ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАДГАЙ БҮТЦИЙГ ХУУЛЬЧИЛЪЯ

2014 оны 10 сарын 23

  Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг үг, үйлдлээрээ онцгой. Бүр арай л онцгой байгаа юм. Тэр манай улсын түүхэн дэх хамгийн “задгай” яриатай Ерөнхий сайд. Байсхийгээд үгэндээ ороогддогт нь өөрөө ч, олон нийт ч дасчихсан. Авто зам, орон сууц, барилгын салбарт амжилттай ажил явуулж чадсаныг нь үнэлэх хэрэгтэй. Ер нь тэр сайн, муу олон зүйлд нэрээ бичүүлж яваа. Түүнийг бусад Ерөнхий сайдаас ялгах бас нэг алхам нь бүрэн эрхийнхээ хугацаанд тэргүүлсэн танхимдаа дахин бүтцийн өөрчлөлт хийсэн явдал. Өмнөх 26 Ерөнхий сайдаас зарим нь огцорч, эсвэл сайд нараа сольж байсан уу гэвэл тийм. Харин бүтцээ ч өөрчлөөд, сайд нараа ч сольсон түүх байхгүй аж. Улс орон үймж, Засгийн газар хэдхэн сар болоод солигдож байсан 1996-2000 онд бүтцийг оролдож байгаагүй. Ажиглаад байхад нэг нам, эвслээс томилсон Ерөнхий сайд нар өмнөх бүтцээ өөрчилж байгаагүй аж. Дээрх хугацаанд М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал нар Ерөнхий сайдаар ажилласан. 2004-2008 онд ч Засгийн газар савлагаатай байлаа.

2004 оны наймдугаар сард Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар томилсон ч намынх нь болон МАХН-ынхны туслалцаатайгаар 2006 оны нэгдүгээр сард огцруулсан юм. Улмаар МАН-ын М.Энхболд Ерөнхий сайд болсон. Тэр 22 сар энэ албыг хашаад С.Баярт 2007 онд халаагаа өгсөн билээ. 2008 оны сонгуулийн дараа Ерөнхий сайдаар улиран сонгогдсоны дараа АН, МАН хамтарч Засгийн газар байгуулсан. Энэ үед бүтцийг өөрчилж, 11 яам, 15 сайдтай ажиллахаар болгосон. С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсний дараа С.Батболд орыг нь залгасан. Ингэхдээ өмнөх бүтцийг өөрчлөөгүй юм. Харин 2012 оны сонгуулиар Н.Алтанхуягийн танхим уг бүтцийг 16 яам, 19 сайдтай болгосон билээ. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар түүхэнд хамгийн данхар бүтэцтэй байв. Дээрх бүтцээрээ тэд хоёр жил ажилласан. Олон толгойтой фракц, Засгийг хамт барилцах намуудаа нэг далбаан дор зангидахын тулд “бялуу” болгож хуваасан өнөөх бүтэцдээ Гүйцэтгэх засаглалын ажил бүдрээд эхэлсэн.

Эдийн засгийн нөхцөл муудаж, өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, иргэдийн амьжиргаа сайжрахгүй байсан учраас Ерөнхий сайд алдаагаа засахаар шийдсэн билээ. Ингээд яам болон сайдын тоог тус бүр гурваар цөөлж чадлаа. Үүний дагуу долоон сайдыг ажлаас нь чөлөөлсөн. Шинээр томилох дөрвөн сайдын сүүлчийнх нь нэрийг өчигдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ хүрээд асуудал гацчихаад байгаа тул нийлүүлсэн, сайд нь солигдсон яамдад эдүгээ жинхэнэ утгаар ажил цалгардаад байна. Чөлөөлсөн сайдтай хамт ирсэн зарим ажилтан “хөтлөлцөөд” буцсан. Одоо үлдсэн хүмүүсээс шинэ сайд хэнийг нь халж, солихыг мэдэх аргагүй. Халагдах уу, үлдэх үү гэдгээ мэдэхгүй хүмүүс түгшүүрт автчихсан яваа, ийм байдалд гараас нь олигтой ажил гарна гэдэг эргэлзээтэй. Бас шат шатны дарга нар сайд томилогдохыг хүлээж, шийдвэр гаргахаа азнасан байгаа. Бүтцийн өөрчлөлтийг гэрлийн хурдаар гялалзуулчихсан бол ийм цалгар байдал бага гарах байв. Гэвч улс төр санаан зоргоор өрнөх тоглоом биш. Талцал, тохиролцоо одоо ч дуусаагүй байна. Ерөнхий сайд танхимынхаа бүтцийг өөрчилсөн нь зөв, буруу гэх маргаан нэг хэсэг өрнөсөн. Нэг Ерөнхий сайд хоёр удаа бүтцийн өөрчлөлт хийхийг хориглосон заалт хуульд байхгүй учраас түүнийг буруутгах аргагүй. Засгийн газрыг байгуулахын тулд албан тушаалыг “өндөглүүлж” бий болгосон данхар бүтцээр удаан явахгүй нь тодорхой болсон.

Мөн эдийн засгаас гадна улс төрийн нөхцөл байдал үүнийг шаардсан учраас зайлшгүй алхам байлаа. Үүний үр дүнд орон тоог 140- өөр хэмнэж, 1.2 их наяд төгрөгийн зардал буурч байгаа гэх. Гэхдээ одоо орны сайд нарыг нь хурдхан томилоод дутуу үлдсэн ажлаа үргэлжлүүлэх нь чухал. Нэгэнт болоод өнгөрчихсөн, гарчихсан шийдвэр. Одоо цаашид сонгууль бүрийн дараа Засгийн газрын бүтцийг тоглоом адил өөрчилсөөр байх уу гэдэгт анхаарлаа хандуулах учиртай. Нам, фракцуудад тал засах байдлаар “бялуу”-ны зүсэм болгон хуваах ёсгүй. Бүтцийн өөрчлөлт тойрсон хэлэлцүүлэг өрнөж байх зуур “Үүнийг хуульчилъя” гэсэн санааг цөөнгүй гишүүн гаргасан. Гэхдээ манай улстөрчдийн хэлдгээр амьдрал баян учраас зайлшгүй өөрчлөх, шинэчлэх тохиолдолд Үндсэн хуулийн нэгэн адилаар УИХ-ын нийт гишүүний гуравны хоёр нь дэмжсэн тохиолдолд л “гар хүрдэг” болгоё. Ингэвэл төр засаг тогтвортой болно. Фракцууд, намууд, бүр хувь хүнд зориулж яам байгуулдаг, сайдын орон тоо бий болгодог буруу жишгийг халж болно. Тогтсон, тодорхой бүтэц, орон тоон дээрээ л тэд “алалцаг”. Тогтолцоогоо шинэчлэх ёстой гэж уриалдаг түшээдээс харин ийм эр зориг гарах болов уу.


С.ТУУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.106.250 Өмнөх ЕС-уудаас хамгийн ажил хэрэгч ажиллаж,бүтээн байгуулах ажлыг сайн з/б-сан нь Алтанхуяг гэдэг нь маргаангүй.