“МОНГОЛЫНХОО НЭРИЙГ ЦУУРАЙТУУЛАХ САЙН ТАМИРЧИН ТӨРҮҮЛЭХИЙН ТУЛД ХҮҮХДҮҮДИЙГ БҮР БАГААС НЬ БЭЛДЭХ ЁСТОЙ”

2014 оны 10 сарын 23

БНСУ-ын Инчён хотноо болсон Азийн зуны спортын XYII наадмаас манай баг тамирчид таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл, нийт 21 медаль хүртэн багийн дүнгээрээ 16 дугаар байрт жагссан бахдам амжилт үзүүлсэн билээ. Эдгээр тамирчдад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баяр хүргэж, шагнал гардуулах үйл ажиллагаа өнгөрсөн мягмар гаригт МҮОХнд боллоо. Энэ уулзалтын үеэр МОҮХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1998 онд ерөнхий сайд байхдаа олон улсын уралдаан тэмцээнд амжилт гаргасан баг тамирчдад мөнгөн шагнал олгох тухай асуудлыг шийдвэрлэж байсан нь тамирчдад томоохон дэмжлэг болж байсныг” хэлсэн үгэндээ онцолж байлаа. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч “Спортыг манай төр, засгийн зүгээс онцгой анхаарч дэмжиж ирсэн сайхан уламжлалыг бид цаашаа үргэлжлүүлж явах ёстой...

Сая Инчёны наадамд манай сагсан бөмбөгчид үнэхээр цахиур хагаллаа. Сонсоод байхад манай сагсчид энд тэнд очоод тоглож байгаа тоглолт бүрээсээ улам чангарч, амжилт нь нэмэгдэж байна. Монголчууд багаараа тоглодог спортод амжилт гаргах боломж байна. Хамгийн сайхан зүйл нь манай хүүхэд, залуучууд, жишээлбэл, хөлбөмбөгт сайн болж байна. “Дэрэн” гэж клуб байна. Намайг Хойд Солонгост очиход манай хүүхдийн баг хамт очсон. Тэднийг Хойд Солонгосын хүүхдүүдтэй тоглуулахад нэг их дутах юм байгаагүй. Залуусыг сургаж, дасгалжуулаад үргэлжийн үйл ажиллагаагаар дэмжээд өгвөл багийн спорт хөгжиж, амжилт гаргах ирээдүй байна. Одоо хүндрэлтэй байгаа асуудал бол спортын цогцолбор, бэлтгэл хийх байр. Бизнесийн салбарт ажиллаж байгаа хүмүүсээс стадион, тамирчдын бэлтгэл хийх байр барих санал, санаачилга надад ирж байгаа. Түүнийг дэмжие гэж бодож байгаа...

Нөгөө талаас багш, дасгалжуулагч нар онцгой анхаарч ажиллах ёстой. Зохион байгуулалтаа зөв хийх хэрэгтэй. Хамгийн гол нь эв найрамдалтай байх хэрэгтэй. Хэрүүлтэй газар амжилт гаргахад хэцүү байдаг. Үүн дээр манай спортынхон онцгой анхаарах шаардлагатай. Олон улсын томоохон тэмцээн үзээд, дэлхийн олон удаагийн аварга болсон хүмүүсийн барилдаж байгааг хараад, өөрсдийнхөө барилдаж байгаатай харьцуулаад сууж байхад манайхан чамлахаар л харагддаг шүү дээ. Цаад хүмүүс бол спортыг амьдралынхаа зорилго, мэргэжил болгосон байдаг. Дэлхийд Монголынхоо нэрийг гаргах сайн тамирчид төрүүлэхийн тулд хүүхдүүдийг бүр багаас нь бэлдэх ёстой юм. Дөрөв, тав, найман настайгаас нь бэлдмээр байна. Үнэхээр сайн хөлбөмбөгч төрүүлье гэвэл дөрвөн настайгаас нь хөлбөмбөг өшиглүүлж гүйлгээд, тав, зургаа, арван настайд нь шилж сонгоод цаашаа явдаг шүү дээ. Бүх спорт ижил гэж би бодож байна. Хүүхэд, залуусыг багаас нь спортоор хичээллүүлэхэд анхаарах хэрэгтэй. Дасгалжуулагч, сургуулийн багш, ялангуяа цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч нар үүнд их анхаарах хэрэгтэй. Ингэж байж спортод амжилт гаргана. Манайханд байгалийн үзүүлэлт байгаа. Бор зүрхээрээ амжилт гаргах гэж үзээд байгаа. Үүнийг мэргэжлийн болгох чиглэлд онцгой анхаарахгүй бол бид хоцорно. Спортын салбарт гаргаж байгаа амжилтыг хараад хүүхэд, залуучуудын давалгаа спортод нэмэгдэж байгаа нь сайн зүйл юм.

Тамирчдын амжилт, төр, засгийн дэмжлэг, ард нийтийн шүтэн биширч байгаа дэмжлэг нийлж байж амжилтад хүрнэ. Инчёны наадамд оролцоод ирсэн тамирчиддаа, спортынхондоо ард түмнээ төлөөлж байгаагийн хувьд ирж баяр хүргэе. Та бүхэн сайн оролцсон. Энэ амжилтаа улам цаашаа баталгаажуулах хэрэгтэй. Монголын нэрийг гаргахын төлөө сайн зүтгэсэн. Одоо амжилтаа улам нэмж цаашаа явах хэрэгтэй. Тамирчин хүн амжилтаараа гялалзаж, шүтэж биширдэг хүмүүсийнхээ дэмжлэгийг авахын төлөө явдаг. Ерөнхийлөгчийн зүгээс, Засгийн газрын зүгээс, олон нийтийн байгууллагын зүгээс, та бүхнийг дэмждэг аж ахуйн нэгж, хамт олны зүгээс, та бүхнийг шүтэн биширч дэмждэг хүмүүсийн зүгээс яаж улам цаашаа дэмжлэг нэмэх вэ, яаж үүнийг зохион байгуулалтад оруулах вэ, хэн яаж энэ сайн үйлс рүү хувь нэмэр оруулах вэ гэдгийг бодох шаардлагатай. Та бүхэндээ амжилт хүсье. Бидний өмнө томоохон зорилтууд байгаа. Зүтгэж ажиллая. Миний хувьд спортынхонтойгоо үргэлж хамт байна. Та бүхнийг дэмжиж ажиллана гэдгээ хэлье” гэв.

Өөрөөр хэлбэл спортын салбар байгууллагууд санаачлага гарган ажиллаж, өөрсдийн нөөц боломжийн хэрээр ажлаа эхлүүлсний дараа төр засгаас дэмжих болно гэдэг санааг тэрбээр хэлсэн юм. Мөн Ерөнхийлөгч Монголынхоо нэрийг гаргах сайн тамирчид төрүүлэхийн тулд хүүхдүүдийг бүр багаас нь дөрөв таван настайгаас нь бэлдэх ёстой гэдгийг онцолсон. Үүний дараа Төрийн тэргүүн Азийн наадмаас алт медаль авсан Д.Төмөрхүлэг, М.Уранцэцэг, Д.Отгондалай, Ч.Нарантуяа нарт “хишиг багаддаггүй” юм гээд дугтуйтай мөнгөн шагнал гардуулан өглөө.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД