Ч.НАРАНТУЯА: ХЭРЭВ БИ МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛАСАН БОЛ НҮБ-Д ОРОХ БАЙСАН БАЙХ АА

2014 оны 10 сарын 27

Саяхан Инчонд зохиогдсон Азийн наадмаас Чулуунбадрахын Нарантуяа хэмээх энэ бүсгүй урт бууны төрөлд алтан медаль хүртэж, шар тивийн олимпийн анхны монгол эмэгтэй аварга болсон. Мөн ганцаарчилсан төрлөөр алтан медаль авсан анхны мэргэн буудагчаар тодорч, түүхэнд нэрээ үлдээж буй түүний тухай монголчууд одооноос л гадарлах болов. Универсиадын хоёр мөнгө, Гран при тэмцээний хоёр алт, Азийн аваргын хоёр хүрэл медальтай Ч.Нарантуяа уг нь шинэ од биш билээ. Улсын аварга шалгаруулах тэмцээний 50 гаруй медальтай, тэдгээрийн ихэнх нь алтаас гадна Монгол Улсын рекордыг хэд хэдэн удаа шинэчлэн тогтоож байсан туршлагатай нэгэн.

-Буудлагын тамирчид гэхээр л манайхан О.Гүндэгмаа, Д.Мөнхбаяр нараар төсөөлдөг. Гэтэл манай урт бууны тамирчид тив, дэлхийд өрсөлдөх чадвартай болжээ гэдгийг та сая харуулж чадлаа. Ч.Нарантуяа гэдэг нэрийг одоо зөвхөн монголчууд төдийг үй Азийн буудлагын спортынхон мэддэг боллоо. Баяр хүргэе.

-Баярлалаа. Гэхдээ би түрүүлсэн, түүхэн амжилт тогтоосон гэхээсээ илүү урт бууны тамирчид гэж ийм хүмүүс байдгийг монголчууддаа таниулсандаа их баяртай байна. Мөнхбаяр, Гүндэгээ эгч нар бол буудлагын тамирчин бидний хувьд домог болсон хүмүүс. Тэдэн шиг манай урт бууныхан ч гэсэн амжилт гаргахын төлөө хичээдэг. Гэхдээ урт бууны тамирчдын амжилтыг олон түмэнд хүргэх, таниулах тал дээр үнэхээр хангалтгүй байсан. Хоёр ч олимпод орсон Батхуяг эгч байна, хамгийн сүүлд гэхэд л “Лондон 2012”-т Баяраа маань эх орноо төлөөлж оролцсон. Хүмүүс үүнийг тэр бүр мэддэггүй. Харин одооноос урт буу гэж ямархуу спорт байдаг вэ гэдгийг ялгаж салгах байх.

-Олимпоос медаль авчрахгүй ч гэсэн хүн төрөлхтний спортын тэр том наадамд оролцох эрх авна гэдэг өндөр шалгуур байдаг гэдэг. Та ч бас 2016 оны олимпод оролцох, цаашлаад медаль хүртэхийн төлөө одооноос мэрийж байгаа байх.

-Тэгэлгүй яах вэ. Буудлагын тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрвөн жилд нэг удаа болдгоороо бусдаас өөр. Ийм учраас олимпийн эрх авна гэдэг бол нэлээд хүндхэн сорилт байдаг. Буудлагын спортын бас нэг онцлог нь тухайн тэмцээнд орж буй бүх тамирчин нэг зогсоол дээрээс зэрэг сумаа тавьдаг. Өөрөөр хэлбэл, 60, 70, 120 оролцогч байсан ч бүгд хоорондоо өрсөлдөнө гэсэн үг. Тэдэн дундаасаа хамгийн өндөр оноотой шилдэг найман хүнийг шалгаруулж, дахиад хооронд нь өрсөлд үүлдэг. Тэгэхээр тэр олон хүнээс шилдэг найм, аравт шалгарна гэдэг бол том амжилт. Манайхан үүнийг мэдэхгүй учраас медаль авчраагүй л бол шагналт байр энэ тэрийг нэг их тоодоггүй. Гэтэл буудлага бол чансаа өндөртэй спортын төрөл байгаа биз дээ.

-Буудлага бол сэтгэл зүйн спорт гэдэг. Тэр олон орны өрсөлдөгч нартай зэрэгцээд зогсож байхад ямар байдаг вэ?

-Хажуу дахь өрсөлдөгч нараас илүү чухал зүйл нь өөртэйгөө өрсөлдөх. Өөрийгөө ялж чадахгүй, тэвдэж сандраад байвал бэлтгэл дээр авч байсан оноондоо хүрэхгүй. Тэгвэл ёстой хайран бэлтгэл, хайран цаг хугацаа болно.

-Та угийн тайван хүн үү. Эсвэл буудлагаар хичээллээд ийм болсон уу?

-Багш нар анх дугуйланд авахдаа л тухайн хүний зан араншин, гэр бүлийн хүмүүжил, төлөвшлийг нь хардаг юм шиг байдаг. Мөн дээрээс нь буудлагаар хичээллэх тусам яваандаа улам л тогтуун, тайван болдог юм билээ.

-Яагаад заавал буудлагын спортыг сонгосон юм бэ?

-Манай аав гимнастикийн тамирчин. Өөрөө спортын хүн болохоор охиноо буудлагын тамирчин болж чадна гэж харсан юм байлгүй. Намайг Өмнөговьд наймдугаар ангид байхад аав маань Спортын мастер Доржпалам багш дээр аваачиж буудлагаар хичээллүүлсэн. Доржпалам багш маань надад буудлагын спортын суурь бэлтгэлийг сайн тавьж өгсөн. Харин цаашид энэ спортоороо явъя гэвэл төв газраа бараадсан нь дээр юм байна гэж шийдээд есдүгээр ангидаа хот руу шилжиж ирсэн. Тэгээд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Адилбиш багш дээрээ хичээллэснээс хойш арван гурав, дөрвөн жил өнгөрч.

-Монгол улсын их сургууль төгссөн гэл үү. Ямар мэргэжилтэй вэ?

-МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийн Америк судлалын анги төгссөн. Манай ангийнхан одоо бүгд мэргэжлээрээ ажиллаж байгаа. Би л ганцаараа буудлагаа хөөсөн. Оюутан байхдаа ч буудлагаа орхиогүй болохоор төгсөөд шууд энэ замаа сонгосон.

-Танайхан АНУ-ын Элчин сайдын яам, ГХЯ гэхчилэн томоохон газруудад алба хашдаг байх даа. Магадгүй “Би мэргэжлээрээ ажилласан бол...” гэж бодох үе байдаг уу?

-Ангийнхан маань Америкийн Элчин сайдын яам болон төрийн байгууллагуудад ажилладаг. Хэрэв би мэргэжлээрээ ажилласан бол НҮБ-д орох байсан байх аа (инээв). Яагаад гэхээр би оюутан байхдаа сургуулиа төгсөөд НҮБ-д заавал шалгалт өгнө гэж боддог байсан юм. Янз бүрийн тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилалтынхаа хажуугаар хичээлээ сайн хийгээд НҮБ-д орно гэдэг том зорилго өөртөө тавьсан байсан. Гэвч эцсийн эцэст буудлагын спорт намайг хааш нь ч хөдөлгөөгүй юм даа.

-НҮБ-д ажиллана гэдэг хэр баргийн хүний мөрөөдөөд, биелүүлчихдэг зүйл биш. Тэгэхээр та хичээлдээ сайн оюутан байжээ дээ?

-Тийм ээ. НҮБ бол хэн хүний хүсээд орчихдог байгууллага биш л дээ. Гэхдээ том зорилготой байж л тэр хэрээрээ амжилтад хүрдэг гэдэг. Дунд сургуульд байхаасаа хичээллэсэн буудлагаасаа холдож чадахгүй гэдгээ мэдэж байсан ч эмэгтэй хүн тодорхой хэмжээнд мэдлэг боловсролтой байх ёстой гэсэн үүднээс МУИС-д элссэн. Өнөө үед манайхан “Хүнд гаргаад үзүүлэх юмтай байх хэрэгтэй” гэдэг болсон шүү дээ. Гэхдээ миний хувьд хичээлдээ гайгүй оюутан байсан. Аав, ээж маань гадаад хэлний авьяастай хүмүүс. Тиймээс би англи, япон хэлийг багаасаа сонирхон сурч байсан. Одоо харин хэлээ давтахгүй байгаад байхаар мартагдах шинжтэй. Гэхдээ гадаадад тэмцээнд очоод хүмүүстэй ярихаар дорхноо сэргэчихдэг.

-Буудлагын спорт нас харгалздаггүй учраас танд МУИС-ийн дипломоо албан газруудад үзүүлж ажил хайх хэрэг гарах болов уу?

-Сайн мэдэхгүй байна аа (инээв). Ямар ч байсан буудаж чадахаа больтлоо энэ спортдоо үнэнч байна.

-Та олон жил улсын аваргад түрүүлсэн хүн. Оюутан байхдаа сургалтын төлбөрөө өөрөө хийдэг байсан уу?

-Тийм ээ. Намайг оюутан байхад манай сургуулийн төлбөр 400 мянга ч хүрдэггүй байлаа. Харин улсын аваргад түрүүлбэл 600 мянган төгрөгийн шагналтай. Ганц удаагийн улсын аваргынхаа шагналаар л төлбөрөө өлхөн хийчихдэг байсан. Харин одоо сургалтын төлбөр арай л дэндүү нэмэгдсэн байна лээ.

-Сая Азийн наадмын аварга болоход тань “Apple town” компани байраар шагнасан гэл үү. Байрандаа орж амжсан уу?

-Байрандаа хараахан орж амжаагүй ээ. “Apple town” компани намайг зөвхөн байраар шагнаад зогсоогүй, 2016 оны олимп хүртэл хамтран ажиллахаар болсон. Тамирчин хүний амжилтад маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Тэр тусмаа санхүүгийн дэмжлэг үнэхээр чухал байдаг учраас тамирчдыг ойлгодог “Apple town” шиг иймэрхүү байгууллага илүү олон байгаасай. Ар гэртээ санаа зовохгүй бэлтгэл сургуулилалтаа хийх боломж нөхцөлийг хангаж, намайг үргэлж дэмжиж байдаг аав ээж, гэр бүл болон Үндэсний шигшээ багийн хамт олон, Эрдэм шинжилгээний алба, “Алдар” спорт хорооныхондоо баярлалаа гэж хэлье.

-Гэр бүлийнхнийхээ тухай ярина уу. Хүү нь сургуульд сурдаг гэсэн байх аа?

-Манайх ам бүл гурвуулаа. Гэр бүлийн хүн маань нэг хувийн компанид ажилладаг. Намайг ийш тийшээ тэмцээнд явсан хойгуур ажлынхаа зэрэгцээ гэр орноо, хүүгээ сайн харж ханддаг хань минь хамгийн найдвартай ар тал болдог. Тиймээс би өөрийгөө азтай эмэгтэй гэж боддог. Хүү маань энэ жил нэгдүгээр ангид орсон.

-Хүүгээ та хоёр өөрсдөө өсгөдөг юм уу?

-Тийм. Ер нь аав, ээжүүд хэчнээн завгүй байсан ч хүүхдээ өөрсдөө өсгөсөн нь дээр гэж боддог. Эмээ, өвөө дээрээ өссөн хүүхдүүд хөгшчүүлдээ хэт ээнэгшээд, дараа нь ямар нэгэн юм болоход аав, ээждээ дасаж өгөхгүй хэцүү байдаг юм билээ.

-Та өөрөө өвөө, эмээгийн хүүхэд байсан болоод тэр зовлонг илүү мэдэрсэн үү?

-Үгүй л дээ. Дүү бид хоёр аав, ээжтэйгээ амьдардаг байсан. Хааяа тэднийг хөдөө гадаа явахаар нь л эмээ, өвөө дээрээ хүргэгдэнэ. Хүүхдээ өөрсдөө өсгөх ёстой гэдэг энэ үзлийг аав, ээж маань өөрсдөөрөө үлгэрлэн бидэнд суулгаж өгсөн юм болов уу.

-Гэр бүлийн амьдралд янз бүрийн л зүйл тохиолддог. Тэр болгоныг эвээр шийдэхэд таны тайван хүлээцтэй зан үр дүнгээ өгдөг байх, тийм үү?

-Тийм шүү (инээв). Асуудалгүй гэр бүл гэж хаана ч байхгүй шүү дээ. Ямар ч асуудал тулгарсан байсан би нэг их хэрэлдэж муудалцаад байя гэж боддоггүй. Манай хүн ерөнхийдөө түргэн зантай. Бид хоёр эсрэг тэсрэг зан араншинтай хүмүүс. Гэхдээ анзаараад байхад сүүлийн үед манай хүн ч бас тайван занд суралцаад байгаа.

-Танайхан амралтын өдрөөр юу хийх дуртай вэ?

-Гэр бүлээрээ агаар салхинд гарах их дуртай. Одоо удахгүй Улаанбаатарын утаа эхэлнэ. Ядаж амралтын өдрөөр ч болов хүүгээ утаанаас хол байлгахыг хичээдэг. Бас зав чөлөө болдогсон бол Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар аялахыг хүсдэг.

-Театрт очиж үзвэр үзэх, номын дэлгүүрээр хэсэх зэрэг урлаг соёлын арга хэмжээ танай гэр бүлийн амралтын төлөвлөгөөнд байдаг уу?

-Үнэнийг хэлэхэд үзвэр үйлчилгээнээс жаахан хол. Ихэнх нь оройн цагаар тоглодог учраас зав үнэхээр болдоггүй юм. Харин гэртээ бид байнга ном уншдаг. Хэдийгээр өнөө үед хүмүүс интернэтээс бүх мэдээллийг авч болдог болсон ч миний хувьд номыг гартаа бариад, хуудас хуудсаар нь эргүүлээд уншвал гоё санагддаг. Ер нь манай буудлагын тамирчид, багш дасгалжуулагчид ном унших дуртай. Гадаад руу тэмцээнд явахад онгоцоо хүлээгээд буудал дээр байхдаа бүгд л нэг нэг ном гаргаж ирээд уншицгаадаг.

-Спортынхныг бэлтгэл сургуулилалтаас өөр юм мэдэхгүй, сурч боловсрох ч завгүй хүмүүс байдаг гэсэн ойлголт манайд түгээмэл. Танай буудлагын тамирчид арай өөр байх нь ээ?

-Зөвхөн бэлтгэл сургуулилалтаа л хийгээд байвал залуу хүмүүст уйтгартай санагдаж мэднэ шүү дээ. Тиймээс манай эмэгтэйчүүд хоорондоо ярилцаж байгаад бөөнөөрөө үсчин, гоо сайхны дамжаанд суусан. Удахгүй тогоочийн курст суралцах бодолтой байгаа. Би л тамирчин гээд үргэлж пүүзтэй гүйгээд байлгүй, шаардлагатай үед хувцас, үс зүсээ аятайхан янзлаад өөрийгөө гоёчихдог байх хэрэгтэй гэж боддог. Айлын эзэгтэй хүн л юм чинь амралтынхаа өдрөөр гэр бүлийнхэндээ сайхан хоол хийгээд өгчихдөг байх ёстой шүү дээ.

-Таныхаар орчин үед эмэгтэй хүн ямар байх ёстой вэ?

-Ямар ч үед эмэгтэй хүн дотроосоо ч, гаднаасаа ч гэрэлтэж байх ёстой болов уу. Эмэгтэй, эрэгтэй гэлтгүй бүх хүн сайхан сэтгэлтэй л байвал хамгийн чухал нь тэр шүү дээ.

-Сайхан сэтгэл гэж бүгд ярьдаг. Сайхан сэтгэлийн илэрхийлэл нь юу юм бэ. Тухайлбал, та хамгийн сүүлд хэнд сайхан сэтгэл гаргав?

-Би ТҮК-ийн ажилчдыг сайхан сэтгэлтэй, сайхан ажилтай хүмүүс гэж боддог. Хэний ч хамаагүй тарьсан хогийг өөриймсөг сэтгэлээр цэвэрлээд зогсож байгаа тэр хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэхгүй бүдүүлэг загнадаг залуус олон. Тэдэнд нэмэр болдоггүй юм гэхэд нэрмээс болохгүй, барьж яваа хогоо саванд нь аваачаад хийчих ухамсартай хүнээс сайхан сэтгэл эхлэх байх. Тэгэхгүй бүдүүлэг загнаад байгаа хүмүүст дутагдлыг нь хэлэхээр урдаас маш эвгүй үгээр хараах нь элбэг. Ямар сайндаа нөхөр маань “Тиймэрхүү ухамсаргүй хүмүүстэй муудалцаж байгаад зодуулчихав аа” гэдэг юм.

-Таны амьдралдаа гаргаж байсан хамгийн зөв шийдвэр юу байв. Тэр нь таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ?

-Наймдугаар ангидаа буудлагаар хичээллэж эхлээд дараа жил нь хот руу шилжиж ирэх шийдвэр гаргаснаа л их зөв байж дээ гэж боддог. Хөдөөгийн дугуйланд хичээллэж байгаад ирсэн чинь эндхийн тамирчдын хэрэглэж байгаа хувцас, хэрэгсэл, тоног төхөөрөмж нь биднийхээс эрс өөр байсан. Тэр болгон нь намайг энэ спортод улам их дурлуулсан. Анх хичээллэж байхад шантрах үе бишгүй байсан. Буудахг үй хэрнээ л өдөржин бай шагайгаад зогсоод байхаар уйтгартай санагдана. Гэвч сүүлдээ нэгэнт л буудлагаар хичээллэж эхэлсэн юм чинь эцсийг нь үзэх хэрэгтэй гэж өөртөө амласан.

Тэрбээр өглөө 10-аас эхлээд оройны 17 цаг хүртэл бэлтгэл сургуулилалт хийдэг. Арван жил ийм байсан. Буудлагын спорттой амьдралаа холбосон нь түүнээс гурав, дөрвөн жилийн өмнөх үйл явдал. Дор хаяж таван кг жинтэй буу мөрлөөд, долоон кг жин татах хүнд хувцастай олон цагаар ингэж зогсдог болохоор буудлагын тамирчдын нуруу, хүзүү бэртэх нь элбэг гэсэн. Тиймээс бусад тамирчдын адил тэдэнд ч бас эмч хэрэгтэй болдог аж.

Л.ГАНЧИМЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.20.251 ИХ УХААЛАГ ЗӨВ ОХИН БАЙНА ЛЭЭ. БУСДЫГ ХҮНДЭЛЖ ЧАДДАГ. САЯ НААДМЫН ҮЕЭР МОНГОЛ ЖҮДОЧИДОО ОЧИЖ ҮЗСЭН ГЭЖ ЯРИХЫГ НЬ СОНСООД ИХ БАЯРЛАЖ БАЙЛАА. АМЖИЛЬ ХҮСЬЕ ДҮҮ МИНЬ. БУУДЛАГАА БИД ЧАДАХ ЁСТОЙ БИДНЫ ЦУСАНД САЙН БУУДАХ, ЧАДАЛТАЙ ГЕНИ НЬ БАЙГАА ШҮҮ