Шүүгчид нөлөөлөхийг оролдсон тухай есөн мэдүүлэг иржээ

2014 оны 10 сарын 21

  Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн дагуу шүүгч, шүүх бүрэлдэхүүн нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг болсон билээ. Шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс нөлөөллийн нийт есөн мэдүүлэг ирүүлсэн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өчигдөр мэдээлэв. Нөлөөллийн мэдүүлэг гэдэг нь эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад аливаа этгээдээс шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон үйлдлийг баримтжуулсан баримт аж. Эдгээр мэдүүлгийн 56 хувь нь дарамтлах заналхийлэх, 22 хувь нь гүтгэх, доромжлох, 11 хувь нь шийдвэрийг урьдчилан хэлэлцэхийг санал болгох, үлдсэн хувь нь нөхцөл байдлыг тайлбарлах зэргээр нөлөөлөхийг завдсан тухай байна.

Шүүгч, шүүх бүрэлдэхүүнд нөлөөлсөн гэж үзвэл нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг. Нөлөөлөхийг оролдсон этгээдийн үйлдэл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалд халдсан гэж үзвэл Шүүхийн ерөнхий зөвлөл холбогдох эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлдэг аж. Шүүгчийн хараат бус байдалд халдсан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, албан тушаалтныг албан тушаалаас нь чөлөөлөх буюу огцруулах, улстөрийн нам, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл уг байгууллагыг албадан татан буулгах буюу гэм буруутай этгээдийг 30 хүртэл хоногоор баривчлах шийтгэл оногдуулдаг бол гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж, дахин ирэх эрхийг нь 10 хүртэл жилээр хасдаг ажээ.

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД