Д.ЭРДЭНЭБАТ: ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ ТОВЧЛУУР ДАРАХ НЬ АН-ЫГ БУУДСАНТАЙ АДИЛ

2014 оны 10 сарын 28

-ҮАБЗ-өөс “мессежний хэргийг” шалгах Ажлын хэсэг байгуулна

  УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаж, “нууц хавсралт” болон гишүүдийн дугаараас мессеж нисгэсэн хэрэгтэй холбогдуулан Ерөнхий сайдын мэдээллийг сонссон байна. Энэ тухай Бүлгийн дарга Д.Эрдэнэбат нь мэдээлэл хийлээ. АН, МАХН-ын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний араас “нууц хавсралт” гээчийг санаачилж, хоёр даргын гарын үсгийг дуурайлган, хүмүүсийг талцуулахыг оролдсон хэргийг МАНын Хэвлэл, мэдээллийн албанаас үйлдсэнийг ТЕГ тогтоосон. Тэгвэл энэ хэргийг АН-ын гишүүд зүгээр нэг хоёр намын хооронд “жороолсон” хэрэг гэж үзэхгүй байгаа аж. Тэд “Ерөнхий сайд бол ҮАБЗ-ийн гишүүн. Тиймээс энэ хэрэг намуудаар дамжуулаад олон нийтийг, төрийг хагалан бутаргах гэсэн үйлдэл” гэж үзсэн байна. Тиймээс хэргийн буруутанд хариуцлага тооцох нь зөв гэжээ. Мөн баасан гаригт УИХ-ын гишүүдийг цочролд оруулаад авсан “мессежний хэрэг”-ийн талаар АНынхан ярилцсан гэнэ. Гишүүдийн халдашгүй байдлыг ч үл тоож, тэдний өмнөөс сонгогчид руу нь эргэлзүүлж, талцуулсан элдэв мессеж явуулсан этгээдийг яаралтай олж, хариуцлага тооц гэсэн шаардлагыг тэд хууль, хяналтын байгууллагад тавьсан байна.

Д.Эрдэнэбат гишүүн энэ талаар “Зөвхөн 10 мянган хүнд мессеж явуулаад орхисон хэрэг биш. Илүү өргөн хүрээг хамарсан хэрэг юм байна. Үүрэн телефоны оператор компаниудад мэдэгдэлгүйгээр, гаднын улсуудаас ийм мессеж явуулсан. Улс төр хийж болно. Гэхдээ цөөхөн монголчуудаа хагаралдуулах үйлдэл хийж болохгүй. Энэ асуудлаар ҮАБЗ- өөс Ажлын хэсэг байгуулах саналыг гишүүд гаргасан. Ажлын хэсэг хуулийн байгууллагатай хамтарч ажиллана” гэлээ. Мөн Ерөнхий сайдыг огцруулахаар АН-ын 15 гишүүн гарын үсэг зурсан тухай хэвлэлээр мэдээлсэн. Тэгвэл тэдний дунд нэр нь орсон Б.Болор гишүүн “Би тийм бичигт гарын үсэг зураагүй. Гэтэл хэвлэлээр ташаа мэдээлэл гарч байна. Учрыг нь олж өгөөч” гэж даргадаа хандсан гэнэ. Үүнээс гадна тус Бүлгийн хуралдаанаар ирэх оны улсын төсөв, 2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн талаар ярилцжээ.

Ирэх оны төсвийг хэмнэх зарчмаар боловсруулж, 400 объектын санхүүжилтийг хойшлуулсан. Үүнийг тойрсон шүүмжлэлд АН-ын бүлгийн дарга “Эдгээрийг дуусгахад хоёр их наяд төгрөг хэрэгтэй. Төсөвт ийм боломж байхгүйг шүүмжилж буй хүмүүс мэдэж байгаа учраас хоосон улс төр гэж ойлгож байна. Хэрэв эдгээр барилгыг дуусгая гэвэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, өрийн босгыг нэмэх хэрэгтэй” гэв. Бас алийн болгон “цөөнхийн барьцаанд” орж эдийн засгаа зогсонги байлгах вэ гэлээ. Түүнээс зарим зүйл тодрууллаа.

-Цөөнхөд баригдахгүй гэдэг нь өрийн босгыг нэмэх асуудлыг олонхоороо шийднэ гэсэн үг үү?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг нийт гишүүний гуравны хоёрын саналаар баталдаг. УИХ-аас таван тэрбум төгрөгийн бонд гаргах эрхийг Засгийн газарт өгчихөөд одоо өрийн босгыг нэмэхгүй гэж буй нь зөрчилтэй хэрэг. Тиймээс л бид боломжоо ашиглая гэж байгаа юм. Тогтворгүй байдал олон улсад Монголын нэрийг унагаж байна. Тиймээс эхлээд тогтвортой байдлаа хангачихаад арга хэмжээ авна.

-Болороос бусад гишүүн нь Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэнээ хүлээсэн хэрэг үү?

-Хэн хэн гарын үсэг зурсан нэр нь хэвлэлээр гарчихсан байна лээ. Өөрсдөөс нь очоод асуучих. Би намынхаа гишүүдэд “Ерөнхий сайдыг огцруулахаар товчлуур дарна гэдэг нь Ардчилсан намыг буудсантай адил” гэдгийг сануулж байгаа. Үйл явдал яаж өрнөхийг би мэдэхгүй.

-Ж.Батзандан гишүүнийг хөөнө гэсэн мэдээлэл үнэн үү?

-Нам ийм зүйл яриагүй. Түүнийг хөөхөөр дүрмийн зөрчил гаргаагүй, тиймээс хуралдаа суугаад явж байгаа.

-Ирэх оны улсын төсвийг арваннэгд үгээр сарын 15-нд амжиж баталж чадах уу. Үгүй бол УИХ огцрох нөхцөл үүснэ шүү дээ?

-Тийм заалт байхгүй. Мэдээж төсөв батлах хугацаа давчуу байна. Тэглээ гээд түүхий төсөв баталж болохгүй.

С.ТУУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
49.0.158.192 ... Монголын Тусгаар Тогтнолыг бүрэн нураах хүртэл буюу Хятадын Нарийн төмөр замыг барьж дуустал , Хятадын Банк - Монголын Санхүү Банкны системийг гартаа атгах хүртэл , Монголын газар нутгыг Хятадууд 100 жилээр эзэмших эрхтэй болох хүртэл , Монголчууд Ардчилсан Их Өрөнд хоолойгоо тултал живэх хүртэл , Монголчууд ядуурч Төгрөг бүрэн сөхрөх хүртэл , Монголын тал нутгыг орвонгоор нь эргүүлэх , Голыг нь хордуулж , горхийг нь шороогоор дарах хүртэл … Ардчилсан Хужаагийн хууль бус Төр - 2012 оны хууль бус УИХ , ерөнхий хулгайч Н Алтанхуягийн хууль бус Засгийн газар ямар ч үнээр хамаагүй тогтож үлдэх хэрэгтэй , ... Тийм үү ??? ... Бүү горьд чиний Ардчилсан Хужаагийн хууль бус Төр заавал ч үгүй нурж унах болно . Монголын Төрийн эсрэг ажилласан хэнбүгай ч байсан нэг бол дээлээ нөмрөх үгүй бол үр удмаараа Улс эх орноос минь бүрэн таслагдах болно. ... Юу тарина , түүнийгээ хураана . ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин цэцэглэх болно. Zorig