ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ УНГАРТАЙ ХАМТРАХ БОЛОМЖТОЙ

2014 оны 10 сарын 21

  Бүгд Найрамдах Австри Улсад албан ёсны, Унгар улсад ажлын айлчлал хийхийн сацуу Италийн Милан хотод Ази, Европын дээд түвшний аравдугаар уулзалтад оролцохоор энэ сарын 13-нд мордсон Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлалаа амжилттай өндөрлөлөө. Ерөнхийлөгчийн айлчлалын хамгийн сүүлчийн зогсоол нь Унгар байв. 1950 онд дипломат харилцаа тогтоосон, үүнээс өмнөх үүх түүх нь монголчуудтай гарцаагүй холбогддог гээд Монголд элэгсэг дотно хандах олон шалтгаан унгарчуудад бий. Дунай мөрний амгалан эрэгт сүндэрлэх Парламентын ордны үүдэнд Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүндэтгэн угтаж хоёр тал найрсаг, элэгсэг уур амьсгал дунд өргөтгөсөн уулзалт хийлээ. Унгарын Ерөнхий сайд хоёр улс хамтын ажиллагаагаа бүхий л хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэх нь зүй ёсны хэрэг болохыг тодотгоод, хөдөө аж ахуй, инженерийн технологийн салбарт Монгол Улстай туршлагаа хуваалцах боломжтой гэж ярив. Түүнээс гадна манай талаас хүсэлт тавьсан тохиолдолд Унгар улсад тэтгэлгээр сургах монгол оюутны тоог үлэмж өсгөх бололцоо бий гэж тун ч сэтгэл хангалуун өгүүлнэ лээ.

Мөн хоёр улс дипломат харилцаа тогтоосны 64 жилийн ойн хүрээнд энэ онд Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа дахин нээхээр төлөвлөж байгаа аж. Харин Монголын талаас мал аж ахуй, мал эмнэлэг, хүнсний үйлдвэр, усны аж ахуй, боловсрол, геологи, аялал жуулчлал зэрэг олон салбарт Унгартай хамтрах сонирхолтой байна. Ялангуяа ОХУ руу мах экспортлох бэлтгэл ажил бараг хангагдаад байгаа ийм үед малаа эрүүлж үүлэх, стандартаа сайжруулах тал дээр бидэнд тусалж чадах хамгийн том түнш нь Унгар болохыг албаны хүмүүс тэмдэглэв. Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Унгарын Ерөнхийлөгч Янош Адер Шандорын ордны өмнө угтан авч, ганцаарчилсан уулзалт хийн, зоог барилаа. Ерөнхийлөгчийн Унгар улсад хийж буй ажлын айлчлалыг бизнесийн 50 орчим төлөөлөл дагалдаж явав. Монгол, Унгарын бизнес форумыг мөн энэ үеэр зохион байгуулсан юм. Унгартай хамтрах хамгийн чухал салбар нь хөдөө аж ахуй болохыг Ерөнхийлөгч яриандаа тодотгосон. Тодруулбал, хөдөө аж ахуйн технологийн парк Монголд байгуулан ОХУ, Хятадад мах экспортолж, харилцан ашигтай хамтрах тухай онцолж байв. Социализмын үед Монголд худаг усны хайгуул хийхэд унгарчууд хүч тавин ажиллаж, 2000 орчим худаг гаргасныг Ерөнхийлөгч дурдаад, энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа сэргээх боломж бийг ярилаа. Эл бизнесийн уулзалтад Унгараас 130-аад бизнесмен оролцохоор бүртгүүлжээ.

1990 оноос хойш Унгар улс манайд нийт 1.9 сая ам.долларын хөрөнгө оруулсан байдаг бол энэ оны долдугаар сарын байдлаар худалдааны нийт эргэлтийн хэмжээ ердөө 7.6 сая ам.доллар байна. Ерөнхийлөгчийн айлчлалын албан ёсны хөтөлбөрт багтсан, анхаарал татам өөр нэгэн арга хэмжээ бол Өтвөш Лорандын нэрэмжит их сургуульд зочилсон нь байлаа. Унгарын хамгийн эртний, хамгийн томд тооцогдож, АНУ, ХБНГУ, Их Британи, Франц зэрэг хөгжингүй улсад диплом нь хүлээн зөвшөөрөгддөг тус сургуульд тэрбээр зочилж, Европт анх удаа байгуулагдаж буй Монгол судлалын төвийн нээлтэд оролцсон юм. 18 настай унгар хүү “Алтайн магтаал”, “Үлэмжийн чанар”-ыг цангинуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид монгол соёлын өвөөр бэлэг барин угтлаа. Монгол судлалыг тууштай үргэлжлүүлэн авч явж байгаад Ерөнхийлөгч сургуулийн удирдлагуудад гүн талархал илэрхийлээд “Монгол судлалд анхаарал тавина гэдэг нь Монгол Улсын хөгжил дэвшилд анхаарч буй хэрэг” хэмээв. Унгар улс, тэр дундаа Өтвөш Лорандын нэрэмжит Эрдмийн их сургууль монгол судлалаар Европтоо алдартай. Аавынхаа адил монголч эрдэмтэн болсон Авар Акош “Би монгол цустай гэдгээ өглөө бүр мэдэрдэг” хэмээн монгол судлалаар тууштай ажиллаж буйнхаа учгийг тайлбарлав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус төвийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ сургуулийн эрдэмтэн, судлаачдыг монгол судлалд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж, “Алтан гадас” одонгоор шагнасан. Мөн Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхийг хоёр оюутанд олгож, Монгол судлалын төвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор манай Засгийн газраас олгож буй 15 мянган еврогийн тусламжийг гардуулан өглөө. Ажлын айлчлалын сүүлчийн өдөр буюу 18-ны бямба гаригт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Жорж Соросын үүсгэн байгуулсан Төв Европын их сургуульд зочилсон. Тэрбээр “Монголын ардчилалд шилжсэн зам, түүний сургамжууд” сэдэвт лекцийг тус сургуулийн захирал, профессор, багш оюутнуудад уншсан юм. Ерөнхийлөгч өнг өрс өн онд БНАСАУ-д Ким Ил Суны их сургуульд, дараа нь Мьянмарт Янгүний их сургуульд мөн ижил сэдвээр лекц уншсан. Ардчиллын туршлагаа солилцох зорилгоор олон улсын түвшинд уншиж буй гурав дахь лекц нь энэ аж. Түүнийг ардчиллын сэдвээр лекц уншина гэдгийг дуулаад Төв Европын их сургуулийн хичээлийн танхимд олон хүн цугласан байв. Ц.Элбэгдорж эх орноо, Монгол Улсын түүхийг танилцуулахаас лекцээ эхэлж, 25 жилийн өмнө Монгол эрх чөлөөгөө олж авах уу, эсвэл чулуун хэрэмний ард цоожтой хэвээр үлдэх үү гэсэн салаа замын уулзварт очсон, тайван хувьсгалыг хэрхэн хийсэн тухай яриад ардчилсан нийгэм нь иргэн бүрийг төгс хөгжүүлэхийг зорьдог хэмээн өгүүлэв. Дараа нь асуулт өрнөлөө. Тэр бүрт Ерөнхийлөгч энгийн яриа хөөрөө дэлгэж, анхаарлыг нь татаж чадаж байлаа. Унгар залууст лекц таалагджээ. Ерөнхийлөгчийг асуултад хариулж дуусах бүрийд танхимд нижигнэтэл алга ташиж, түүнд баяр хүргэж байсан юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Төв Европын их сургуульд ардчиллын сэдвээр лекц уншихыг дуулсан ХБНГУ-ын Канцлер болон Шведийн Ерөнхий сайд энэ сарын 16-нд Италийн Милан хотноо Ази, Европын дээд түвшний уулзалтын үеэр Ерөнхийлөгчтэй уулзах үедээ лекцийн дараа бүрэн дүрс бичлэгээ заавал ирүүлэхийг гуйсан тухай яриа хөвөрч байна. Лекцийн төгсгөлд Ерөнхийлөгч Унгарын томоохон сонин, телевиз үүдэд ярилцлага өгсний дотор Литвийн мэдээллийн хамгийн том цахим хуудас “Irytas”-ын сурвалжлагч Люси хүрэлцэн ирж, Чингис хааны тухай болон цаазын ялын асуудлаар Ерөнхийлөгчийн байр суурь хийгээд 2009 онд байгуулсан Иргэний танхимын тухай ярилцлаа.

Б.ЦЭЦЭГСҮРЭН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД