Францын бизнесмен онгоцны ослоор амь үрэгджээ

2014 оны 10 сарын 22

Оросын нийслэлийн Внуково нисэх онгоцны буудалд болсон ослын улмаас Францын “Total” концерний тэргүүн Кристоф де Маржери болон онгоцны багийн гурван хүн амиа алджээ. Онгоцны багийнхан франц хүмүүс байлаа. Тус онгоцонд ганц зорчигч байсан нь Кристоф де Маржери аж. Тэгээд хоёр нисгэгч, нэг үйлчлэгч дөрвүүл байжээ. Уг онгоц Москвагаас Парис руу нисэх гээд “гүйж” байхдаа талбайн цас цэвэрлэх машиныг мөргөж орхисон бололтой. Машины жолооч гэмтэж бэртээгүй, онгоц харин бүрэн шатаж, холбогдох арга хэмжээг шуурхай авсан ч онгоцонд байсан хүмүүсийг аварч чадсангүй. Уг осолд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Ослын шалтгааныг тодруулахаар Оросын талаас тусгай комисс ажилдаа оржээ. Даваа гаригт мэдээлснээр бол Москвад манан ихтэй байгаа аж. Энэ өдөр Внуковог чиглэж явсан 12 онгоц Домодедово хэмээх өөр буудалд, зургаан онгоц Шереметьевод газарджээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД