НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН СОНГУУЛЬ БОЛОВ

2014 оны 10 сарын 22

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы 10 дугаар сарын 21-ний өдрийн бүгд хуралдаанаар НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн гишүүнээр 2015-2017 онд ажиллах 15 улсыг сонгов. Энэ удаагийн сонгуульд нийт 17 улс нэрээ дэвшүүлж оролцсон бөгөөд санал хураалтад НҮБ-ын гишүүн 192 улс саналаа өгсөн байна.  Ази, Номхон далайн бүлгийн дөрвөн суудалд Энэтхэг, Индонейз, Бангладеш, Катар, Баруун Европ болон бусад орны бүлгийн хоёр суудалд Португал, Нидерланд, Африкийн бүлгийн дөрвөн суудалд Нигери, Гана, Конго, Ботсвана,  Зүүн Европын бүлгийн хоёр суудалд Албани, Латви, Латин Америк, Карибын бүлгийн 3 суудалд Эл Сальвадор, Боливи, Парагвай сонгогдсон байна. 

НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн гишүүнээр сонгогдоход дэгийн дагуу саналаа өгсөн гишүүн орнуудын ердийн олонхийн буюу 97 улсын дэмжлэг шаардлагатай байдаг аж. Африкийн бүлэг, Зүүн Европын бүлэг, Баруун Европ болон бусад орны бүлгээс нэр дэвшигч улсын тоо тухайн бүлэгт ноогдох суудлын тоотой тэнцүү байсан тул тэд бүгд шаардлагатай 97-оос дээш тооны санал авч сонгогдсон байна. Харин Ази, Номхон далайн бүлэг дөрвөн суудалд таван улс, Латин Америк, Карибын бүлгийн гурван суудалд дөрвөн улс өрсөлдсөнөөс Тайланд, Коста Рика улс бусдаасаа цөөн санал авсан тул Хүний эрхийн Зөвлөлийн гишүүнээр сонгогдож чадаагүй байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД