Лавлах утаснууд хууль бус үйлчилгээ үзүүлж байна

2014 оны 10 сарын 27

Харилцаа холбооны зохицуулах хорооноос төлбөртэй үйлчилгээний зориулалт бүхий тусгай дугаарлалт (1900хххх) буюу лавлах утас ажиллуулах зөвшөөрлийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгодог. Хэрэглэгчид уг төлбөртэй утсанд холбогдож хуулиар зөвш өөрсөн төрөл бүрийн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Гэтэл шөнийн цагаар холбогдсон иргэдэд биеэ үнэлэгч болон массажист зуучилдаг тухай яриа газар авч буй бөгөөд “Hot Call” буюу халуухан дуудлагын оператортой хийсэн ярилцлагыг “Өнөөдөр” сонин баасан гаригийн дугаартаа нийтэлсэн. Төлбөртэй үйлчилгээний зориулалт бүхий тусгай дугаарт хэрхэн хяналт тавьдаг талаар тус хорооны мэргэжилтэн н.Пүрэвс үрэнтэй утсаар холбогдож тодрууллаа.

-Лавлах утаснууд шөнийн цагаар биеэ үнэлэгч зуучилж, ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг болжээ. Танай байгууллага тусгай дугаар олгохдоо үйлчилгээний чиглэлийг нь хянадаг биз дээ?

-Иргэн, аж ахуйн нэгжүүд манайхаас тусгай дугаарын зөвшөөрөл авахдаа иргэдэд үзүүлэх үйлчилгээнийхээ танилцуулгыг ирүүлдэг. Хуулиар хориглосон зүйл байдаг учраас манай байгууллага тодорхой шалгуур тавьсны үндсэн дээр зөвшөөрөл олгодог. Хэрвээ ийм үйлчилгээ байгаа нь үнэн бол хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг.

-Танайх олгосон зөвшөөрлийнхөө дагуу үйлчилгээг нь хянадаг уу. Хяналт хэрхэн тавьдаг вэ?

-Бүртгэлийн гэрчилгээ эзэмшдэг газруудаа сонгож шалгалт хийдэг. Хамгийн сүүлд хэзээ шалгалт хийснийг би сайн мэдэхгүй байна. Тусгай дугаар хариуцсан хүнээс нарийн мэдээллийг авах боломжтой. Таныг 15 минутын дараа түүнтэй холбож өгч болно гэв.

Харилцаа холбооны зохицуулах хорооны суурин утсаар түүнтэй холбогдсон юм. 15 минутын дараа залгахад тэрбээр утсаа авсангүй. Оператор нь түүнийг хуралд орсон гэж мэдээлсэн ч удалгүй ажлын цаг дууссан учраас дахин холбогдож чадсангүй.

З.САЙНЗАЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД