Хүнсний худалдаа эрхлэгчдийг шалгажээ

2014 оны 10 сарын 27

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шалгажээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 11, хөдөөгийн 42 үйлдвэрийг шалгалтад хамруулсан байна. Шалгалтын явцад зөрчилтэй байсан 32 үйлдвэр, цехийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоон, зөрчлөө арилгах албан шаардлага өгснөөс Ховд аймгийн “Нарийн хамар нөхөрлөл” зайрмагны цех үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоожээ. Харин Баянгол дүүргийн “Сүүн сондор”, “Итали зайрмаг”, ГУМ, Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Аюушжав, Хан-Уул дүүргийн “Тайширын хүлэг” компани, иргэн Ц.Түмэндэмбэрэлийн үйлдвэрүүд одоогоор өгсөн үүрэг даалгаврын 71.4-85 хувийг биелүүлээд байгаа аж. Үүнээс “Сүүн сондор”, “Тайширын хүлэг” компанийнхан үүрэг даалгаврыг сайн биелүүлж, эрсдэлээ бууруулсан тул дахин үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөл олгосон байна.

Тус газраас мөн хүнсний худалдаа эрхлэгч 623 иргэн, аж ахуйн нэгжийг шалгажээ. Шалгалтад хамрагдсан хүнсний худалдааны 623 газарт давхардсан тоогоор 10.245 зөрчил илрүүлснээс 79.6 хувийг газар дээр нь арилгуулсан аж. Цаашид эрсдэл дагуулж болзошгүй гэж үзсэн тул “Барстрейд” компанийн төмөр 25 чингэлэг, “Нарантуул” захын өргөтгөлийн агуулахын хэсгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж, холбогдох байгууллагад нь хүргүүлсэн байна. Мөн эзэмшил газрынхаа талбайг зөвшөөрөлгүй сунгасан “Барс 1” худалдааны төвийн газрыг чөлөөлүүлэх албан бичгийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт өгчээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД