол эмч гэж ойлгож болох уу?

-Ер нь ховор. Социализмын үед манай улс Зүүн Германтай харилцаа сайтай байсан учраас тэр үед энд суралцаж, ерөнхий эмчээр ажиллаж байгаа хүн ч байна. Мэдрэлийн мэс засалч ч бий. Нэг үе энэ уламжлал тасраад, 2000 оноос хойш залуу эмч нар хувийн зардлаараа суралцаж, төгсөөд эндээ ажиллаж байгаа нь бий.

-Германы их сургуулиуд төлбөртэй болчихсон гэл үү?

-Гэхдээ төлбөр нь хямд шүү дээ. Нэг улирлын төлбөр нь 500 евро. Бусад улсын сургууль түүнээс өндөр төлбөртэй байдаг.

-Эрдмийн зэрэг горилж хамгаалсан уу?

-Сурч байхад докторын зэрэг хамгаалах боломж байсан. Сэдэв авч, нэг профессор даган эрдмийн зэрэг хамгаалах гэж байтал профессор маань өөр хот руу шилжсэн учраас орхисон. Би одоо эмчилгээ, оношилгооны чиглэлээр дагнан ажиллаж байгаа. Хойшдоо эх орондоо ирээд судалгааны ажил хийж, эрдмийн зэрэг хамгаалж болно байх аа.

-Таныг эмнэлгүүдэд тусгай ор бэлэглэхээр ирсэн гэж дуулсан.

-Манай эмнэлэг бүтцийн өөрчлөлт хийгээд орнуудаа өөрчилсөн юм. Хуучин хэдий ч Монголд байгаа зарим эмнэлгийн орноос хамаагүй илүү. Хөл гишгүүрийн тусламжтайгаар орны толгой, хөлний хэсгийг дээш нь өргөж, буулгаж болдог. Хэвтрийн өвчтэй болон хагалгаа хийлгэсэн хүмүүст илүү тохиромжтой. Эдгээр орыг зүгээр л хаяна гэхээр хайран санагдсан учраас “Монголын академичдын холбоо”- ны тэргүүн Гүнцэцэгтэй ярилцаж 40 тн-ын чингэлэг авч, ачаад авчирлаа. Наашаа явуулах зардлыг холбоо болон хувиасаа, хүмүүсийн дэмжлэгтэйгээр цуглуулж бүрдүүлсэн.

-Хэдэн төгрөгийн зардлаар ачуулж авчирдаг юм бол?

-Ачуулах зардал 13 мянган евро болсон. Монголд авчрахад “Герман Монгол гүүр” ТББ хүлээн авах ёстой байсан ч, чирэгдэл учраад би ажлаасаа цалингүй чөлөө авч, ирээд байгаа юм.

-Гааль дээр удсан гэл үү?

-Харин тийм. Хүмүүнлэгийн тусламжаар ирж байгаа зүйлсийг гаалийн болон НӨАТаас чөлөөлөх хуультай юм байна. Гэсэн ч хөөцөлдөөд авах гэтэл тийм амар бүтээгүй. Бүх яам, тамгын газрыг дамжин явж байж л авлаа. Хүнд суртал гэдгийг бүрэн утгаар нь мэдэрлээ. Уг нь эх орондоо зориулаад хандиваар авчирч байгаа зүйлсийг зохион байгуулалттайгаар хүлээж аваад, хэрэгтэй газарт нь хүргэчихвэл хэн хэндээ тустай. Гэтэл намайг ашиг харсан нэгэн гэж эндүүрэх жишээтэй.

-ГССҮТ-д орнуудаа хүлээлгээд өгчихсөн үү?

-ГССҮТ-д энэ ор хамгийн их хэрэгтэй. Орнуудаа хүлээлгэж өгсөн. Бас II төрөх эмнэлэг, Налайх дүүргийн эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэгт өгчихөөд байгаа. Уг нь Баян-Өлгий аймгийн эмнэлэгт өгөх санаатай. Биднийг дэмжиж тусалсан байгууллагууд ч гэсэн алслагдсан эмнэлг үүдэд хүргээрэй гэж захисан юм. Би өөрөө Налайхын хүүхэд. Миний аав Налайхын эмнэлэгт насаараа ажилласан хүүхдийн эмч.

-Таны амьдарч байгаа хотод монголчууд хэр олон бэ?

-Албан тоогоор Германд 3000 гаруй монгол хүн бий гэдэг ч түүнээс хавьгүй олон байгаа. Манай хотод 500 гаруй монголчууд бий. Штутгартад машин механизмын их сургууль байдаг учраас сургуультай ажиллаж байгаа монголчууд ч олон. Бид байнгын холбоо харилцаатай байдаг. Хүүхдүүд маань долоон хоногийн таван өдөр Герман сургуульд, бямба гаригт гурван цагаар монгол сургуульдаа сурдаг. “Солонго” гэдэг монгол сургуульд бага, дунд, ахлах ангид 20 гаруй монгол хүүхэд сурдаг. Саяхан “Цахим өртөө” ТББ-аас зохион байгуулсан “Бүтээлч хамтын ажиллагаа” уулзалтад бид “Солонго” сургуулиа төлөөлөн оролцсон.

-Гадаадад байгаа монголчууд маань үргэлж эх орныхоо төлөө сэтгэл зовниж, боломжтой бүхнээрээ туслахыг хичээдэг нь сайхан санагддаг юм.

-Хүн гадагшаа явахаараа илүү үндсэрхэг, эх оронч болдог мэт санагддаг. Эх орныхоо хөгжилд чадах чинээгээрээ хувь нэмэр оруулахыг хүн бүр л хүсдэг. “Бүтээлч хамтын ажиллагаа” уулзалтад Штутгартын монголчууд нэгэн төсөл боловсруулан оролцож, танилцуулсан. Улаанбаатар хотын агаарын бохирдлын багагүй хэсгийг автомашины утаа бүрдүүлдэг. Мөн бөглөрөл их байна. Автомашины дугаараар хязгаарлах нь оновчтой шийдвэр биш. Европт тухайн машиныг оношлоод, ялгаруулж байгаа утааных нь хэмжээгээр зэрэглэл тогтоож, явах бүсийг нь зааж өгдөг. Улаан, ногоон гэх мэтээр ялгаатай тэмдэг өгч, түүнийг нь камерын тусламжтайгаар хянадаг. Энэ туршлагыг хэрэгжүүлэх санаачилга гаргасан юм. Төсөл маань цааш хаа хүрэхийг сайн мэдэхгүй л байна. Ингээд бүсчилж зааглаад, утаа ялгаруулалтыг хэмжихээр хүмүүс яндандаа шүүлтүүртэй болох, эсвэл илүү шинэ машинтай болох зэргээр зохицуулалт хийдэг.

-Дүрс оношилгооны чиглэлээр Монголын эмч нартай уулзаж, зөвлөж ярилцах боломж олдож байна уу?

-Саяхан нээгдсэн “Интермед” эмнэлэгтэй танилцсан. Намайг албан ёсоор урьсан юм. Энэ эмнэлэг дүрс оношилгооны маш сайн тасагтай юм билээ. Сайн ч боловсон хүчинтэй. Ирж ажиллахыг урьсан боловч одоо гэр бүлийн шалтгаанаар Монголд ирэх боломжгүй байгаа. Ирэх жилээс Монголд ирж сургалт, семинар явуулах төлөвлөгөөтэй байна. Би 1998 онд сургууль төгссөн учраас хамт сурч байсан хүмүүс маань ч байр сууриа эзэлж, Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч болчихсон байгаа.

-Одоо анагаах ухааны чиглэлээр Германд сурахаар очиж байгаа монгол оюутан хэр олон байна вэ?

-Хүүхдүүд ирсээр байгаа. Бид холбооныхоо шугамаар тэдэнд зөвлөж, тусалдаг.

-Германы эрүүл мэндийн салбарын тогтолцоо маш боловсронгуй. Монголтой харьцуулбал тэнгэр, газар шиг гэж хэлж болно. Яаж ийм түвшинд хүрэх вэ?

-Германд ажиллаж байгаа хүмүүсийн цалин өндөр байдаг. Мөн эрүүл мэндийн даатгалд цалингийнхаа 14.5 хувийг заавал төлдөг. Харин манайд хоёр хувь. Мөн жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 11-13 хувийг эрүүл мэндийн салбарт зориулж байна. Германы эрүүл мэндийн салбарт хуримтлагдсан мөнгө их байгаа учраас үйлчилгээ нь боловсронгуй, хүртээмжтэй байгаа юм. Германы хэмжээнд хүрэхийн тулд монгол хүн бүр ажилтай болж, илүү өндөр цалинтай байх ёстой.

-Эмнэлгийн салбараас гадна өөр бусад мэргэжлээр Европт хүлээн зөвшөөрөгдөн ажиллаж байгаа хүмүүс танай хотод бий юү?

-“Мерседес Бенз”-ийн үйлдвэрт ажилладаг монгол мэргэжилтэн байна. Эх орондоо ирнэ гэхээр энд машины үйлдвэр байхгүй учраас ажиллах боломжгүй. Тэнд хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн. Бас миний хоёр ч найз барилгын компанитай болж, монголчуудаа ажиллуулж байна. Амьдрал нь харьцангуй тэгширч, хувийн хаустай ч болоод амжсан. Манай эхнэр нүдний эмч. Энэ хотын хамгийн том хувийн эмнэлэгт мэргэжлээрээ ажилладаг. Мэдээж бид эндээс сурах зүйлээ сурч, мэдээд эх орондоо ажиллах болно. Германчууд харьцангуй үндсэрхэг ард түмэн боловч монголчууд гүйлгээ ухаан сайтай, аливаа зүйлийг амархан сурдаг учраас тэдний дунд хүлээн зөвшөөрөгдөн ажиллаж байна.

Ж.СОЛОНГО

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.140.118 Нямдаваа эмчид талархая.Гадаад
202.21.106.150 Хүнд суртал гэдгийг бүрэн утгаар нь мэдэрлээ.
202.21.106.150 Хүмүүнлэгийн тусламжаар ирж байгаа зүйлсийг гаалийн болон НӨАТаас чөлөөлөх хуультай юм байна. Гэсэн ч хөөцөлдөөд авах гэтэл тийм амар бүтээгүй. Бүх яам, тамгын газрыг дамжин явж байж л авлаа. Хүнд суртал гэдгийг бүрэн утгаар нь мэдэрлээ.