ЗАЛУУ ТЕХНИКЧДИЙН ОРДНЫ “ЗҮРХ” ЗОГСООГҮЙ

2014 оны 10 сарын 24

  ЗХУ-д ч байхгүй техник, тоног төхөөрөмжтэй Залуу техникчдийн ордныг Ю.Цэдэнбалын гэргий Анастасия Ивановна Филатовагийн санаачилгаар Монголд 1975 онд байгуулсан гэдэг. Энэ ордонд авто машин, усан болон нисэх онгоцны, пуужин загвар, гэрэл зураг, одон орон судлал зэрэг 30 орчим дугуйлан үйл ажиллагаа явуулж, 2000 гаруй хүүхэд хичээлээс гадуур суралцаж байжээ. Тэд Монголын анхны машин “Мазаалай” (модоор хийсэн), салхин тэрэг, “Пионер” компьютер, “Хэрэм” мотоцикль, алсын удирдлагаар ажилладаг “Сансар” робот, цахилгаан хөгжим, нүүр, гарын саван, үнэртэй ус бүтээж, уран сайхны кино хийж байв. Харамсалтай нь, 1990 онд зах зээлийн нийгэмд шилжиж, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хороо татан буугдсанаар тус ордон харьяалах эзэнгүй болж, тухайн үеийн Гэгээрлийн яам харьяалалдаа авчээ. Ийн 1991 оноос Өсвөрийн зохион бүтээгчдийн төв сургууль болсон бол 2003 оноос Засгийн газар хоорондын санамж бичгийн дагуу Монгол, Энэтхэгийн хамтарсан сургууль болсон юм. Харин энэ хичээлийн жилээс Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль болжээ.

ОРОН НУТГИЙН СУРАГЧИД ДУГУЙЛАНД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ

Зах зээлийн нийгэмд шилжсэн ороо бусгаа үед Залуу техникчдийн ордны тоног төхөөрөмж алга болсон. Түүнчлэн авто машин, нисэх онгоц, пуужингийн загвараа туршдаг байсан газрыг нь хувийн хэвшлийнхэн эзэлж, өдгөө шилэн барилгууд сүндэрлэн, Залуу техникчдийн ордонд газар үлдээгүй. Иргэдийн дунд тус ордныг бүр мөсөн байхгүй болгосон , байранд нь хувийн сургууль үйл ажиллагаа явуулдаг гэсэн ойлголт бий. Ямар сайндаа л салбарын яамныхан нь сургуулийн нэрийг өөрчилж, хэдэн дугуйлан нэмчихээд нээлт хийх тухай ярьж байх вэ дээ. Сургуулийнхан Залуу техникчдийн ордны нэрийг нь өөрчилж, сургууль болгосон. Ордонд хичээллэдэг байсан дугуйлангуудыг мэргэжлийн сургалт болгож, зах зээлийн “шуурганд” байраа хувийн байгууллагад алдчихалгүй, өдий зэрэгтэй авч яваагаа хэлсэн юм. Тухайлбал, Өсвөрийн зохион бүтээгчдийн төв сургуульд компьютер программчлал, интерьер дизайн, уран зураг, хувцас загвар, электроник, хими болон хоол технологи, авто, усан загвар, нисэх загварын мэргэжлийн сургалт хичээллэж байж.

Харин Монгол, Энэтхэгийн хамтарсан сургуульд график дизайн, үсчин-гоо сайхан, модон урлал ба сийлбэрийн сургалтыг нэмж, электроник, хоол технологи, авто, усан болон нисэх загварын сургалтыг хөрөнгө мөнгөний гачигдлаас болж хассан байна. Өдгөө Өсв өрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуульд интерьер дизайн, хувцас загвар, компьютер программ, график дизайн, үсчин, гоо сайхан, хими технологийн сургалт, хар зураг, усан загварын дугуйлан хичээллэж байна. Тун удахгүй авто загвар, робокон, нисэх загварын дугуйлан үйл ажиллагаа явуулах гэнэ. Залуу техникчдийн ордонд ажиллаж байсан багш нар “Сургууль болгосноор ордон байхгүй болсон. Тэнд улсын, ядаж хотын хэмжээний дугуйлан ажиллах ёстой” гэж байв. Тэгвэл тус сургуулийн захирал А.Бадамцэцэг “Орон нутаг болон өөр сургуулийн сурагчид манай мэргэжлийн сургалт, дугуйлангуудад хамрагдах боломжтой. Гэхдээ тодорхой хэмжээний төлбөртэй байна. Тэр мөнгөөр багшийг цалинжуулж, сургалтын хэрэглэгдэхүүн авна. Төлбөрийг хараахан тогтоогоог үй” гэв.

ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮДИЙГ БЭЛТГЭНЭ

Энэ бол Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн уриа. Сургуулийн нэрийг өөрчлөх шийдвэр өнгөрсөн наймдугаар сарын 29-нд гарчээ. Мэргэжлийн сургалт, дугуйлангийн ангиудыг МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС-ийн нэрэмжит болгон, сургуулийн удирдлагад тохижуулах үүргийг салбарын яамнаас өгсөн байна. График дизайны анги өмнө нь гуравхан компьютертэй байснаас хүүхдүүд нэгнээ хүлээж, сургалт явуулахад хүндрэлтэй байж. Тэгвэл одоо тус ангид ХААИС-ийнхан 10 орчим сая төгрөгөөр засвар хийн, компьютер нийлүүлснээр цаг хугацаа хэмнэж, олон хүүхдийг сургалтад хамруулах боломжтой болжээ. Мөн МУБИС хувцас загварын ангид орчин үеийн оёдлын болон хатгамал, сүлжмэлийн машин, размер тааруулагчтай маникен авч өгсөн гэнэ.

Хувцас дизайны багш Б.Бор “Би 2008 оноос хойш энд ажиллаж байна. Намайг ажиллах хугацаанд манай хүүхдүүд “Үнсгэлжин” улсын наадмаас гурван гранпри авсан” гэв. ШУТИС нисэх загвар болон авто, усан загварын ангид 20 сая төгрөгийн хөрөнгө оруулах аж. Харин МУИС робоконы ангийг 20-иод сая төгр өгөөр байгуулахаар болжээ. Тэгвэл АШУҮИС хими технологийн ангийг тохижуулахаар болсон ч хөрөнгө нь шийдэгдээгүйгээс больсон гэнэ. Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуульд одоо VIIIXII ангийн 470 гаруй сурагч сурдаг. Тэд элсэхдээ зургаан мэргэжлээс сонгож, тухайн чиглэлээрээ их, дээд сургуулийн I, II курсийн оюутны хэмжээнд бэлтгэгдэн, төгсөхдөө бүтээл хамгаалж, үнэмлэхтэй төгсдөг аж. Хэрэв сонгосон мэргэжлээрээ цаашид сурахыг хүсэхгүй бол бүтээл хамгаалахгүй байсан ч болно. Түүнчлэн их, дээд сургуульд зарим хичээлээ үзэлгүй, дүйцүүлэн хаах боломжтой. Тус сургуулийн сурагчид хүүхэлдэйн кино, саван, шампунь, оо, баримлын шавар гээд олон зүйл хийсэн байв. Үсчин, гоо сайхны сургалтад хамрагддаг хүүхдүүд л гэхэд киноны баатруудыг амиллуулдаг. Ирээдүйн инженер, зохион бүтээгчдийг Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуульд бэлтгэж байна. Одоо дугуйлангийн тоог нэмж, үйл ажиллагааг илүү далайцтай байдлаар явуулах л үлджээ.

Тус сургуулийн захирал А.Бадамцэцэгээс зарим зүйл тодрууллаа.

-Монгол, Энэтхэгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулсан сургуулийн нэршлийг өөрчлөхөд түвэгтэй гэж байсан. Хэрхэн өөрчилсөн бэ?

-Монгол, Энэтхэгийн хамтарсан сургууль таван жилийн хугацаатай байгуулагдсан. Хугацаа нь дуусаад, гэрээг дахин сунгаагүй. Би энэ сургуульд 10 орчим жил багшаар ажилласан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард ажлаа аваад сургуулийн нэрийг өөрчлөхөөр Ажлын хэсэг байгуулж, хуучин нэрээр авах хүсэлтээ нийслэлийн Боловсролын газарт тавьсан юм.

-Нисэх, авто загварын багш олддоггүй. Байгаа цөөн хэд нь сургуулийн цалинг голдог гэсэн. Шинэ дугуйлангуудад ямар багш хичээл заах вэ?

-Багш нарыг их сургуулиуд санал болгож байгаа. Залуу техникчдийн ордонд ажиллаж байсан хүмүүс хүртэл бий. Сургалтын хөтөлбөр бэлэн болсон. Багш нарыг үндсэн ажилтантай адил цалинжуулахаар төлөвлөж байна.

-Сургуулийн нэр өөрчлөгдлөө. Төсөв нэмэгдсэн үү?

-Нэр өөрчлөгдөхөөс өмнө долдугаар сард 2015 оныхоо төсвийг өгчихсөн байсан. Төсвийн тодотголоор л оруулахгүй бол төсөв нэмэгдэхгүй.

-Шинээр үйл ажиллагаа явуулах дугуйлангуудыг хэзээ нээх бол?

-Хоёрдугаар улиралд нээхээр төлөвлөсөн ч МУИС-ийн тохижуулж байгаа робоконы ангид шаардлагатай материал, тоног төхөөрөмж гадаадаас авахаар болсон. Иймээс төлөвлөсөн хугацаандаа нээж чадахгүй болоод байна.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Хувцас загварын анги

ШУТИС-ийн тохижуулж байгаа нисэх загварын анги

ХААИС-ийн нэрэмжит график дизайны анги

Үсчин, гоо сайхны сургалтынхан

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.17.34 bi duguilan baixad n ybdag bailaa...xiisen ongotsoo gadna talbaid n nisgeed l saixan baij dee,xarin odoo xanatai n tulgaad baishin barisan xaragdana lee.Xuuchin nereeree ,xuuchin uil ajillagaagaa ybuulj baigaa yum bol sain bn amjilt.
202.72.245.51 Зүгээр л хуучнаар нь ЗТо болгох хэрэгтэй.Хэдэн амьтны мөнгөний хэрэгсэл байхыг эсэргүүцэж байна.Төлбөргүй юм уу бага төлбөртэй дугуйлангууд ажиллуулаад,төс