ЦУС ХАРВАСАН АРВАН ХҮН ТУТМЫН ЗУРГАА НЬ ЭМЭГТЭЙ

2014 оны 10 сарын 28

  Тархинд цус харвах нь мэдрэлийн эмгэгүүд дотроос хамгийн ноцтой, амьд гарлаа ч тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй үлддэг аюулт “тахал” юм. Манайд цус харвах өвчин нэмэгдэж байгаа нь нийгмийн хямралаас үүдсэн стресс, даралт ихсэх өвчний хяналт дутмаг, чихрийн шижинтэй хүн олширч байгаа зэрэг нь нөлөөлж буй ч хувь хүний эрүүл аж төрөх зан үйл, зохистой хооллох, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягтай шууд холбоотойг мэргэжлийн эмч нар ярьж байна. ДЭМБ 2002 оноос жил бүрийн аравдугаар сарын 29-нийг Цус харвалттай тэмцэх өдөр болгон тунхагласан. Манайх 2009 онд Дэлхийн цус харвалтын нийгэмлэгт гишүүнээр элссэнээр эл өдрийг сүүлийн таван жил тэмдэглэж иржээ. Тархинд яагаад цус харвадаг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн Харвалтын тасгийн эрхлэгч Ж.Ариунаагаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Даралт ихсэх өвчнөөс шалтгаалж цус харвадаг гэсэн нийтлэг ойлголт иргэдийн дунд байдаг шүү дээ. Монголчуудын дунд яагаад энэ өвчин түгээмэл байна вэ?

-Цус харвалт Монголд гэлтгүй дэлхийд ч анхаарал татахаар чухал асуудал болсоор ирсэн. Цус харвасны улмаас тахир дутуу иргэдийн тоо олширч, түүнтэй холбоотойгоор тухайн хүн, гэр бүлийнх нь амьдралын чанар эрс доройтдог. Ялангуяа, монголчуудын хувьд гэр бүлийнх нь нэг гишүүн цус харвахад тухайн өрх шууд ядуурч байна. Ажиглаад байхад, амьжиргааны түвшнээс дээгүүр орлоготой хүмүүст цус харвах өвчин маш бага тохиолддог. Таны хэлдгээр харвалтын тэргүүлэх шалтгааны нэгд даралт ихсэх өвчин ордог. Боломжийн амьдралтай хүмүүс эм, тариагаа тогтмол авч хэрэглэдэг бол ядруухан амьдардаг хүмүүс эрүүл мэнддээ төдийлэн мөнгө зардаггүй шүү дээ. Улс даяар үүнд анхаарах цаг болсон. Харвасан арван хүн тутмын нэг нь л тодорхой хугацааны дараа хэвийн байдалдаа ордог. Энэ нь маш бага үзүүлэлт. Насаараа хэвтэрт байгаа хүн өөртөө ч, өрөөлд ч эдийн засгийн болоод, сэтгэл санааны асар их дарамт учруулна гэсэн үг.

-Сүүлийн үед цус харвалт залуужиж байна гэж сонссон. Энэ нь юутай холбоотой вэ?

-Харвалтыг тархинд цус хомсрох, цус харвах гэж ангилдаг. Цус харвасан дөрвөн хүн тутмын гурав нь нас бардаг гэхээр үхэлд шууд хүргэдэг өвчин гэж ойлгож болно. Харин цус хомсрох харвалтын үед дөрвөн хүний нэг нь тахир дутуу хоцордог. Сүүлийн үед залуучууд даралт ихсэх болон чихрийн өвчтэй, хэт тарган болсон. Энэ нь тэднийг хэт залуугаараа тахир дутуу болох үндсэн шалтгаан болж байна. Социализмын үед бид дасгал хөдөлгөөн идэвхтэй хийдэг, зундаа цагаан идээ, өвөлдөө махаа идчихдэг, ядаж л эрүүл хооллодог байлаа. Одоо бол хоолны дэглэм алдагдаж, хөдөлгөөний дутагдалд орчихсон, ажил, амьдралын хэв маяг нь хэт хотожсон. Дээрээс нь архи, тамхины замбараагүй хэрэглээ, нийгмийн энэ их бухимдал зэрэг нь цус харвах үндэс болж байна. Мөн хүйсийн харьцаа тэнцвэргүй болж эхэлсэн. Тодруулбал, цус харвасан 10 хүн тутмын зургаа нь эмэгтэй байна. Тэд цочролд амархан ордог, эрчүүдийг бодвол амархан стресттдэг, ядардаг, гутардаг. Архи, тамхи ч хэрэглэдэг. Судалгаагаар бүсгүйчүүдийн дунд даралт ихсэх өвчин их байдаг.

-Харвасан хүнд анхны тусламж хэрхэн зөв үзүүлэх вэ?

-Энэ нь гар хугарахад чиг тавьж боодогтой адилхан биш. Хамгийн түрүүнд өвчний шинж тэмдгийг зөв таних нь анхны тусламж болж чадна. Нүдний хараа бүрэлзэх, хоёрлож харах, хэл яриа доголдох, ээдрэх, нүүр ам нь мурийх, тэнцвэр алдан алхаж гишгэж чадахаа больж, тал бие нь мэдээ алдвал энэ нь тархинд цус хомсрох харвалтын шинж юм. Үүнийг бид харвалтын шинж тэмдгийг таних хамгийн энгийн арга буюу ХААХ гэсэн томъёоллоор тайлбарладаг. Харах, алхах, ам хүрэх гэсэн утгатай. Дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай тусламж дуудах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тархинд очих ёстой цусны эргэлт саатаж, улмаар мэдрэлийн эсүүд нь үхжиж байна гэсэн үг. Манайхан үүнийг нь анзаарахгүй байсаар 2-3 хоносны дараа өвчнийг нь улам хүндрүүлчихдэг. Өвчнийг эрт үед таньж чадвал гурван цагийн дотор тархинд бөглөрсөн судсыг онгойлгож, үхэжсэн тархи, эд эсийг сэргээж болдог. Хэрвээ бөөлжиж, ухаан алдан, гар хөлийнх нь мэдээ алдвал тухайн хүн цус харвасан байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тархинд очиж буй судсууд замдаа тасарч, тархины эдэд буюу дотроо цус алддаг. Энэ нь маш эрсдэлтэй, түргэн явагддаг тул өвчтөнийг аль болох хөдөлгөлгүй, хэвтрийн дэглэмд байлгах ёстой. Хамгийн түрүүнд амьсгалын замыг нь чөлөөлж өгнө. Харвасан хүнд архи уулгадаг ч юм уу, аман сургаар “эмчлээд” тус болохгүй. Цус харвасны дараа нийтлэг тохиолддог үлдэц нь гар, хөл мэдээгүй болох, алхах гишгэж чадахаа болих, харахгүй, эсвэл юм залгихгүй, хэл яриа болон ой санамжаа хүртэл алддаг. Цус харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд өөх тостой хоол, хүнс хэрэглэлгүй, дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх, хэвийн жингээ хадгалах, архи, тамхи согтууруулах ундаа болон давсны хэрэглээгээ хязгаарлах, эрүүл, зөв хооллох нь чухал. Мөн цус харвалтыг таних энгийн аргуудыг мэдсэнээр энэ өвчин болон түүний эрсдэлт хүчин зүйлсээс өөрийгөө хамгаалж, амьдралын хэв маягаа өөрчилж чадна.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД