ХУУРАМЧ ГЭРЭЭ, ХУДАЛ МЕССЕЖ УЛС ТӨРИЙГ ХААШ НЬ ЭРГҮҮЛЭХ БОЛ

2014 оны 10 сарын 27

  Хуурамч гэрээ, хулгайлагдсан диск, худал мессеж... Энэ бол өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр олны анхаарлыг татсан үйл явдал болохыг доорх мэдээллээс харж болно. Ирэх өдрүүдэд ч энэ сэдвийг тойрсон үйл явдал намжихгүй болов уу. Хэлбэрэлтгүй үнэнийг олоход бэрх манай нийгэмд гэрээ, мессеж тойрсон дээрх дуулиан хэсэгтээ л хүлээлт, бас талцал бий болгох нь дамжигг үй. Ойрын улс төрийн тэргүүн сэдэв болох төсөв, мөнгөний бодлого, Ерөнхий сайдыг огцруулах шаардлага, сайд нарын томилгоо хийгээд АН дахь эсэргүүцлийн хөдөлгөөнтэй хоршин уусаж ямархан дүрд хувирахыг таашгүй. Магадгүй эл үйл явдал аль нэг улс төрийн хүчин ул мөргүй алга болохын цондон, улс орны мэдээллийн аюулгүй байдлыг гэрчилж ч мэдэх юм. Эсвэл нийтийн анхаарлыг нэгээс нөгөөд шилжүүлэх гэсэн ээлжит оролдлого байж болох.

Аравдугаар сарын 24. 10.00 цаг. Төрийн ордон Энэ өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд буюу Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдэд өөрийнх нь утасны дугаараас мессеж ирсэн, эсвэл гишүүдийн утасны дугаараас тойргийнх нь иргэдэд SMS очсон гэх мэдээлэл олноо ил болов. Энэ хачин жигтэй хэргийн талаар анх УИХ-ын гишүүн А.Бакей “Миний утасны дугаараас тойргийн маань гишүүдэд зүй бус, бүдүүлэг мессеж илгээсэн байна. “Мобиком”-ын дугаартай хэд хэдэн гишүүний өмнөөс ийм мессеж илгээсэн байна. Энэ бол хувь болон хууль тогтоогч хүний бүрэн эрхэд халдаж буй хэрэг. “Мобиком”-ын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг газар гэж байна уу. Энэ асуудлыг таслан зогсоох хэрэгтэй” хэмээн мэдээлснийг нь УИХ-ын дарга З.Энхболд баталсан. Учир нь тэр ч бас “хохирогч”. Тэрбээр “Миний дугаараас надад мессеж ирсэн. Үнэхээр ийм зүйл байгаа бол том асуудал байна гэсэн үг. Учрыг нь олж, тогтоохыг Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанд үүрэг болгосон” гэж мэдэгдэв.

14.30 цаг. “Мобиком” корпорац Тус корпорацын гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй, дэд захирал М.Энхсайхан нар мэдээлэл хийв. Нэр бүхий гишүүдийн дугаараас тойргийнх нь иргэдэд хүрсэн “1.Хятад царигаар хилээ сэтлүүлж, 2.Хятад банкаар барьцаалуулж, 3. гаднынханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд та саналаа өгнө үү...” гэх мессежийг Румын улсын “Водафон” үүрэн холбооны оператораас ирүүлснийг тогтоосон талаар тэд мэдээлсэн. Мөн “Юнител”-ийн хэрэглэгчийн дугаараас ирсэн мессежийг Мальт улсаас илгээсэн гэв. “Улс төрийн зохион байгуулалттай гэж харж болох энэхүү хууль бус ажиллагааг Румын болон Мальт улсаас хэн нэгэн гар утас үйлдвэрлэгч зарим компанийн сул талыг ашиглан, компьютерийн программаар дамжуулан, өөр дугаараас илгээж байгаа мэтээр харагдуулсан байх магадлалтай” гэж ноён Дэвид Холлидэй мэдэгдсэн юм. Тиймээс дээрх хоёр улсаас манай үүрэн холбооны операторуудтай холбогдох бүх хөдөлгөөнийг зогсоогоод байгаа бөгөөд “Водафон”-ы ямар дугаараас дээрх мессежийг илгээсэн, Монголын үүрэн холбооны оператор байгууллагын сим карт, эсвэл өөр ямар нэг төхөөрөмж ашигласан, эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

15.00 цаг. Тагнуулын ерөнхий газар Тус газрын Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Буяндалай энэхүү үйлдлийг нарийвчлан шалгахаа мэдэгдлээ. Мөн АН, МАХН-ын хамтын ажиллагааны гэрээний нууц хавсралт гээчийг МАН-ын Олон нийт, хэвлэл мэдээлэл, технологийн газрын дарга Н.Дэмбэрэл зарим ажилтны хамт хуурамчаар үйлдсэнийг баримтаар тогтоосон гэв.

16.00 цаг. Төрийн ордон МАН-ын хэвлэл мэдээлэл, PR, сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга Т.Гантулга, Хууль, эрх зүйн бодлогын газрын дарга Д.Мөрөн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга Ш.Раднаасэд нар ТЕГ-ын мэдээллийг үгүйсгэв. “Тус газар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гар хөл болж, улс төрийн шинжтэй үйл ажиллагаа явуулах болсон” гэж онцлоод АН, МАХН-ын хамтран ажиллах гэрээний хавсралтыг МАН үйлдээгүй хэмээсэн. Ингэхдээ ТЕГ-ынхан Тусгаар тогтнолын ордонд прокурорын зөвшөөрөлгүйгээр нэвтэрч компьютерүүдийн хард дискийг хураасан, ажилтнуудаас нь шөнийн цагаар тулган шаардах замаар мэдүүлэг авсан, нэр дурдагдсан хүмүүсээс тайлбар тодруулга авалгүйгээр гүжирдлэгийн шинжтэй мэдээлэл тараасан гэх үндэслэлээр холбогдох хууль, хяналтын байгууллагуудад хандах гэнэ. Мөн Н.Дэмбэрэл нь долоо хоногийн өмнө өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөөд байгаа гэв.

18.00 цаг. Төрийн ордон УИХ-ын зарим гишүүний гар утасны дугаарыг ашиглан мессеж илгээсэн нь Үндсэн хууль болон холбогдох хуулиудыг зөрчсөн үйлдэл гэдгийг УИХын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд нар албан ёсоор мэдэгдэв. Дээрх үйлдлийг шалгуулах болон зохих залруулга хийлгэх талаар холбогдох байгууллагад хандсан болохоо ч дуулгалаа. Тухайлбал, УИХын даргын дэргэдэх Зөвлөлөөс Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд эл асуудлыг шалгах Ажлын хэсэг байгуулах үүрэг өгсөн байна.

22.00 цаг. Төрийн ордон Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга Г.Батхүү, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар шуурхай мэдээлэл хийв. УИХ-ын зарим гишүүний нэр, утасны дугаарыг ашиглан тэднээс ирүүлж байгаа мэтээр иргэд, сонгогчид руу нь хандсан өдөөн хатгалга бүхий мессеж олноор илгээж байгаа явдлыг таслан зогсоох, хаанаас, хэн зохион байгуулж байгааг яаралтай олж илрүүлэхийг Тагнуул, Цагдаа, холбогдох хууль хяналтын байгууллагууд, Харилцаа холбооны зохицуулах хороо болон “Мобиком”, “Юнител” компаниудын удирдлагуудад даалгалаа. Мөн иргэдэд очих аливаа мессежид анхаарал болгоомжтой хандахыг сэрэмжлүүлэв.

Б.НОМИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД