ГИШҮҮН НЬ БОЛОХЫН ТУЛД ХОРИГИЙГ НЬ ДЭМЖИЖ БАЙНА

2014 оны 10 сарын 17

Европын зөвлөлийн тараасан мэдээллээс үзвэл Европын холбоонд элсэхээр зэхэж буй улсууд ОХУ-ын эсрэг тавьсан хоригт нэгдэж буй аж. Эдгээр улсын тоонд Албани, Исланд, Черногор, Норвег, Лихтенштейн, Украин орж буй юм байна. Энд ярьж буй хориг нь өнгөрсөн сарын дундуур нефть, нисэх онгоцны үйлдвэр, батлан хамгаалах салбаруудыг хамруулж тавьсан хязгаарлалтыг хэлж буй юм. Уг хоригт “Роснефть”, “Транснефть”, “Газпромнефть”, “Уралвагон завод” хамрагдсан. Түүнээс гадна Европын холбооны орнуудын иргэдийг Оросын Сбербанк, ВТБ, Газпромбанк, ВЭБ, Россельхоз банкаар үйлчлүүлэхийг хориглосон юм. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Козак, Төрийн Думийн орлогч дарга Сергей Неверов, Людмила Швецова нарын 15 хүний банкинд байгаа хадгаламжийг нь Черногор, Исланд, Албани, Лихтенштейн, Норвег улс “царцаасан” байна. Тэгэхдээ энэ хориг хугацаагүй биш, гол зорилго ч биш гэж Европын холбооноос Москвад суугаа төлөөлөгч Вигаудас Ушацкас мэдэгдсэн.

Украины байдлыг тогтвортой болгоход ахиц гарч, Минскийн тохиролцоог мөрдөх нь хоригийг цуцлах нөхцөл болох юм байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин салбар, салбарыг хамруулан тавьж буй хоригийг Орост Вашингтон дайсагнан хандаж буйн илрэл гэж үзэж буйгаа илэрхийллээ. Энэхүү хориг бас Америкийн компануудын нэр хүндийг Оросын зах зээл дээр унагаж, Орос, Америкийн хоорондын илтгэлцлийг бууруулж, энэ нь олон улсын уур амьсгалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байж чадахгүй гэж тэрбээр хэлсэн байна.

 

Р.ЖАРГАЛАНТ