Н.АЛТАНХУЯГ: ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ ГЭВЭЛ ҮЗХ ХУРАЛДАХ ЁСТОЙ

2014 оны 10 сарын 21

АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээ байгуулсан талаараа мэдээллээ. МАХН-ын зүгээс хамтын ажиллагаагаа цаашид баталгаажуулах, итгэлцэл бий болгох үүднээс 2012 оны сонгуулийн дараа байгуулсан гэрээнд зарим өөрчлөлт оруулах, эсвэл шинэчлэн байгуулах талаар өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн санал тавьжээ. Ингэхдээ МАХН-аас гэрээ байгуулсан нэг намын гишүүн нөгөө намаас томилогдсон сайдыг огцруулах санал гаргаж, дэмжихгүй байх, Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд сайд нарын квотыг хэвээр хадгалах, аль ч түвшинд боловсон хүчнээ дэмжих санал дэвшүүлсэн байна. Мөн гэрээ 2016 оноор дуусгавар болох уу, цаашид үргэлжлэх үү гэдгийг ч хөндөх ёстой гэжээ. Энэ дагуу АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнгөрөгч тавдугаар сарын 28- нд дээрх гэрээг байгуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан гэв. Үүнээс гадна тухайн үед дээрх асуудлаар ИЗНН-ын дарга С.Оюун, МҮАН-ын дарга М.Энхсайхан нартай уулзаж ярилцсанаа ч дуулгав. Ингээд тэрбээр гэрээний зарим заалтыг онцлон тайлбарласан юм.

Тухайлбал, АН, МАХН 2016 оны УИХын сонгуульд бодлого, үйл ажиллагаагаа уялдуулах замаар түншлэн оролцоно. Түншлэл нь ямар байхыг тухайн үед Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж шийдэх аж. Мөн гэрээ байгуулсан талууд 2016 оны УИХ-ын сонгуульд нэг эвсэл болж, хамтрах эсэхээ тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр шийдэх гэнэ. Үүнээс гадна “Мажоритар тойрогт хоёр нам эвсэл болж ороогүй нөхцөлд нэр дэвшигчид нэг, нэгнийхээ саналыг хуваахгүй байх зарчимд нийцүүлж, хоёр намын сонгуулийн бүхий л үйл ажиллагааг хооронд нь уялдуулан зохицуулах зарчим баримтална” гээд “Эл заалтыг мушгин гуйвуулах байдлаар тайлбарлах хэсэг бүлэг байгаа” хэмээсэн. Чухам ямар зарчим үйлчлэхийг сонгуулийн өмнө Үндэсний зөвлөлдөх хороо эцэслэх юм байна. Түүнчлэн “2016 оны сонгуульд АН, МАХНын аль аль нь олонхийн суудал аваагүй тохиолдолд Засгийн газрыг хамтран байгуулах бодлого баримтална” гэв. Мэдээллийн төгсгөлд тэрбээр улс төрийн нам нь бизнес эрхлэгчдээс хандив авахгүй байх, өмч хөрөнгөтэй байхыг хориглох тухай заалт гэрээнд тусгаснаа дуулгав.

Мөн АН ирэх бямба гаригт ИЗНН-тай дээрхийн адил гэрээ байгуулахаар болсон гэлээ. Юутай ч “Дээрх гэрээг өөрчлөхийн тулд ҮЗХ хуралдах шаардлагатай” гэснээр АНын даргын товч мэдээлэл өндөрлөсөн юм.

Б.УРАН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.29.21 Гэрээ гэдэг нь эхлээд бодоод шийдээд дараа нь гарын үсгээ зурсан бол вандан тас болдог зүйл шд. Одоо дахиад мурих гэж үү.