Түлэгдсэн үед барааны саван, элсэн чихэр, гутлын тос, нохойн цус, үхрийн баас түрхэж болохгүй

2014 оны 10 сарын 28

Сүүлийн жилүүдэд хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор түлэгдэлт буурахгүй, улам нэмэгдсээр байгаа. Түүнчлэн хүйтний улирал эхлэхээр иргэд хөлдөж, осгох нь олширч, Түлэнхийн тасгийнхны ачааллыг улам нэмэгдүүлдэг. Энэ удаагийн дугаартаа түлэгдсэн үед үзүүлэх анхны тусламжийн талаар ГССҮТ-ийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Э.Галбадрахын зөвлөгөөг хүргэе.

ТҮЛЭГДЛИЙН ҮЙЛ ЯВЦЫГ ТҮРГЭН ЗОГСООХ

Түлэгдсэн үед хамгийн түрүүнд түлэгдлийн үйл явцыг зогсоох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, түлэгдсэн эх үүсвэр (халуун тогоо, хоол, цай, ус, зуух, цахилгаан)-ийг биеэс салгаж, хувцсыг нь хурдан тайлах нь чухал. Үүний дараа хамгийн багадаа 20 минут цоргоны хүйтэн урсгал усаар хөргөх, усны температур 15°С буюу 8-25 °С байна. Ингэх нь эмнэлгийн тусламж автал гурван цаг үр дүнтэй байдаг. Үлдсэн эрүүл хэсгээ хуурай, дулаан байлгах ба гипотермид (халдвар) орохоос сэргийлэх хэрэгтэй. Өвчтөний биеийн дулаан 35°С-ээс бага болчихвол хөргөхөө зогсооно. Химийн бодисонд түлэгдсэн бол эх үүсвэрийг нь мөн өвчтөнөөс салгаж, бохирдсон бүх хувцсыг устган, нунтаг бодис бол сойзоор болгоомжтой унагаах ёстой. Химийн бодисонд түлэгдсэн үед их хэмжээний ус шаарддаг. Шүршүүр хэрэглэх нь зүйтэй.

ХОРИГЛОХ ЗҮЙЛС

Мөс хэрэглэж болохгүй. Энэ нь судас нарийсах болон гипотерми үүсгэх шалтгаан болдог. Мөн шарх хүндрэх магадлалтай. Нойтон алчуураар түлэгдсэн талбайг усалж, норгох нь үр дүнтэй арга биш. Усаар хөргөхдөө тухайн түлэгдсэн хүний биеийн аль хэсэг, талбайн хэмжээ, насны ангилал маш чухал. Тэр дундаа хүүхдийн хөл, цээжин хэсэг түлэгдвэл хүйтэн усаар хөргөснөөс болоод хоолой нь өвдөх, ханиад хүрэх, хатгалгаа тусах зэрэг хүндрэл гарах эрсдэлтэй. Түлэгдсэн шарханд ямар нэгэн эмнэлгийн бус бодис хэрэглэхийг хориглоно. Үүнд барааны саван, элсэн чихэр, гутлын тос, нохойн цус, хар лак, үхрийн баас, хорын цаас гэх зэрэг. Мөн амьтны гаралтай ямар нэгэн тос, үс хэрэглэхгүй байх. Үүнд гахайн болон баавгайн тос орно.

ТҮЛЭГДСЭН ҮЕ МӨЧИЙГ ХАВАГНАХААС СЭРГИЙЛЖ, ДЭЭШ ӨРГӨН, СОЙНО

Өвчтөнийг цэвэр хуурай гадаргуу дээр байрлуулж дулаан орчинд зөөвөрлөх нь чухал. Шархыг ариутгасан самбай болон зориулалтын материалаар боож, гадаад орчноос тусгаарлах хэрэгтэй. Түлэгдсэн үе мөчийг хавагнахаас сэргийлж, дээш өргөн, сойно. Өвдөлтийг бууруулах зорилгоор ус хэрэглэж болно. Ямар замаар түлэгдсэн байх нь хамаагүй, нэн түрүүнд зүрх судас, амьсгалын үйл ажиллагааг дэмжихээс гадна өвдөлтийг түргэн намдаах нь чухал.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД