“Элсний 13”-ын түүх давтагдах уу

2014 оны 10 сарын 27

Улс төр эмгэнэлтэйгээр өрнөж байна. АН, МАХНын дарга нар яаран гэрээ байгуулсан, араас нь “нууц хавсралт” гэх хоёр даргын гарын үсэгтэй ч тамгагүй цаас цахим сүлжээгээр тарсан, баасан гаригт УИХын гишүүдийн дугаараас сонгогчид руу нь үл бүтэх мессеж явуулсан...Одоо өөр ямар “гэнэтийн бэлэг” барихыг бид таашгүй. Гэхдээ энэ долоо хоногт улс төрийн үйл явдал хэрхэн өрнөхийг таамаглаж болно. Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцрох уу, үгүй юү гэдэг дээр анхаарал төвлөрнө. Түүний хувьд байдал эмзэг байгаа. Уг нь Засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийж, олон нийтийн зүгээс шүүмжлэл хүлээдэг зарим сайдаа солих санаачилга гаргаж, биелүүлсэн учраас нэр хүнд нь овоо аюулгүй явж байлаа. Гэтэл МАХН-ын “мангаа” ирснээс болоод байдал өөрчлөгдсөн. Сайд чөлөөлж, томилох асуудал санааны зоргоор бүтэхгүй байсаар сар өнгөрлөө.

Засгийн газраа аврахын тулд Н.Алтанхуяг МАХН-тай хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэх хэрэгтэй болов. Уг нь хавраас хойш л ярьсан сэдэв. Харин гэрээг хэзээ байгуулах, юу юу тусгаснаа АН-ын гурван удирдлагын нэг болох нийслэлийн намын хорооны дарга Э.Бат-Үүлдээ хэлэлгүйгээр, амралтын өдөр хийж орхисон нь түүний зорилгыг эргүүлж орхисон. Засгийн газраа аврах гэсэн биш өөрийгөө огцруулах баг бүрдүүлчихсэн юм. АН-ыг авлигын загалмайлсан эцэгт 2024 он хүртэл барьцааллаа хэмээн Э.Бат-Үүл ихэд бухимдсан. Дээрээс нь ирэх оны төсвийн төсөлд хотын төсвийг танаж оруулж ирсэн нь ч түлхэц болсон аж. Улмаар хариуцлага тооцож, Ерөнхий сайдыг огцруулахыг уриалсан. Тэр нь биелж мэдэхээр болчихлоо. “Үүлэн үст”-ийн санаачилгыг УИХ-ын гишүүн М.Зоригт шүүрэн авч, нам дотроосоо даруй 10 хүний гарын үсэг цуглуулав. Ингээд МАН-ын 28, АН-ын 10 гишүүн дээр МАХН-ын Л.Цог нэмэгдээд УИХ-ын олонх буюу 39 хүн болсон тул товчлуур дарахад Н.Алтанхуяг “bye bye” болно.

ГЭНЭХЭН МАН

МАН-ынханд ингэж хэлмээр санагдана. Аливаа акц хийх бүртээ тэд “Улс орны эдийн засгийг бодсон, Засгийн газарт орох ямар ч санаагүй” гэж мэдэгддэг. Харин хийж буй үйлдэл нь энэ мэдэгдэлд эргэлзэхэд хүргэдэг. Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолыг УИХ баталсны дараа Ерөнхий сайд 100 хоногт өөрчлөлт хийнэ гэж амласан. Тэгж чадахгүй бол олонхийн бүлэг Засгийн газрыг яахаа шийдэж, бүтцийг өөрчилнө хэмээн АН-ын дарга Д.Эрдэнэбат мэдэгдсэн. 100 хоног ч дууслаа. МАН-ын дарга М.Энхболд, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогт нар өнгөрсөн есдүгээр сарын 8-нд хэвлэлийн хурал зарлаж, “АН хариуцлагатай хүчин мөн л юм бол амласандаа хүрч, Засгийн газартаа хариуцлага тооц. Ерөнхий сайдыг огцруулах уу, зарим сайдад хариуцлага тооцох уу гэдгээ тэд шийднэ” гэсэн. Тэгтэл Ерөнхий сайд өөрөө түрүүлж хөдл өв. Засгийн газартаа бүтцийн өөрчл өлт хийнэ, зарим сайдыг явуулна гэснийх нь дагуу улс төр өрнөв. Долоон сайдыг чөлөөлж, дөрвийг шинээр томилохоор нэр ус болж байтал МАН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах тогтоол өргөн барьчих нь тэр. Уг нь тэд АН өөрсдөө хариуцлага тооцох ёстой гэж мэдэгдэж байсан. Өөрсдөд нь ашиггүй өөрчлөлт болох гэнгүүт зүгээр сууж түвдсэнгүй бололтой. Ерөнхий сайд мэдэгдэл хийснээс хойш МАН-ынхан Засгийн газарт орох элдэв явуулга хийж эхэлсэн. Тэр зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Ерөнхий сайдыг огцруулъя гэж тооцжээ. Ингэж байтал МАХН, АН хоёр гэрээ хийж, Н.Алтанхуяг буруудаад ирэв. Гол нь энэ хоёр 2024 он хүртэл хамтрахаар 2016 оны сонгуульд ялах МАН-ын боломж эрс буурна. Тиймээс “Бүдэрсэн дээр нь бүрмөсөн унагах”- ын тулд МАН-ынхан “Гэрээний нууц хавсралт” гээч хоёр даргын гарын үсэгтэй ч тамгагүй цаасыг цахим хэвлэлээр тараав. МАН-ын Хэвлэлийн алба хийсэн гэдгийг тогтоосноо ТЕГаас зарласан юм. Н.Алтанхуягийн нэр хүндийг нам дотор нь бүр унагах гэсэн оролдлого нь эсрэгээр МАН-ыг унагаж орхив. Харин энэ гэнэн үйлдэл нь Н.Алтанхуягт эергээр тусаж байгаа юм. Ямар ч байсан тэр нууц хавсралт хийгээгүй нь тодорхой боллоо.

САЛХИ ЭРГЭЛЭЭ

Мэдээж Н.Алтанхуягийг унахыг АН-ынхан, зорилгоо дөнгөж биел үүлсэн МАХН-ынхан, Засаг багтсан ИЗНН, МҮАН-ынхан дуугүй хараад, гараа хамхиад суухгүй. Ялангуяа АНын удирдлагууд “эсэргүү 10”-тайгаа энэ өдрүүдэд тулж ажиллаж байгаа биз. Лхагва гаригт Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ. Энэ өдөр бас дөрвөн сайд томилох асуудлыг шийднэ. Гэхдээ Н.Алтанхуяг огцорчихвол дөрвөн сайд томилохын ач холбогдол үгүй болох нь мэдээж тул анхаарал эхнийх дээр төвлөрч буй юм. Гэрээгээр шалтаглаад Ерөнхий сайдаа огцруулахад МАН-д дэмжлэг үзүүлж буй АН-ын гишүүд “элсний 13”-ыг эрхгүй санагдуулж байна. 1996-2000 онд “Ардчилсан холбоо” эвсэл УИХ-д 50 суудал авсан. Гэвч бүрэн эрхийнхээ хугацаанд тэд дөрвөн ч Засгийн газрыг огцруулсан “гавьяатай”. 1998 оны долдугаар сард хоёр дахь буюу Ц.Элбэгдоржийн Засгийн газар намынхаа 13 хүний дэмжлэгтэйгээр огцорч байсан билээ. Тухайн үед эвслийн 50 гиш үүний 13 нь сөрөг хүчинтэй санал нэгдэж, “урвасан” байдаг. Уг түүхийг давтаад Засгийн газрыг огцруулчихаж болно, амархан. Гэхдээ Ц.Элбэгдоржийн дараа Ж.Наранцацралт, Р.Амаржаргал нар томилогдоод огцроод явсныг мартах учиргүй. Н.Алтанхуягийг огцрууллаа гэж бодъё. Дараа нь зунаас хойш, магадгүй түүнээс ч урт хугацаагаар энэ суудалд очихоор бэлдсэн З.Энхболдыг томилж болно. Танхимаа байгуулах гэж сар элбэг болно. Гэтэл улсын төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах хуультай, тэгж чадахгүй бол УИХ тарна. За яах вэ, тарахгүй, шинэ суудлаа алдахгүйн тулд аль алийг нь амжууллаа гэж бодъё. Ашиг сонирхлын зөрчилтэй АН-ын олон фракц, нам, эвслүүдийн арга эвийг З.Энхболд шиг яхир хүн хэр удаан олох бол, хэрхэн тэсэх вэ. Хаа очиж ийм “ороо бусгаа” үед Н.Алтанхуяг алтан дунджийг олж чадаад байдгийг үнэлэх ёстой. Түүний энэ чадвар УИХ-ын даргад байхгүй. Тэгэхээр удахгүй шинэ Ерөнхий сайдаа “өшиглөөд” эхэлнэ. Ингээд 1996-2000 оны түүх давтагдах вий. Гол нь тогтворгүй төрийн золиос нь улс орон, ард түмэн болдог. Эндээс сөрөг хүчинд, АН-ын олон фракц ч, улс төрийг аясаараа хөдөлгөөд байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр ч хожихгүй. Хэн ч хожихгүй. Харин ч олон улсад Монгол нэр нүүрээ барж дуусна. Тэгэхээр асуудал Н.Алтанхуягт биш, төрийг тогтвортой байлгах явдал. Үүнийг л эсэргүү 10-таа ойлгуулахаар, зөвшилцөхөөр АН-ынхан хөдөлж эхэлжээ. Баасан гаригт УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат гишүүн М.Зоригтыг өрөөндөө дуудаж, “элсний 13”-ын эмгэнэлт түүхийг сануулсан гэнэ. Нөхцөл байдал төсөөлснөөс нь ч эвгүйдэж мэдэхийг тэдгээр гишүүн түрүүчээсээ ойлгож эхэлсэн гэх мэдээлэл байна.

Хэрэв УИХ тарж, дахин сонгууль явуулахад хүрвэл одоогийн 76 гишүүнээс хэд нь эргэж сонгогдох бол. Бас л хэцүү. Мөн Ерөнхий сайд ч зүгээр суухгүй, арга эв олох чадвараа ашиглаж байгаа. Гэрээний холбогдох заалтад өөрчлөлт оруулна, ҮЗХ-гоороо хэлэлцэж батална хэмээн тэр өөрийг нь эсэргүүцсэн Э.Бат-Үүл тэргүүтэнд буулт хийсэн. Одоо “үүлэн үст” найз нь зөөлөрч эхэлсэн ч байж мэднэ. Юутай ч Н.Алтанхуягийг харж байгаад улаан нүүрэн дээр нь эсрэг товч дарах хүний тоо лхагва гариг гэхэд эрс цөөрнө хэмээн тэд тооцжээ. Учир нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг илээр санал хурааж шийддэг юм. АН-ынхны хичээл зүтгэл үр дүнд хүрсэн эсэхийг лхагва гаригт харъя.

С.ТУУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
174.103.163.32 ENE ODOO YU GEED BAIGAAN,ODOO XOXIROX BAITUGAI MONGOL ORON BAIHUU UGU YU GEDEG DEEREE BAINACHTEI. CHI ODOO XOXIROOGUI SAIXAN BAIGAA BOL ARD TUMEN XETSUUDLEE, YU YRIAD BAINAA. CHI XAXAJ TSADAJ BAIGAA BOL ARD TUMEN ULUN ZELMEN BOLLOO.
202.21.106.250 Элсний 13-ыг энэ14 давтсанаар АН шалдаа бууж, з/г огцорч ард түмэн бүх хохирлыг амсана. Нэгэнт хохирол амссан сонгогчид та нарыг у/т-ийн тавцангаас арчина.