Эбола вирус сарьсан багваахай, сармагчингаас хүнд халдварласан байж болзошгүй

2014 оны 10 сарын 24

Бөмбөрцөг дээр тархаад буй аймшигт тахал эболагийн талаар АШУҮИС-ийн багш нар өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэд иргэдийн дундах эл өвчний буруу ойлголтыг залруулан, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвл өгөө өгөв. Өчигдрийн байдлаар дэлхий дахинаа 10002 хүн эболагаар өвчилж, 4926 хүн нас бараад байна. Эл вирусийн халдвар анх 1976 онд Африкийн Конго улсад бүртгэгдсэнээс хойш үе үе дэгдэж байжээ. Аравдугаар сарын 20-ны байдлаар Нигер болон Сенегалд дэгдэлт зогссоныг ДЭМБ албан ёсоор зарласан. Гэсэн ч Либери, Гвиней, Сьера-Леонд өвчлөл нэмэгдэж, халдвар хурдан тархсаар байгаа аж. Тодруулбал, Либерид нэг, Сьера-Леон улсын бүх дүүрэгт халдвар тархжээ. Тиймээс ДЭМБ Сьера-Леонд нийгмийн ноцтой үзэгдэл үүссэнийг зарлалаа. Манайх шиг цөөн хүн амтай улсад энэ тахал тархвал үгээр илэрхийлэхийн аргаг үй гамшиг, гарз тохионо.

Улсын хэмжээнд энэхүү халдвараас иргэдээ хамгаалах арга хэмжээ зохион байгуулж буй ч бэлэн байдлын нөөц хангалтгүй байгаа. Тиймээс ЭМЯ-ныхан хамгаалалтын хувцас, ариутгалын бодис зэрэг байнгын бэлэн байдлаа хангахад зориулан Засгийн газар болон ДЭМБ-аас 637 сая төгрөгийн тусламж хүсч, шийдвэрлүүлсэн. “Судлаачид эбола вирусийг сарьсан багваахай, сармагчингаас хүнд халдварласан байж болзошгүй гэж таамаглаад буй” хэмээн АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн захирал С.Мөнхбаярлах хэлэв. Өөрөөр хэлбэл, нутгийн иргэд зэрлэг ан амьтан агнаж, түүхий махыг нь хүнсэндээ хэрэглэснээс халдвар тархсан гэж үзэж байгаа аж. Хүнээс ялгарах бүх төрлийн шингэн, зүү тариур, бэлгийн замаар халдварладаг эл тахал өвчтөнд 4.6 хоног л амьдрах хугацаа өгдөг. Тиймээс өвчин гарсан оронд зорчихгүй, арьс салстаа гэмтээлгүйгээр, хүн бүр гараа тогтмол угааж хэвшвэл энэ өвчнөөс сэргийлж чадна гэж зөвлөлөө.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД