Номын худалдааны төв лангууны түрээс авахгүй

2014 оны 10 сарын 27

Сэлбийн гүүрний хажууд баригдсан Номын худалдааны төвийг өнгөрсөн баасан гаригт нээлээ. Эл төвийг нээж Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, хотын ерөнхий менежер Б.Бадрал нар тууз хайчилсан юм. Улсаас төсөвлөсөн 128 сая төгрөгийн санхүүжилтээр “Жаргалан төмөр” ХХК уг номын худалдааны төвийг барьж гүйцэтгэжээ. 36 метр урттай, есөн метрийн өргөнтэй төмөр карказан сэндвичээр баригдсан тус барилгын инженерийн шугам сүлжээ, дулаан, цахилгааныг монгол инженерийн ур ухаанаар богино хугацаанд холбож, зардлыг тав дахин хэмнэжээ. Худалдааны төв нь дотроо бие засах өрөөтэй, цэвэр, бохир усны системд холбогдсон, иж бүрэн гэрэлтүүлэгтэй бөгөөд ижилхэн хийцтэй 57 лангууг байршуулсан байв.

Уг төвийн нэг сарын халаалтад дөрвөн сая төгрөг зарцуулах байсан бол эрчим хүчийг үржүүлэн ашиглах төхөөрөмж байрлуулснаар 700 мянган төгрөг төлөх гэнэ. Эл төхөөрөмж нь нэг халаагуурын хүчин чадлаар 10-ыг халаах боломжтой бөгөөд агаарын бохирдлыг бууруулж, инженерийн шугам сүлжээнд ачаалал нэмэхгүй, эдийн засагт хэмнэлттэй юм байна. Сэлбийн гүүр орчимд хуучин номын задгай худалдаа явуулдаг байсан иргэд шинэ, тохилог төвтэй болоод зогсохгүй лангууны түрээс төлөхгүй, зөвхөн гэрэл, цахилгаан, цэвэрлэгээний мөнгөө өгөөд худалдаа эрхлэх боломж бүрдэв.

Хотын захирагчийн ажлын албанаас иргэдээ ажлын байраар хангах бодлогын хүрээнд хотын захын болон гэр хорооллуудад үйлчилгээний зориулалттай, ийм барилга барихаар төлөвлөж буй аж.

З.САЙНЗАЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД