Аман голоос нүүрс олборлох зөвшөөрөл олгосныг эсэргүүцэв

2014 оны 10 сарын 21

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хүслэнтэйн аман гол хэмээх газраас Хятад улсын “Эпидот” ХХК хүрэн нүүрс олборлохоор тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд хүсэлтээ ирүүлсэн аж. Уг хүсэлтийг ИТХ-ын тэргүүлэгчид энэ сарын 2-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд ашигт малтмал олборлох, ашиглах зөвшөөрөл олгожээ. Үүнийг Баян-Өндөр сумын 550 иргэн болон “Суман хад хайрхан” ТББ эсэргүүцэн, аймгийнхаа ИТХ-ын тэргүүлэгчдэд өргөх бичиг барьж, шийдвэрээ даруй цуцлахыг хүссэн байна. Уг бичигт “Манай аймгийн өнөөгийн удирдлагууд, засаг барьж байгаа хүмүүс эх болсон байгаль дэлхий, газар шороогоо харийн хүмүүст хөрөнгө оруулалт нэрийн дор өгч байгаа нь Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж, нутгийн иргэдийг үл хүндэтгэсэн, нэг талыг барьсан хэтэрхий явцуу шийдвэр болж байна.

Үүний балгаар гадаадынхан дураараа дургих нөхцөл бүрдэж, газар шороог минь ухаж сэндийчин, ирээдүй хойчдоо хэлэхэд ч харамсмаар газар нутаг үлдээхээр болоод байна” гэжээ. “Эпидот” компани Монгол Алтайн нурууны салбар болох Гичгэний нурууны зүүн өмнөд хэсэг, Халзан Бүрдийн нурууны зүүн хойд төгсгөл хэсгээр байрлах 16х12 км хэмжээний газраас хүрэн нүүрс олборлох “Аман гол” төсөл хэрэгжүүлэх гэж буй аж. Баян-Өндөр сумын нэгдүгээр багийн нутагт харьяалагддаг энэхүү нутаг малын гол бэлчээр агаад ган, зуд нүүрлэхэд малчид энд оторлодог юм байна.

Б.БАЙГАЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД