Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах баримт бичигт гарын үсэг зурав

2014 оны 10 сарын 28

Шинээр байгуулахаар төлөвлөж буй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт уг банкийг үүсгэн байгуулагч гишүүн орнуудын төлөөлөгчид 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Бээжин хотноо гарын үсэг зурав.  Гарын үсэг зурах ажиллагаанд тус банкийг үүсгэн байгуулагч гишүүн орон болох Бангладеш, Бруней, Камбож, Энэтхэг, Индонез, Казахстан, Кувейт, Лаос, Малайз, Монгол, Мьянмар, Непал, Оман, Пакистан, Филиппин, Катар, Хятад, Сингапур, Шри Ланк, Тайланд, Узбекистан, Вьетнамын төлөөлөгчид оролцов. 

Уг санамж бичигт Монгол Улсын Засгийн газрын өмнөөс Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар гарын үсэг зурав.  Гарын үсэг зурсантай холбогдуулан үүсгэн байгуулагч гишүүн 22 орны төлөөлөгчдийн тэргүүн нарыг БНХАУ-ын дарга Си Зиньпин хүлээн авч уулзав.  Энэхүү банкийг байгуулснаар Азийн хөгжиж буй улс орнуудын дэд бүтцийн салбарт шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох, хөрөнгийн зарцуулалтыг илүү үр өгөөжтэй ашиглаж цаашид улам өргөжүүлэх, Азийн орнуудаас гадагш чиглэсэн мөнгөний урсгалыг багасгах зэргээр бүс нутгийн хөгжилд чухал түлхэц өгөх нэн чухал холбогдолтой юм. 

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны төв байрыг Бээжин хотноо байгуулахаар тохиролцсон бөгөөд 2015 оны эцсээр банк үйл ажиллагаагаа бүрэн явуулж эхлэхээр төлөвлөж байгаа ажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД