АЙМГИЙН АРСЛАН Б.ЧИМЭДВАНДАН: УЛСЫН ГАРЬД Б.ГОНЧИГДАМБА АХЫНХАА АЧ БУЯНЫГ ХАРИУЛЖ САЙН БӨХ БОЛОХ ЮМСАН ГЭЖ БОДДОГ

2014 оны 10 сарын 23

Монгол бөхийн өлгий нутгуудын нэг Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Зэвсэгт хүчний 017-р анги, “Идэр Андууд” компаний бөх, аймгийн арслан Батцэнгэлийн Чимэдвандантай ярилцлаа. Даруу төлөв зантай, галбир хийц сайхантай түүнийг том цолд хүрэх бөх хэмээн бөхийн мэргэжилтэн, багш нар үнэлдэг. Тэрээр саяхан болсон аймаг цэргийн цолтны барилдаанд үзүүр булаасан билээ.

БӨХ БОЛЖ ЧАДАХГҮЙ ЮМ БАЙНА ГЭЭД ХӨДӨӨ ЯВААД ГУРВАН ЖИЛ БОЛСОН

-Аав чинь цэргийн заан цолтой гэл үү?

-Тийм. Цэрэгт байхдаа цэргийн заан цол хүртсэн юм билээ. Тэр үедээ цолны үнэмлэхээ авалгүй цэргээс халагдаад нутаг руугаа явчихсан. Харин ноднин Гончиг ахын /улсын гарьд Б.Гончигдамба/ гарьд цолны наадмаар архивт ажилладаг нэг ах тухайн үеийн материалыг шүүж үзээд цолны үнэмлэхийг гардуулж өгсөн шүү.

-Өөр наадмуудад яаж барилдаж байсан бол?

-Ерөнхийдөө хөдөөнөө л байдаг байсан даа. Сумын наадамд нэлээн олон удаа түрүүлсэн. Нэгэнт цолны үнэмлэх нь байхгүй болохоор сумын заан цолтой л барилддаг байсан гэдэг.

-Аав чинь том биетэй хүн байна лээ дээ?

-Залуудаа бүр том биетэй байсан гэдэг юм. Хүмүүс “Чи аавынхаа хаана ч хүрэхгүй “ гээд л байдаг. Одоо нас нь ахиад бүр жижигрээд л байх болж дээ. -Анх хэзээнээс барилдаж эхэлсэн бэ? -Манай аавын дүү бас аймгийн заан цолтой хүн бий. Сумандаа биеийн тамирын багш хийдэг. Ах маань “Аймагт тэмцээнд оролц” гээд аймгийн аваргад анх авч очиж байсан. Тэнд а.а С.Юнрэн багшийнхаа шавь болж байлаа.

-Улсын аварга шалгаруулах тэмцээнд хэд оролцсон бэ?

-Өсвөр үеийн УАШТ-д гурван удаа оролцсон. Говьсүмбэрт болоход 21-т ороод, Ховдод 12-т орсон. Сүүлд Төв аймагт ахлах насанд оролцоод эхний хэсэгт унаагүй байж байгаад сүүлд гурав унаад дөрөвдүгээр байрт шалгарсан. Эхний гуравт у.н Б.Сугаржаргал, а.з С.Ган-Идэр, Говь-Алтайд энэ жил түрүүлсэн А.Хосбаяр нар орж байсан. Бас Увсын а.н Т.Аззаяа тавдугаар байрт орж байсан санагдана.

-УАШТ-д дөрөвт орчихсон хүн гэдэг бол бөөн урам зориг байна биз дээ?

-Харин ч эсрэгээрээ байсан шүү. Тухайн үед их дээгүүр барилдана гээд бодчихсон байсан юм уу, ямар ч гэсэн бөх болж чадахгүй юм байна гээд хөдөө яваад гурван жил болсон доо.

-Хөдөө очоод сумандаа түрүүлсэн үү?

-Манай сумын босго их хатуу шүү. Би чинь сумандаа түрүүлж үзээгүй, барилдаад хоёр, гурав дээр уначихна. Тэгэхэд аав, аавын дүү нар шөвгөрөөд түрүүлж үзүүрлэдэг байлаа. Хөдөөнөө байдаг сайхан бөхчүүд олонтой Манай суманд ер нь гадны бөх түрүүлдэггүй юм.

-Хөдөө очоод гурван жил болжээ. 2007 оны үед аймаг цэрэгт барилдаад гурав давж байсан санагдаад байх юм?

-Тэгэхэд самбын улсын аваргад барилдахаар ирсэн байсан. Бөхийн өргөөнд барилдаан болно гэхээр нь бөх үзэхийн тулд бүртгүүлээд орчихсон. Одоогийн а.а Г.Баасандорж ахын өмсгөлийг өмсөөд барилдсан юм. Тэр үед сумын заанууд тэгшитгэлийн барилдаанд барилддаг байсан юм. Би Говь-Алтайн Ш.Шинэбаяртай барилдаад давж аймаг цэрэгт орж барилдах эрх авсан. Аймгийн арслан К.Канатаар гурав даваад харцага Ц.Содномдоржид унаж байсан байх шүү.

ААВ МААНЬ Л ИХ БАŸРЛАСАН ДАА

-Хөдөөнөөс “бүрмөсөн” хэзээ орж ирэв?

-2010 онд л бэлтгэл хийе, барилдъя гэж шийдээд ирсэн. Хотод ирээд Гончиг ахынхаа заавар зөвлөгөөгөөр бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн дээ. Яах аргагүй миний багш, намайг бөх болгосон хүн.

-Бэлтгэл хийж эхлээд л сайн барилдана гэж байхгүй байх. Хэзээнээс гайгүй барилдаж эхлэв?

-Сумын заанд бол хичээгээд л нэг давдаг байсан шүү. Аймаг цэрэгт бол бараг давахгүй. Харин нэг удаа хоёр даваад улсын начин Р.Пүрэвдагвад унаж байсан. Сүүлд нэг сумын заануудын барилдаанд сүүлийн зургаад үлдээд түүнээс хойш л арай гайгүй барилдсан .

-Сайн барилдаж чадахгүй үедээ шантарч байв уу?

-Гайгүй шүү. Болно доо гэж боддог байсан. Бэлтгэлээ сайн хийгээд байвал сайн барилдана даа л гэж боддог байсан. Бас Гончиг ах маань “Чи ямар алдаа гаргаад унав, яагаад унасан бэ гэдгээ сайн бод. Тэгж байж сайн барилдана” гэж хэлдэг байсан .

-Хүмүүс өөрийг чинь Гончигдамба гарьдтай их адилхан гээд байдаг. Садан төрлийн холбоотой юу?

-Садан төрлийн холбоо бол байхгүй. Бэлтгэл хийж эхэлсэн цагаасаа л ахынхаа шавь болж явна даа.

-Гараа дэвээг чинь хүртэл их адилхан гэдэг шүү дээ?

-Би бол үгүй л гэж боддог. Бид хоёр чинь өөр хүмүүс шүү дээ /инээв./. Гончиг ах улсын начин болсныхоо дараа өмсөж байсан гутал, шуудгаа надад өгч байсан юм. Хүмүүс түүнийг нь харчихаад л “адилхан гутал өмсчихөж” гээд байсан байх аа.

-Зорилгоосоо хуваалцаач?

-Улсын өндөр цол авч сайн барилдахыг л зорьж байна даа.

-Хэд хоногийн өмнө уулзахад “Яавал сайн барилдах вэ” гэж байсан даа. Саяны аймаг цэрэгт сайн барилдлаа. Яаж сайн барилдав?

-(инээв.) Аз л байх даа. Тухай тухайн даваанд таарсан бөхчүүдтэйгээ хичээж барилдсан.

-Намар нэг хэсэг тааруухан барилдаад байх шиг байсан?

-Шинэ цол авчихаад цолныхоо хэмжээнд барилдах юмсан гэж их хичээсэн. Хүсэхэд хясна гэдэг шиг намар нэг л болж өгөхгүй доор унаад байсан .Би наадмын дараа байнгын бэлтгэлтэй байсан. Ерөнхийдөө бэлтгэл цөмөрсөн байсан юм шиг байна лээ. Саяхан Гончиг ах “Бэлтгэлээ сайхан тааруулаад амралтын байдалтай бай. Эхний даваануудад жаахан зуурах байх. Тэгээд ерөнхийдөө сайхан болчихно” гэсэн. Яг түүгээр нь амраад бэлтгэлээ зохицуулаад саяны барилдаанд барилдсан.

-Энэ жил наадмын бэлтгэлд хаана гарсан билээ?

-Манай Завханы бөхчүүд наадмын бэлтгэлд нутагтаа гараад, сүүлд Сүүжид ирж хэд хоносон. Аймгийн наадам болохын урд өдөр Завханд очсон.

-Арслан болсон наадмынхаа талаар яриач?

-Наадмын эхний өдөр нэг хоёрын даваа болсон. Маргааш нь гурав дээр с.з Д.Хандсүрэнг амлаж даваад дөрвийн оноолтод нэг сумын бөх, дотны найз С.Доёддоржтой таарч барилдсан. Нэгэнт оноолтоор таарсан болохоор харгүй сайхан барилдаад л давсан. Тавын даваанд сая аймаг цэрэгт хоёр давдаг Цэцэн-Уулын “өндөр” Г.Анхбаярыг амлаж баруун золгооноос тойгдоод давсан. Зургаагийн даваанд шинэ начин Хангал ахыг амлаж давсан.

-З.Хангалбаатар олон жил аймгийн цолны төлөө барилдсан, сумдын наадамд олон түрүүлсэн туршлагатай хүн. Яаж барилдав?

-Манай Хангал ах чинь халж сэлээд хөл авчихдаг, этдэг, өшиглөдөг мэхтэй мундаг бөх л дөө. Хамгаалж барилдаад шуудагнаас татаад давсан.

-Лав барьцнаас найдвартай мэхээр давжээ?

-Өмнө нь хэд хэдэн удаа наадмын доор даваанд уначихсан хүн чинь хүний шийдсэн мэхэнд уначихгүй юмсан, хамаагүй юм хийж болохгүй гэж бодож байсан л даа. Тийм болохоор даваа бүрт хянуур няхуур барилдсан.

-Зааны даваанд?

-Өсөхбаатарыг амлаж давсан. Бид хоёр чинь өнгөрсөн жил сумын заануудын барилдаанд хэд хэд таарсан л даа, бөхийн өргөөнд, Төв аймагт гээд л. ХААИСд болсон барилдаанд би элэг бүсдээд автал суганд эргээд Өсөхөө давсан. Ер нь их спортын хүн юм болохоор хурдтай, тэсрэлттэй барилддаг. Наадмаар элэг бүснээс хонгодоод давсан.

-Үзүүр түрүүнд гарахдаа юу бодож байв. Шатах ч гэдэг юм уу тийм зүйл байсан уу?

-Би харин ёстой тэгдэггүй юм аа. Зүгээр сайхан барилдана л гэж боддог. Бэгзсүрэнтэй золгохоос өмнө сэрвүү барьцнаас ажиллах бодолтой гарсан. Баруун хөлийг тойрч аваад тэндээсээ алсын сүвээний барьц авч хашиж мордоод давсан.

-Арслан болоод их баярлав уу?

-Би ерөнхийдөө сэтгэл хөдлөл багатай. Баярлаж байсан ч гэлээ тайван сайхан байсан. Харин аав маань л их баярласан даа. Хүүгээ цол авахыг харахаар таван жил аймгийн наадамд очсон. Намайг очихоос өмнө л яваад оччихдог юм. Тав давахад хажуудаа сууж байсан хүний гараас базаад босоод ирсэн гэнэ лээ /инээв/.

-Наадмын өмнө Гончигдамба гарьд ямар зөвлөгөө өгч байв?

-“Ямар бэлтгэл хийсэн, наадамд ямар мэх бэлтгэсэн билээ түүнийгээ л гаргаж барилдана шүү” гэж захисан.

ХЭЧНЭЭН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ Ч БАРИЛДААНААС ТӨСӨӨРЧИХДӨГ ЮМ БАЙНА ЛЭЭ

-Өмнө нь аймгийн цол авч байсан, тэр тухайд?

-2012 онд Дундговь аймгийн наадамд барилдаад Гончиг ах маань зургаагийн даваанд амлаж аваад би харцага болж байсан. Хууль дүрэм зөрчсөн гэсэн үндэслэлээр тэр наадмаас цол авсан бөхчүүдийн цолыг тооцоогүй юм. Тэр наадмаас хойш би бараг бүтэн жил барилдаагүй.

-Бүтэн жил барилдахгүй байж байгаад сумын заануудын барилдаанд шууд үзүүрлэсэн дээ?

-Барилдахгүй байсан ч гэсэн бэлтгэлээ хийгээд л байсан. Тэгээд сумын заануудынхаа барилдаанд Э.Даштай үлдэж үзүүрлэсэн.

-Залуу арслан Э.Даштай хэд хэд таарч барилдсан байх. Миний санахаар гол төлөв унаад байх шиг?

-Даштай гурав барилдаж, гурав унасан. Нэг л болж өгөхгүй унаад байна.

-Өмнөговь аймгийн наадамд гурав дээр тунаж барилдсан гэсэн үү?

-Тэгсэн. Шуудагнаас мөргөж хөөгөөд дагуулж ширвэж хавируулаад унасан.

-Өнөө жилийн Говь-Алтай, Хөвсгөлийн наадмуудыг мөн тооцоогүй. Өөрөө энэ байдалд байж үзсэн учраас асууж байна л даа. Тэр наадмуудад цол авсан залуус одоо бас л барилдахгүй байна?

-Ер нь барилдаж л байсан нь дээр гэж хэлье. Тэгэхгүй бол бас хэчнээн бэлтгэл хийлээ ч барилдаанаас төсөөрчихдөг юм байна лээ.

-Хоёулаа саяны барилдааны талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Хоёрын даваанаас хатуу учраа таарсан даа?

-Хоёрын даваанд аймгийн нэмэх начин Т.Ядамсүрэнтэй таарсан. Урд өмнө нь би унаж байсан л даа. Тийм болохоор бас ахиад унахгүйг хичээж барилдаад давсан.

-Гурвын даваанд тунаж барилдсан а.х Д.Тогтохжаргалд урд өдөр нь болсон Увс нуур дэвжээний барилдаанд унасан байсан?

-Тогтохжаргал бид хоёр тэр барилдаанд бас тунаж барилдсан. Би шуудагнаас мөргөж хөөгөөд дагуулж мушгиулаад унасан л даа. Өмнө нь сумын заан байхдаа Тогтохжаргал намайг нэг амлаж би давж байсан. Одоогоор гурван удаа таарч барилдаад байна.

-Дараагийн даваануудын учраанууд хэн хэн байлаа?

-Өмнөговийн Ш.Дарханбат арслантай таарч барилдсан. Дунгуйлдаж татаад давсан. Тав дээр а.а Ч.Хөхчирэнгэртэй тунаад тахимдаад давсан. Зургаад а.а Ч.Ганзориг ахтай тунаж барилдсан. Ганзориг ах мэдээж их спортын хүн болохоор хөлд орж хурдтай барилдана. Тэгэхээр шийдсэн юм хийх хэрэгтэй гэж бодсон. Зүүн хөлд тойронгуут сөрж баруунд нь тойрч ороод алсын сүвээ аваад тахимдсан. Их шөвөгт а.н Ц.Сандагдоржтой тунасан. Хүнд жинтэй, биеэ сайн сулладаг, бас мэдрэмжтэй л дээ манай Сандаг. Тийм болохоор хамаагүй мэх хийж болохгүй байсан. Золгооноос баруун тахимдаад давсан. Өмнө нь бас Сандагдорж, Хөхчирэнгэр нарт унаж байсан болохоор бас сайн барилдахыг хичээсэн.

-Үзүүрт их амархан шороодлоо доо?

-Одгэрэл ахын барилдаанд яг орчихсон л доо. Уг нь өөрөө санаачлага аваад барилдсан бол барилдаан гарах байсан байх.

-Ерөнхийдөө тахимдах мэхийг их даалгаж хийж байна. Гончиг гарьдаар заалгав уу?

-Багадаа ерөнхийдөө хийдэг л байсан. Гэхдээ энд бэлтгэл хийж эхэлснээс хойш Гончиг ахаараа сайн заалгаж арай гайгүй хийдэг болсон.

-Өөр ямар мэх хийж байна?

-Шуудагнаас мөргөнө бас тойгдоно. Анх Юнрэн Багш маань зааж өгсөн л дөө тойгдоо мэхийг.

-Хоёр талаараа золгодог бил үү?

-Тийм. Ер нь бол зүүн талтай л даа. Гэхдээ бас баруун золгодог хүмүүстэй бол тэр талаар нь золгоод л барилдчихдаг.

-Хүчний бэлтгэл хийж байна уу?

-Ер нь нэг их хийдэггүй. Дэвжээний бэлтгэл л хийдэг.

-Ингэхэд их спортоор хэр амжилттай билээ?

-Самбо, жүдогоор өсвөр залуучуудын улсын аваргын хүрэл медальтай. Одоо бас чөлөөт бөхийн бэлтгэл хийж байгаа.

-Үе тэнгийн олон сайхан залуус барилдаж байна. Дотно найзууд гэвэл?

-А.а Пүрэвгарьд, а.з Бэгзсүрэн, а.з Шаравнямбуу, а.х Бат-Эрдэнэ, а.х Өсөхбаатар, а.н Мөнхтогтох, а.н Доржсүрэн, с.з Дэмиддорж, с.з Доёддорж гээд нутгийн олон залуустай сайхан нөхөрлөдөг. Мөн а.а Даш, с.з Энхчулуун гээд найзууд маань бий. Ер нь үе тэнгийн залуустай мэндтэй, устай сайхан явдаг.

-Тэгвэл үлгэр дуурайлал авдаг бөх гэвэл?

-Гончигдамба гарьд, Уламбаяр начин ах нарыгаа харж л үлгэр дуурайлал авдаг даа. Бага байхдаа у.г И.Доржсамбууг их дэмждэг байсан.

-Өөрөө барилдааны үед их тайван хүлээцтэй байх шиг харагддаг?

-Ерөнхийдөө тайван байхыг хичээдэг л дээ. Тэгээд ч бөх хүн унасан давснаа мэддэг. Улаан цайм уначихаад маргаад байхгүй, ойролцоо унавал зэрэгцээд дэвэхгүйг боддог. Ноднин сумын заануудын барилдаанд Баянмөнхтэй үлдээд ард нь гараад Баянаа давхар ачсан. Тэгэхэд Баянаа түрүүлээд тохойлдчихсон юм. Би ч давснаа мэдсэн л дээ. Гэтэл тайлбарлагч Баянааг давлаа гээд зарлахаар нь тахимаа өгчихсөн. Сүүлд Баянаа надад “Найз нь унасан юм байна лээ. Чи унасан давснаа мэддэг юм байна” гэж байсан.

-Жижиг биетэй хүнтэй барилдахад эвтэйхэн байдаг уу, том биетэй хүнтэй барилдах амар уу?

-Их жижиг хүн бол хэцүү, бүүр том нь бас хэцүү. Гэхдээ тухайн барилдаж байгаа хүндээ тааруулаад барилдахыг хичээдэг дээ.

-Барилдахад мэдээж дэмжлэг хэрэгтэй?

-Тийм шүү. Бөхөд хамгийн чухал зүйл дэмжлэг. Намайг сумын заанд ч сайн барилддаггүй байхад минь дэмжиж эхэлсэн “Идэр Андууд” компаний захирал Уртнасан ахдаа, мөн компанийхаа хамт олонд, мөн хурандаа Балдан-Очир захирагчтай Зэвсэгт хүчний 017-р ангийн хамт олондоо, өөрийн багш улсын гарьд Б.Гончигдамба ахдаа, гэр бүлийнхэндээ болоод намайг дэмждэг бүх хүмүүст их баярлаж явдагаа хэлье.

-Ар гэрийн байдал найдвартай байхгүй бол болохгүй байх?

-Тэр мэдээж. Эхнэр маань л ар гэрээ авч явдаг даа. Би эхнэр охиныхоо хамт амьдардаг.

-Сайхан ярилцсанд баярлалаа.

Т.ТҮМЭНДЭМБЭРЭЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.118.98 hi saihan yariltslaga boljee iim daryyhan bgaad beltgelee sain hiibel ylsiin tsol abnaa nytgiin dyy