Нүүрсний компаниудад хүнд хэвээр байх нь

2014 оны 10 сарын 28

БНХАУ-ын нүүрсний эрэлт буурч, уг таваарын үнэ хямд хэвээр байх тул ирэх жил Монголын компаниуд “дарамт”-тай нүүр тулна хэмээн олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг мэдэгдсэнийг “Bloomberg” дамжуулав. Австралийн Күинслэнд дэх коксжих нүүрсний үнэ он гарснаас хойш 17 хувиар буурч, энэ сарын 16-нд тонн нь 112.8 ам.доллартай тэнцэж байжээ. Иймээс дээрх үнэ ирэх оны хоёрдугаар хагаст 125-140 ам.доллар хүрч өстөл нүүрсний компаниуд үйлдвэрлэлээ зогсоож магадгүй хэмээн “Energy Publishing” компанийнхан таамаглаж буй аж. Тус компанийн ахлах мэргэжилтэн Саймон Вонг “Одоогийн нөхцөлд олон компани өрөө дарах, хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх хэмжээний орлого олж чадахгүй” гэж ярьжээ.

2013 онд 11.7 хувьтай байсан эдийн засгийн өсөлт энэ онд 6.3 болж буурах төлөвтэй гэж Дэлхийн банк тооцоолсон, Засгийн газрын өр, гадаад валютын зээлийн хэмжээ нь нэмэгдэж буй Монгол Улс нь уул уурхайн салбарын тогтворгүй орлогоос улам хамааралтай болж байна хэмээн “Moody’s” дурдсан байв. Энэ оны эхний хагаст 28 сая ам.долларын алдагдал хүлээсэн “Mongolian Mining Corporation” төдийгүй Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголын нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд санхүүгийн хувьд хүндрэлтэй байгааг мөн тэмдэглэжээ.

Тухайлбал, ирэх арванхоёрдугаар сар гэхэд орлого эрс буурч магадгүй тул санхүүжилт шаардлагатай гэдгээ “SouthGobi Resources” өнгөрсөн сард мэдээлж байсан юм. Тэгвэл “Mongolia Energy Corporation” таван жилийн хугацаатай бонд гаргаж өрөө дарах болсноо өнгөрсөн баасан гаригт мэдэгдээд байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД