МОНГОЛД 1.5 ЖИЛ СУРААД ЯПОН ЯВАХ “КООСЭН” БЭЛТГЭЛ АНГИД 47 ОЮУТАН СУРЧ БАЙНА

2014 оны 10 сарын 21

  Япон улсад 1000 инженер бэлтгэх төслийг манайх есөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд Японы Засгийн газраас манай улс жилийн 0.2 хүүтэй 7.5 тэрбум иений хөнгөлөлттэй зээл авч, 20 жилийн хугацаанд төлөх юм. Монголд 2.5, Японд хоёр жил сурах бакалаврын хос хөтөлбөрт 320, магистрантур, докторантурт 160, зэргийн бус сургалтад 325, “Коосэн” сургалтад 200 хүн сургахаар болсон. “Коосэн” нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэг нь Японы “Коосэн” (Техник мэргэжлийн коллеж)-д шууд элсэн сурах, нөгөө нь Монголд бэлтгэл ангид сураад, шалгалт өгч тэнцвэл Япон улсад сурах хөтөлбөр юм. Суралцагчдад тавих шаардлагыг хангаж, япон хэлний шалгалтад тэнцсэн оюутан ирэх гуравдугаар сараас “Коосэн” сургуульд шууд элсэн гурван жил сурч, бакалаврын өмн өх мэргэжлийн зэргийн дипломтой төгсөнө.

Монголдоо ирээд ажиллах хугацаандаа МУИС, ШУТИС-д сурч, бакалаврын зэрэг авах боломжтой. Харин “Коосэн” бэлтгэл анги ШУТИС-д хичээллэж байгаа бөгөөд 47 оюутан хамрагдаж байгаа гэнэ. Тэд тус ангид 1.5 жил сураад Японд сурах шалгалт өгч, тэнцвэл “Коосэн” сургуульд сурч, бакалаврын өмнөх мэргэжлийн зэргийн дипломтой төгсөнө. Шалгалтад тэнцээг үй тохиолдолд МУИС, ШУТИС-д үргэлжлүүлэн сурч болно. Монголд сурах төлбөрийг оюутан өөрөө хариуцна. Тус бэлтгэл ангийн нээлт өчигдөр боллоо.

Энэ үеэр “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн нэгжийн захирал Д.Намсрайгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Оюутнуудыг ямар шалгуураар сонгосон бэ?

-Энэ жил нэгдүгээр курсэд элссэн болон хоёрдугаар курсийн оюутнуудыг онлайнаар бүртгэхэд 200 гаруй хүүхэд бүртгүүлсэн. Эхний шатны шалгаруулалтаар 98 хүүхдийг сонгон, эсээ бичүүлж, ярилцлаганд оруулснаар эдгээр хүүхдийг сонгосон.

-Бэлтгэл ангид юу үзэх вэ. Төлбөр нь тодорхой болсон уу?

-Япон хэл болон техникийн сургуульд заавал үзэх ёстой ерөнхий эрдмийн болон мэргэжлийн зарим хичээл үзнэ. Сурах хугацаандаа оюутан 49 кредит цуглуулах шаардлагатай. Төлбөр нь 2.414.400 төгрөг. Өндөр үнэтэй юм шиг боловч ШУТИС-ийн нэг жилийн төлб өрийн дунджаас бага юм.

-Японд сурах шалгалтад тэнцээгүй оюутнууд ШУТИС-д хэддүгээр курсээс нь орох вэ?

-Тухайн хүүхдийн судалсан кредитээс хамаарна.

-Ирэх жил “Коосэн” бэлтгэл ангид хэдэн хүүхэд шалгаруулах вэ?

-50 хүүхэд шалгаруулна.

-Японд сурах шалгалтад тэнцвэл ямар мэргэжлээр сурах вэ?

-Механик инженер, барилгын инженер, цахилгаан инженер гэсэн чиглэлээр суралцуулна. Монгол болон Японд сурах хамтарсан бакалаврын сургалтад ШУТИС-д барилгын архитектур, механик инженерийн чиглэлээр 2015 онд элссэн оюутан хамрагдах аж. Ингэхдээ Монголд 2.5 жил сураад, Японд сурах шалгалт өгч, тэнцвэл явуулна. Бүртгэлийг ирэх оны наймдугаар сард зохион байгуулахаар болжээ. Магистр, доктор, зэргийн бус сургалтын хөтөлбөрт Монгол Улсад нэн шаардлагатай, тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байгаа багш, судлаачид хамрагдах боломжтой.

Дээрх хөтөлбөрүүдэд хамрагдах хүсэлтэй хүмүүсийг www.mjeed. edu.mn цахим хаягаар бүртгэж байгаа гэнэ. Суралцагчдад сургалтын төлбөр, унаа, амьжиргааны зардлын тэтгэлэг олгоно. Тухайн суралцагч Монголдоо таваас дээш жил ажиллавал зээл нь тэтгэлэг болох юм. Нэг хүн нэг л сургалтад хамрагдана. Гэрээг онцлох шалтгаангүйгээр зөрчвөл, төгсөөд таван жил ажиллаагүй, үр дүнгүй ажилласан тохиолдолд тухайн хүнийг сургахад гаргасан зардлыг өөрөөр нь төлүүлэх юм.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД