Д.Бат-Очир: ХасБанк Мэдээлэл Технологийн дэд бүтэцдээ бодитой хөрөнгө оруулалт хийсээр байна

2014 оны 10 сарын 28

  Ухаалаг эринд хүн төрөлхтөн хөл тавьж байна. Шилэн дансаар төсвөө хянаж, мэдээлэл технологийн хурдаар цагаа хэмнэж, үйл ажиллагаагаа хялбарчлах болсон билээ. Ганц товчлуурын ачаар гар доорх ажлынхаа талаас илүү хувийг амжуулдаг болсон таатай мэдээлэл ч бий. Наанадаж, банкинд дугаарлахаасаа илүүтэй цахим банкаар дамжуулан төлбөр тооцоогоо хийх нь элбэгшсэн. Тэгвэл энэ ажлын хүрээнд ХасБанк мэдээлэл технологийн хамгийн найдвартай дэд бүтэцтэй банк болох зорилго тавин ажиллаж байгааг дуулгахад таатай байна.  Энэ талаар ХасБанкны Ерөнхий захирал Д.Бат-Очироос зарим зүйлийг тодрууллаа. 

-Иргэдэд хэрэгцээтэй мэдээллийг цахим хэлбэрт оруулах, тэдний аюулгүй байдлыг хангах зориулалттай орчин үеийн системийг суурилуулах нь тухайн бизнесийн байгууллагуудын өрсөлдөөний нэг хэлбэр болжээ гэх дүгнэлт ажиглагддаг. Мөн харилцагчдынхаа ажлыг хөнгөвчлөх гол хөшүүрэг гэж хэлж болно. Тэгвэл ХасБанк энэ чиглэлд ямар бодлого баримтлан, хэрхэн ажиллаж байна вэ?

  -Бидний хувьд санхүүгийн байгууллагын цаашдын өрсөлдөх чадвар нь тухайн байгууллага мэдээлэл технологийн дэвшлийг найдвартай, өргөн цар хүрээтэй ашиглах дэд бүтэц, чадавхийг хэрхэн бүрдүүлснээс хамаарна гэдэг итгэлтэй байдаг. Энэ ч үзэл баримтлалынхаа хүрээнд ХасБанк нь сүүлийн жилүүдэд банкны үндсэн програм буюу систем, үйлчилгээний цахим сувгууд, тэдгээрийн аюулгүй байдал, төрөл бүрийн мэдээллийг шуурхай боловсруулах тогтолцоондоо дорвитой хөрөнгө оруулалтуудыг хийсээр байна. Эдгээр хөрөнгө оруулалтын нэг гол зорилго нь харилцагчдад үр өгөөжөө өгөх явдал байдаг. Бид ч энэ зорилгодоо тодорхой хэмжээгээр хүрч чадаж байгаадаа баяртай байна. Жишээлбэл, ХасБанк банкны салбартаа анх удаа дэлхийн мэдээлэл технологийн салбарын тэргүүлэгч Оракл компанийн бүтээгдэхүүн болох дэлхийн 100 илүү орны 300 гаруй санхүүгийн байгууллагад хэрэглэгдэж байдаг FLEXCUBE 10.2 програмыг 2010 оноос нэвтрүүлэн хэрэглэж байна. Үүний үр дүнд харилцагчид салбар дээр гүйлгээ хийхийн тулд хүлээх болон гүйлгээ хийх хугацааг буурууллаа. Салбар дээр очихгүйгээр цахим сувгууд ашиглан цаг, зардлаа хэмнэх боломжууд ч үлэмж нэмэгдэж одоогоор нийт гүйлгээний талаас илүү хувийг нь харилцагчид салбар дээр очилгүйгээр хийж байна гэсэн үр дүн гарч байна.

- Мэдээллийн технологийн дэвшил маш хурдтай явагдаж буй өнөө үед цаг үеэсээ хоцрохгүй байхын тулд аливаа санхүүгийн байгууллага байнгын судалгаа хийж, цахим дэд бүтэцдээ нэмэлт хөрөнгө оруулалт хийх шаардлага санхүүгийн байгууллагын өмнө байнга тулгарч байдаг. Энэ чиглэлээр хийж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өгөх боломжтой юу?

- Бид энэ чиглэлд нэлээд олон зүйлийг төлөвлөөд байна. Бодитой ажлаасаа дурьдвал бид өөрийн мэдээлэл технологийн дэд бүтэцдээ маш чухал хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд ойрын хугацаанд үр дүнг нь үзэхэд бэлэн боллоо. Тухайлбал, ХасБанк нь Оракл компанитай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн банкны үндсэн системээ дараагийн илүү сайжруулсан FLEXCUBE 12.0 хувилбарт хөрвүүлэхэд бэлэн болоод байна. Банкны үндсэн систем нь нэг талаас харилцагчдын өдөр тутмын төлбөр тооцоо болон данс бүртгэлийг хөтлөн явуулах бололцоог олгодог учир аль ч санхүүгийн байгууллагын програм хангамжийн системийн зүрх нь гэж тооцогддог. Нөгөө талаас илүү олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх, цахим сувгуудын нэр төрлийг нэмэх, мэдээллийн ахисан түвшний боловсруулалт хийх бололцоог олгодогоороо бизнесийг өргөжүүлэх найдвартай суурь болж өгдөг. Ийм ч учраас ХасБанк өөрийн банкны үндсэн системийнхээ шийдлийн нийлүүлэгчээр дэлхийн санхүүгийн үйлчилгээний салбарын мэдээлэл технологийн шийдлийн гол нийлүүлэгч болох Оракл компанийг урт хугацааны түншээр сонгон ажиллаж байгаа бөгөөд үндсэн системээ илүү сайжруулсан хувилбараар солиход бэлэн болоод байгаагаа харилцагчдадаа мэдэгдэхэд таатай байна.

-Системийн хувилбар ахиулснаар харилцагчдын хувьд ямар давуу тал бий болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-FLEXCUBE 12.0 хувилбарыг нэвтрүүлснээр одоогийн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ боломжийг тэлэх, шинэ үйлчилгээнүүд болон шинэ шинэ цахим сувгуудыг нэмэх, харилцагчийн болон үйл ажиллагааны бусад төрлийн мэдээллийг илүү түргэн, үр өгөөжтэй боловсруулан үйлчилгээгээ бүр оновчтой болгох, харилцагчийн мэдээллийн найдвартай байдал илүү нэмэгдэх зэрэг олон олон давуу талуудыг бий болгох үүд хаалга нээгдэх болно.

-Энэхүү системийн шинэчлэлтийг хэзээ хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Бид хувилбар ахиулах ажлыг бүтэн жил гаруйн өмнөөс төслийн баг байгуулан, Оракл компанийн мэргэжилтнүүдтэй хамтран эхлүүлсэн. Учир нь банкныхаа цаашдын өсөлт хөгжил, хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, мөн харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурлан, маш олон судалгаа шинжилгээ хийх, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ уян хатан, хурдан шуурхай байдлыг нэмэгдүүлэх, системийн найдвартай, тогтвортой ажиллагаа, харилцагчдын мэдээллийн аюулгүй байдлыг хангах, тоног төхөөрөмж, серверүүдээ шинэчлэн сайжруулах, олон төрлийн шат дараалсан туршилтуудыг хийх, ажилтнуудаа сургах гэх зэргээр маш их бэлтгэл ажил хийх шаардлагатай байдаг л даа. Олон жилийн туршлагатай, мэргэжлийн хамт олныхоо хүчээр энэ их бэлтгэл ажлын ард гараад одоо системээ хөрвүүлэхэд бэлэн болоод байна. Хөрвүүлэлтийн ажлаа бид харилцагчдадаа аль болох хүндрэл учруулахгүйгээр түргэн шуурхай хийхийг зорьж байна. Товыг нь удахгүй олон нийтэд зарлана.

-Хөрвүүлэлт хийх хугацаанд банкны үйлчилгээнд ямар нэг өөрчлөлт орох уу?

-Тиймээ. Систем хөрвүүлэх ажлыг банк даяар системээ зогсоож байгаад хийх шаардлагатай учир ХасБанкны бүх салбар, тооцооны төвүүд төдийгүй интернэт банк, мобайл банк, төлбөрийн карт зэрэг цахим үйлчилгээнүүд маань энэ хугацаанд түр зогсолт хийх буюу ажиллахгүй болно гэсэн үг. Хөрвүүлэлтийн тов тодорхой болмогц бид энэ талаар нийт харилцагч үйлчлүүлэгчид, хамтран ажилладаг байгууллагууддаа өөрийн салбарууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зэрэг бүхий л боломжтой сувгуудаар дамжуулан албан ёсоор дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санхүүгийн хэрэгцээгээ урьдчилан тооцоолж, зохицуулахыг анхааруулахын зэрэгцээ шаардлагатай зөвлөгөө мэдээллээр тухай бүр хангах болно.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД