Богц “ногоон” бэлэглэх бооцоот уралдаан

2014 оны 10 сарын 27

  Газар зүйн байрлалаараа Монголтой хамгийн ойрхон буй нь Хонконгийн морин тойруулга. 130 жилийн түүхтэй, жилд дунджаар 700 бооцоот уралдаан зохион байгуулдаг энэ морин тойруулгыг “Хонконг жоки клуб” компани эзэмшдэг. Тус компани Хонконгийн хамгийн том татвар төлөгч, хандивлагч бөгөөд 2004 оноос хойш жил бүр дунджаар нэг тэрбум хонконг доллар буюу 130 сая ам.долларыг хүмүүнлэгийн үйлсэд хандивлаж иржээ. Мөн тэд Хонконгийн 2013 оны нийт татварын найман хувьтай дүйх хэмжээний хөрөнгийг төсөвт төвлөрүүлсэн байна. Манайхан хурдан морины бооцоот уралдааны орлогоос Засгийн газрын тусгай санд хөрөнгө төвлөрүүлэх бодлоготой байгаа аж.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Алтан-Од “Хурдан морины бооцоот уралдааны эрх зүйн орчныг бүрдүүлснээр соёл, спорт, аялал жуулчлалын төслүүдийг хөгжүүлэх хөрөнгө хуримтлуулах үндэстэй” гэв. Морины бооцоот уралдаан нь бие биенээ дэмжих кластер бүрд үүлдэг байна. Морь уралдах тойруулга баригдана. Мөн хурдан морины хоолны үйлдвэртэй болно. Мал эмнэлэг, морь байрлах жүчээ гэх мэт асаргаа сувилгааны үйлчилгээний газар хэрэгтэй. Морио тээж ирэх захиалгат нислэг нэмэгдэнэ. Морины дуудлага худалдааны үйлчилгээ бий болно. Энэ мэтээр олон арван ажлын байр бий болох нь дамжиггүй. Алдартай хурдан морь Хонконгийн морин тойруулгад уралдах болоход хүмүүс бооцоо тавихаар нисэж очдог гэнэ. Тэгэхээр Монголд гаднын морь ирж уралдахад бооцоо тавигч нар даган ирж, буудалд бууж, ресторанд хооллохоос өгсүүлээд халаасаа нимгэлээд буцна. Монголд аялж буй хүн хурдан морьдын уралдаан үзээд, бооцоо тавьж мэдрэмжээ сорихыг бодно. Хурдан морины бооцоот уралдаан кластер хөгжүүлээд зогсохгүй, аялал жуулчлалын сонирхолтой бүтээгдэх үүн болох нь гарцаагүй. Хамгийн наад зах нь манай улс руу орох гадаад валютын урсгал “үерлэх” магадлалтай. Энэ бол эдийн засагт “эм” болох нөлөөлөл.

УИХ-ын гишүүн Г.Батхүү тэргүүтэй арав гаруй морины хорхойтон хамтран “Монгол жоки клуб” компани байгуулж, морины сонгодог уралдааны төв байгуулахаар ажиллаж эхэлжээ. Тус компанийнхан адууны дуудлага худалдаанд оролцож, Английн цэвэр цусны дөрвөн гүү, хоёр азарга худалдан авсан байна. Өдгөө манай морины хорхойтнууд цэвэр цусны нийт 30 гаруй англи адуу авчраад байгаа гэнэ. “Монгол жоки клуб” компанийн гүйцэтгэх захирал С.Сандагдорж “Эрх зүйн орчныг бүрд үүлчихвэл манайд морин тойруулга бариад өгье гэсэн гадаадын хөрөнгө оруулагчид байна” гэсэн юм. Соёл, спорт, аялал жуулчлалын яамныхны боловсруулсан Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төслийг Засгийн газар хэлэлцээд дэмжсэн. Монголчуудын ахуй соёлд нэн ойр, эдийн засгийн үр ашиг авчрах хуулийн төслийг УИХ-д өргөн барихгүй яагаад удаж байна вэ. Хурдан морь сонирхдоггүй, адуу малаас хол хүн сонгодог уралдаан гэж юу байдгийг мэдэхгүй болов уу. Энгийнээр тайлбарлавал морин тойруулгын уралдаан хөгжинө гэсэн үг.

Морьд цэнгэлдэх хүрээлэнд уралдана. Дэлхийд алдартай АНУ-ын Кентаки муж, Япон, Хонконг, Английн морин тойруулгад зөвхөн цэвэр цусны англи адуу уралдуулдаг дүрэмтэй. Учир нь цэвэр цусны англи адуу хамгийн хурдан нь аж. “Араб адуу хурдан ч цэвэр цусныхыг гүйцдэггүй” гэж адуу судлаачид ярьдаг юм. Манайхны боловсруулсан хуулийн төс өлд монгол морь, цэвэр цусны, холимог үүлдрийн адуу уралдуулна гэж тусгажээ. Монгол морь сонгодог хэлбэрээр уралддаг эрх зүйн орчин бүрдэж буйг онцлууштай. Манайхан их насны морийг 28-32 километр зайд уралдуулдаг. Холын зайн уралдаанд хурдан нь гэхээсээ шандастай, холч адуу түрүүлэх магадлал өндөр. Угаасаа ч хөлийн хурдтай нь биш, бяртай нь түрүүлж буй хандлага уламжлалт уралдаанаас анзаарагддаг. Тэгвэл тойруулгад хурдан морийг 1.8- 3.2 км зайд уралдуулдаг жишигтэй. Монголын уламжлалт уралдааныхаас 10 дахин богино зай гэсэн үг. Морин тойруулгын уралдааны амин сүнс нь бооцоо юм. Бооцоо тавьж уралдаан зохион байгуулснаар морин тойруулга, хурдан морины уралдаан дэлхийн сонгодог түвшинд хүртэл хөгжиж, тодорхой хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг болсон.

Гольфийг баяжчуулын тоглоом гэдэг. Тэгвэл морины бооцоот уралдаан ч элитүүдийн цэнгэл наадам юм. Аль ч улсын морин тойруулгын бооцоот уралдааны орлогын дийлэнхийг элитүүд бүрлүүлдэг аж. Гэвч аз, мэдрэмжээ сорих хэн бүхэнд бооцоот уралдаан нээлттэй байдаг нь дамжиггүй. Дэлхийгээр аялж, морин уралдаанд бооцоо тавих “ажилтай” бүлэг ч бий болж амжжээ. Хурдан морины уралдаанд хоёр янзын бооцоо тавих систем ажилладаг байна. Бооцоог нэг санд төвлөрүүлэн хурааж, татвар хураамж, уралдсан морьдод олгох бай шагналыг хасаад хонжворыг олгох системийг тотализатор гэдэг аж. Түүнчлэн оролцогч тусгай зөвшөөрөл бүхий бооцоо хураагчтай мөрийцөх хэлбэрээр бооцоо тавих систем байдаг гэнэ. Үүнийг букмейкерт бооцоо тавих гэж нэрийддэг байна. Тотализатор системд бооцоо тавивал хуваарилалтын дагуу хонжвороо авна. Харин букмейкерт гурван ам.доллар тавиад таавал 10 ам.доллар авна гэх мэт тохиролцох маягаар тасалбар авдаг байна. Хэрвээ хожвол гурван ам.доллар дээрээ нэмж 10 “ногоон” букмейкерээс авна гэсэн үг. Тухайлбал, Английн морин тойруулгад бооцооны дээрх хоёр системийг зэрэгцүүлэн хэрэглэдэг аж. Харин Соёл, спорт, аялал жуулчлалын яамныхны боловсруулсан хуулийн төсөлд зөвхөн тотализатор системээр бооцоо тавихыг зөвш өөрөхөөр тусгажээ.

Мөн хуулийн төсөлд бооцоо хураагч болон уралдаан зохион байгуулагч аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгохоор заасан байна лээ. Салбарын яамнаас хурдан морины бооцоот уралдааны орлого, ашгийг эх орондоо үлдээхийн тулд тусгай зөвшөөрлөө үндэсний аж ахуйн нэгжид олгох бодлого баримтлахаа дуулгасан. Хурдан морины бооцоот хуралдаан элитүүдийн спорт гэж түрүүн дурдсан. Дэлхийн алдартай хурдан морины эзэд хийгээд үржүүлэгчид, уралдааны бооцоо тавигчид нь Английн үе дамжсан лордууд, Арабын шейхүүд, АНУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орны иргэд байх нь элбэг. Тиймдээ ч хурдан морины бооцоот уралдааныг тойрч тэрбум, тэрбумаар тоологдох мөнгө эргэлддэг байна. АНУ, Японы эдийн засаг хүнд хэцүү байх үед Кентаки, Токиогийн морин тойруулгынхан улсынхаа төсвийн голыг нуруундаа үүрч байсан түүх бий. Английн цэвэр цусны азаргаар 100 гүү гишгүүлээд 25 сая ам.доллар олдог гэсэн. Энэ бол тус салбарт асар их хөрөнгө эргэлддэгийн нотолгоо юм.

Т.ЭНХБАТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД