БИ БӨХӨД ХАЙРТАЙ ТУЛДАА Л ГАРЧ ИРСЭН ХҮН ДЭЭ

2014 оны 10 сарын 23

Чөлөөт бөхийн спортоор гялалзсан амжилт гаргаж улс эх орныхоо нэрийг дэлхийн тавцнаа мандуулж явсан МУГТ Н.Бүргэдаагаар монгол түмэн бахархдаг. Спортын карьераа дууссан ч тэрбээр өнөөдөр их спортдоо зүрх сэтгэлээ зориулж баг тамирчдаа дэмжиж явна.

-Манай спортын ихэнх алдартнууд эгэл жирийн малчин ардын хүүхдүүд байдаг. Тиймдээ ч тэд багаасаа адуу малтай ноцолдож, хүнд хүчир ажил хийж өссөн байдаг. Та ч мөн тэдний нэг?

-Хар багаасаа эмнэг адуутай ноцолдож хэдэн зуун ямаа, тэмээ хариулж, хад чулуунд авирч өссөн. Аргал угалз янгирын дунд л явж байдаг байлаа шүү дээ. Би төрөлхийн бие бялдрын хөгжил сайтай, барилдах авьяастай хүн л дээ Хүүхэд байхын спортод дуртай,анх спортын гимнастикаар хичээллэж эхэлснээсээ хойш оролдоогүй спортын төрөл гэж бараг байхгүй. Харин өндрийн харайлтанд нуруугаараа гологдоод хожигдчихдог байсан юм. Намайг бөхийн замд ороход олон улсын шүүгч Дүгэрсүрэн багш маш их нөлөөлсөн. Цэргээс халагдаж ирээд “Алдар” нийгэмлэгт ороход Ч.Дамдиншарав багш,А.Баатархүү, Дүгэрсүрэн, Ишгэн заан, Цэрэногтох аварга нар байсан. Миний хувьд ах дүү хоёр болох Ардын багш, Ч.Насантогтох, Ч.Дамдиншарав нарын шавь болж монголын номер нэг дасгалжуулагчдын ивээлд багтсан нь миний аз завшаан. Энэ хоёр ачтаны хүчээр самбо, чөлөөт бөхөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн. Жүдогоор ч бас барилдаж байсан.

Сонгомол барилдаанаар анх Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн болсон юм. Түүнд оролцож аварга болж байсан хүүхдүүд сүүлдээ бүгд сайжирсан. Гэвч манайхаас бусад оронд сонгомолоо орхиод чөлөөтийг дагначихсан байдаг. Чөлөөт бөхийг хөгжүүлье гэвэл сонгомол бөхийг хамтад нь хөгжүүлэх ёстой. Цэрэндагва багшийн ивээл дор Даваажав Жавхлантөгс, Жаргалсайхан бид нар сонгомолын анхны шигшээд ороод сүүлдээ сайн тамирчид болсон. Ялангуяа олимпийн мөнгөн медальт Даваажав цээж барилдаантай, би босоо барилдаантай, босоо барилдаанаар дэлхийн бөхчүүдэд хожигдож оноо алдаагүй. Самбо бөхөөр олон удаа аварга болох байсан.

-Ингэхэд таныг шигшээ багт хожим орсон хэрнээ богино хугацаанд өндөр амжилт гаргасныг тань үнэлэх хүн олон байдаг?

-Миний хувьд дээрээс дэмжлэггүй болохоор олон жил хохирсон. Танхай хөдөлгөөнтэй гээд шигшээд авахгүй байсаар байгаад 29 настайдаа шигшээ багт орж байлаа. Өөрөөр хэлбэл барилдах нас нь дуусчихсан байхад Зөвлөлтийн мэргэжилтэн хүн дааж авч шигшээ багт оруулж байлаа. Гэвч би энэ хугацаанд олон жил бие дааж өөрөө өөрийгөө бэлдэж байсан. Тэр үед Ж. Мөнхбат аварга энэ танхай хүн яах гэж орсон юм гээд хөөгөөд гаргадаг байлаа. Гэсэн ч би энэ бүхэнд шантралгүй энд тэндхийн дугуйлангууд дээр очоод л бэлтгэлээ таслахгүй хийгээд л явдаг байсан. Нэг ёсны би бөхөд хайртай тулдаа л гарч ирсэн гэж хэлж болно. Миний хоёр багш надад бөхийн суурийг үнэхээр сайн тавьж өгсөн гэж боддог. 1981 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртчихээд дараа жилийн тэмцээнд амжилтаа ахиулна даа гэж бодож байтал 1982 оны ДАШТ-нд Монгол Улс багаараа яваагүй. 1964 онд монголын шигшээ баг байгуулагдсанаас хойш 2014 он хүртэл дэлхий, олимпийн наадмыг таслаагүй. Энэ үед Оюунболд, З.Дүвчин бид нар ид сайн байсан. Ялангуяа би тэр жилдээ хожигдоогүй, ганц нэг удаа шүүгчдийн будилаанаас болоод мөнгөн медаль авч байсан үе л дээ. Гэсэн ч надад аварга болох боломжууд байсан. Зургаахан сарын дараа болсон дээрх ДАШТ-нд аварга болно гэсэн зорилготой байсан. Багш нар маань ч надад итгэл хүлээлгэж байсан. Гэсэн ч үүнд мөн л үзэл бодлын зөрчилдөөн нөлөөлсөн. Бүх спортод атаархал байдаг.Түүн шиг ДАШТ-ийг өнжсөн нь тэр үеийн томчуудтай холбоотой гэдэг. Нэг жил ДАШТ-ээс медаль авсан тамирчин дараа жил заавал медаль авдаг жамтай. Бөхийн хувьд би өөрийгөө байж болшгүй авьяастай хүн гэж боддог. Багш нар маань ч бүх төрлөөр эн тэнцүүхэн барилдаж чаддаг гэж хэлдэг байсан. Хөдөлмөрийн баатар З.Ойдов гуай ид сайн байхдаа самбо бөхийн ДАШТ-нд ороод өчүүлээд гарч байлаа. Дамдиншарав, Насантогтох багш хоёр шигшээ багийн ахлах тринер байхдаа чөлөөт самбо бөхийн багийн уулзалт хийдэг байсан юм. Гэтэл чөлөөтийнхөн арав, самбынхан арав ялаад л гардаг байлаа. Тэр үед би чөлөөтөд байвал самбынхныг ялдаг, самбод бэлтгэл хийж байвал чөлөөтийнхнөөс нэгийг нь ялаад гардаг байлаа даа.

-Тэгвэл та яагаад спортын карьераа дуусгаад дасгалжуулагч болоогүй юм бэ?

-Надад сайн багш байх боломж байсан. Гэвч атаа жөтөө, жалга дов, төрийн оролцооноос болоод болж чадаагүй. Харин Орос, Хятад улсад дасгалжуулагч хийж байсан. Гэвч би чөлөөт бөхийн дэлхийн аварга байсан бол өнөөдөр өдий дайны амьдарч чадахгүй байх байсан. Бурхан ингэж хүний амьдралыг зохицуулж өгдөг юм байна. Чамд чөлөөт бөхийн амжилт ингээд л болоо, аяндаа чамайг том бизнесмен болгож өгнө гэж тааруулсан байх гэж боддог юм.

-Одоо та барилгын салбарт хүч сорьж байна.

-Нутгийнхаа хоёр дүүтэй хамтарч “Алтай тайгам” компаниа байгуулаад өдгөө хоёр хороолол бариад байна. Улсад их хэмжээний татвар төлж байгаа баялаг бүтээгч компани. Жинхэнэ шударга хөдөлмөрөөрөө айл гэрийн гал голомтыг бэлдэж байна. Цаашдаа спортын бусад бүх төрлүүдэд оролцоно гэж бодож байгаа.Спорт бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатарын зөвлөхөөр ажиллаж байгаа. Нараа дарга ДАШТ-д 60,66 кг-д бэлтгэл хангагч нь болоод өөрөө дунд ороод л хамт барилдаад байсан. Энэ туршлагатай тамирчингаас тухайн жингийн хоёр тамирчин маш их зүйл сурсан даа. Тийм учраас тэр хоёр тамирчны медаль авдагийн 20 хувь нь Наранбаатар даргын сургалттай холбоотой гэж бодож байгаа. Зав чөлөөгүй ажлынхаа хажуугаар бөхчүүдтэйгээ ингэж дотно ажиллана гэдэг гайхалтай.

-Чөлөөт бөх хэзээний ард түмний хайртай спорт байсаар ирсэн. Энэ бүхэн ч таны ажилд нөлөөлдөг байх гэж бодож байна?

-Тэгэлгүй яахав. Ялангуяа бизнесийнхээ чиглэлээр төрийн албан хаагчидтай уулзахад ажлыг минь дэмжээд тэр хэмжээгээр хөөцөлдсөн ажил маань их бүтэмжтэй байдаг юм. Барилгын компани маань ингэтлээ өргөжин тэлсэн нь бөхөд хайртай ард түмний өгөөмөр тус гэж боддог.

-Энэ жилийн ДАШТ-нийг таниас салгаж ойлгож боломгүй. Та баг тамирчдаа дэмжиж их хэмжээний хөрөнгө мөнгө хандивласан болохоор тамирчид өндөр амжилт гаргалаа шүү дээ?

-Чөлөөт бөхийн эрэгтэй баг 1980 оноос хойш олимпийн медаль аваагүй. Гэтэл саяын ДАШТ-д хос медаль авч, гурван хүн финалд үлдлээ. Бөхийнхөө буянаар барилгын салбарт амжилт үзүүлж байгаа болохоор бөхдөө буян үйлдэх ёстой гэж бодоод эрэгтэй багийг хоёр гурван жил дааж авч явна. “Дэлхийн цом”-д гэхэд л арав гаруй сая төгрөг, ДАШТ-д 20 гаруй сая төгрөг гаргасан. Наранбаатар дарга найман жингийн гурван багшийнхаа хоолны мөнгийг би даая, та бусад тамирчин, бэлтгэл хангагчийн мөнгийг даа гэж хэлсэн. 50 гаруй хүн Эрдэнэтийн олимп баазад бэлтгэлийг нь хангуулсан. Түүгээр зогсохгүй тамирчиддаа дуртай зүйлээ бас эхнэр хүүхэд найздаа бэлэг ав гэж хармайных нь мөнгийг нь өгдөг. Ингэж тамирчид сэтгэл санаа нь өндөр байж өндөр амжилт үзүүлсэн. 30 гаруй жилийн дараа ийм өндөр амжилт гаргуулсанд манай бөхийн хамт олон надад үнэхээр баярласан. Энэ утгаараа би шигшээ багийн тамирчидтайгаа нэг гэр бүл болчихоод байгаа. Дэлхийд чөлөөт бөх өндөр хөгжсөн байна. Учир өмнө нь ДАШТ-нд 30 гаруй орон оролцдог байсан бол одоо 106 орон оролцож байх жишээтэй. Энэ бол эрэгтэй чөлөөт бөх өндөр хөгжсөний тод жишээ. Огт мэдэхгүй орны тамирчид хүртэл финалд ороод ирж байна. Бөх хөгжөөгүй оронд худалдан авалтаар гэрээт бөхчүүд байдаг юм байна. 800 гаруй тамирчдаас 32-хон бөх медалийн төлөө өрсөлдөж тухайн улсынхаа аварга болсон шилдэг бөхчүүдээс хоёр медалийг нь Монгол Улс авсан. Энэ дундаас Болгар Зөвлөлтийн тусгаарласан бөхтэй орнууд,Герман зэрэг орнууд медальгүй уйлаад буцсан шүү дээ. Эндээс Соёл спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл сайд спортыг хувийн хэвшлийнхэн авч явдаг юм байна гэдгийг ойлгож, спортыг ингэж зүрх сэтгэлээсээ дэмжиж байгаа компаниудыг бахдаж байсан.

-Таныг өөрийгөө таньж мэдэхэд боломж олгосон зүйл юу вэ?

-Хөдөлмөр хүнийг бий болгодог.Угаасаа ч би өөрөө ясны хөдөлмөрч хүн. Авьяас хүн болгонд байдаг, харин гоц авьяас хүн болгонд байдаг боловч хөдөлмөргүйгээр амжилтанд хүрэхгүй.Хэрвээ би малчин байсан бол хөдөлмөрийн баатар л болох байсан. Барилгад ч баатар болно л гэж бодож байгаа. Амьдралынхаа ихэнх хугацааг ажил хөдөлмөрт зориулсан. Хөдөлмөрийнхөө хүчээр улс эх орон, ард түмэндээ их зүйл хийж байгаа.

-Таныг улс төрд орж байгаа гэж сонссон. Үүнээс улбаалан 2016 оны сонгуульд оролцоно гэж бодож байгаа байлгүй дээ?

-Ард түмэн намчирхахгүй, сонгуулд оролцож байгаа хүнээ хувь хүн талаас нь харж энэ хэр эх оронч хүн бэ, эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд юу бүтээсэн юм, цаашид эх орныхоо төлөө юу хийх зорилготой явж байна вэ гэдгийг ялгах хэрэгтэй. Өмнөх сонгуульд Нийслэлийн ИТХ-д нэр дэвшиж байсан. Гэвч баялаг бүтээж байгаа хүмүүст ямар нэг улс төрийн нөлөө ордог юм билээ. Хийсэн ажлаа урагшлуулахын тулд төрд оролцох ёстой юм гэдгийг ойлгосон. Одоо би Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч. Ирэх сонгуульд оролцоно гэж бодож байгаа. Гуравхан сая хүн амтай манай улсын хувьд баяжсан олигархи хүмүүс оруулахыг болих хэрэгтэй. Юм үзэж, нүд тайлсан төр улсдаа бүтээн байгуулалцсан маргаашийгаа харсан алсын хараатай хүмүүс хэрэгтэй. Ялангуяа залуучуудыг улс төрд оруулах шаардлагагүй. Би гадагшаа яваад долоо ч хонож чаддаггүй. Гэтэл өнөөдөр улс төрөөс арчигдчих юм бол би энд амьдарна гээд гадаадад гэр орноо бэлдээд үр хүүхдүүдээ аваачаад суулгачихсан хүн олон байна шүү дээ. Ингэж монголын мөнгийг хураагаад дэлхийн тэрбумтанууд асар их төрсөн байна.Миний хувьд төрд гарах юм бол олсон мөнгөө улс эх орон, ард түмэн, спортдоо зориулна гэж бодож байгаа.

-Та эрх мэдэл, мөнгө гэдгийг өөрийнхөөрөө тайлбарлахгүй юу?

-Хүний амьдрал богинохон байдаг учраас мөнгө хэрэггүй зүйл. Одоо би Удирдлагын академид төрийн удирдлагаар сурч байгаа. Багш маань дэлхийн агуу улс төрч эрдэмтэн хүн ардчилал буруудах юм бол чи өөрийгөө буруутга гэж хэлсэн гэж ярьсан.Энэ нь хувь хүн миний буруу байсан учраас нийгэм ардчилал буруудсан гэж ойлгох хэрэгтэй гэсэн үг. 1979 онд биднийг “Дэлхийн цом”- ын тэмцээнд оролцож явахад монгол гэж ямар улс байдгийг мэддэггүй Өвөрмонгол л гэж ойлгоод монгол гэж хүчирхэг гүрэн байдгийг мэддэггүй байсан. 1964 Токиогийн олимпод монгол зодог шуудгаа өмсөөд тугаа намируулаад орж ирж байхад л таньдаггүй байлаа. Америкийн зурагтаар Монгол Улс гуравт орлоо гэж ярьж байхад гайхаад газрын зураг дээр хүртэл байдаггүй байсан. Ингэж монгол гэдэг нэрийг дэлхийд таниулж өгсөн их спортдоо монголын ард түмэн хайртай байх ёстой. Тухайн орны материаллаг бааз нь хөгжиж үү, нийгэм соёлын дэвшил нь ямар байна,шинжлэх ухаан нь яаж хөгжиж вэ гэдгийг ганцхан их спорт л харуулдаг.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.121.229 Pizda chi bairnii m2aas hulgai hiihee bolioch ee. Bas hohiroloo baragduul za gov altain muusain hulgaich nar