Б.БУЯНДЭЛГЭР: ГАДААДЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДТАЙ ЗАРИМ ХИЧЭЭЛИЙГ ОНЛАЙН ХЭЛБЭРЭЭР ЯВУУЛЖ БАЙНА

2014 оны 10 сарын 17

  Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Мэдээлэл, харилцааны менежментийн сургуулийн захирал Б.Буяндэлгэртэй ярилцлаа.

-Танай сургуулийн 35 жилийн ой энэ онд тохиож байгаа. Анх хэрхэн байгуулагдаж байсан түүхээс яриагаа эхэлье.

-Манай сургууль 1979 онд орос хэлний багш, орчуулагч бэлтгэх зорилготойгоор тухайн үеийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн болон МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны тогтоолоор МУИС-ийн орос хэлний салбар, Улсын багшийн их сургуулийн орос хэлний факультетэд тулгуурлан МУИС-ийн бүрэлдэхүүн Орос хэлний дээд сургууль болж байгуулагдсан. Монгол Улсад орос болон бусад гадаад хэлний мэргэжилтэн бэлтгэж, улмаар Хүмүүнлэгийн ухааны их сургууль боловсролын системд бие даан гал голомтоо асаан, сурган хүмүүжүүлэх болон эрдэм шинжилгээний томоохон байгууллага болох эх сууриа тавьсан юм. 1982 оноос Орос хэлний багшийн дээд сургууль, 1990 оноос Гадаад хэлний дээд сургууль, 1999 оноос Хүмүүнлэгийн ухааны их сургууль болон өргөжиж, өдгөө 35 жилийн ойтойгоо золгож байна. Одоо манай сургууль хүмүүнлэг, нийгмийн ухаан, байгаль хамгаалал, экологийн ухаан болон мэдээлэл харилцааны технологийн чиглэлээр 60 орчим мэргэжлээр бакалавр, магистр, докторын зэрэгтэй мэргэжилтэй боловсон хүчин, эрдэмтэн бэлтгэдэг Монголын тэргүүний их, дээд сургуулиудын нэг болсон.

-Таны хариуцдаг Мэдээлэл, харилцааны менежментийн сургууль хэзээ байгуулагдсан юм бэ?

-Мэдээлэл, харилцааны менежментийн сургууль нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дэргэд 2009 онд байгуулагдсан. Компьютерийн техник хангамж, сүлжээ, Компьютерийн программ хангамж, Сэтгүүл зүй медиатехнологи гэсэн тэнхимтэй. Гадаад хэлний дээд сургуулийн оюутнуудад компьютерийн хичээл заах зорилгоор 1994 онд Нийгмийн ухааны тэнхимийн харьяанд 12 компьютер бүхий лаборатори байгуулж, хоёр багштайгаар сургалт явуулж эхэлснээр Компьютер программ хангамжийн тэнхимийн суурь тавигдсан. Оюутнуудад компьютерийн хичээл заахаас гадна орчуулагчийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад орчуулагч-операторын мэргэжил эзэмших боломж олгосон юм. Манай Мэдээлэл, харилцааны менежментийн сургууль нь үндсэн 14 эрдэмтэн багштай. Багш нарын 40 хувь нь доктор, профессор, дэд профессор цол зэрэгтэй. Энэ бол өндөр үзүүлэлт. Олон улсын мэдээлэлжүүлэлтийн академийн жинхэнэ гишүүн, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Бат-Эрдэнэ, Япон улсад график програмчлалын чиглэлээр доктор хамгаалсан доктор, дэд профессор С.Батчимэг, сэтгүүл зүйн багш доктор, профессор Д.Дагиймаа гээд олон жил үр бүтээлтэй ажиллаж буй манай тэрг үүний багш нараас бүрдсэн эвсэг хамт олон ажилладаг.

-Танайх бусад сургуулиас юугаараа давуу вэ?

-Мэдээллийн эрин XXI зуунд өндөр боловсролтой иргэнийг мэдээллийн технологийн мэдлэг, дадлагагүйгээр төсөөлөхийн аргагүй. Иймд мэдээллийн технологид суурилсан өндөр мэдлэг, боловсролтой, мэргэжлийн ур чадвартай, бүрэн бэлтгэгдсэн иргэн бий болгох нь манай сургуулийн үндсэн зорилт. Бусад их, дээд сургуулиас манай сургуулийн ялгарах давуу тал нь оюутнууд маань үндсэн мэргэжлээсээ гадна мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй болж төгсдөг. Мэдээллийн технологийн системийн хандлагын онол, практикийн мэдлэг, дадлагыг оюутнуудад олгодог. Үүний үр дүнд манай төгсөгчид мэдээллийн системийн харилцан уялдуулах, интегралчлах чиглэлээр илүү мэргэшин ажиллаж байна. Энэ хичээлийн жилд манай Мэдээлэл, харилцааны менежментийн сургууль компьютерийн программ хангамж, компьютерийн график дизайн, мэдээлэл зүйн багш, мэдээллийн системийн удирдлага, компьютерийн техник хангамж болон сэтгүүл зүй гэсэн мэргэжлийн чиглэлээр 400 гаруй оюутан хөдөлмөрийн зах зээлд бэлтгэж байгаа.

-Гадаадын ямар сургуультай хамтарч ажилладаг вэ. Танайх хос хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэдэг. Хэчнээн хос хөтөлбөртэй вэ?

-ОХУ-ын Санкт-Петербург хотын Мэдээллийн технологи, механик, оптикийн үндэсний судалгааны их сургууль, БНСУ-ын Хэвлэл мэдээллийн урлагийн их сургууль (Кorean University of Media Art)-тай хамтарч ажилладаг. Тодруулбал, манай сургууль өнгөрсөн хичээлийн жилээс БНСУ-ын Хэвлэл мэдээллийн урлагийн их сургуультай хамтран бакалаврын зэрэг олгох Cartoon and comics болон Advertising and motion graphics design мэргэжлээр оюутан солилцооны 2+2 хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан манай сургуулийн төгсөгч БНСУ-ын Хэвлэл мэдээллийн урлагийн их сургуулийг компьютерийн график дизайн болон Cartoon and Comics буюу Advertising and motion graphics design мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөх юм. Үүнээс гадна манай сургууль хоёр жилийн өмнөөс Майкрософт (Microsoft IT) академийн гишүүн болсон. Ингэснээр Хүмүүнлэгийн ухааны их сургууль мэдээллийн технологийн мэргэжлийн болон мэргэжлийн бус ангиуддаа олон улсын сертификаттай сургалт явуулах боломж нээгдсэн.

-Танайхыг сонгосон оюутан ямар чадвартай болж төгсөх вэ?

-Манай Мэдээлэл, харилцааны менежментийн сургууль оюутнууддаа мэдээллийн технологи ашиглах, өөрөө бие даан шийдвэр гаргах, багаар ажиллах зэрэг чадвар олгодог. Мөн англи хэлийг өдөр тутам болон мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах чадвартай болгож төгсгөнө. Түүнчлэн харилцааны өндөр соёлтой, монгол хэл, утга зохиолын хэлээр найруулага сайтай илтгэх, бичих, өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээх чадвар эзэмшинэ. Багш оюутны хамтын ажиллагаа оюутны өөрийн хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлийн дүнд бий болдог гэдгийг ойлгуулснаар сэтгэл зүйн хат бий болгохыг хичээдэг.

-Төгсөгчид нь ажлын байраар хэрхэн хангагдаж байгаагаар тухайн сургуулийн нэр хүнд, сургалтын чанарыг үнэлдэг жишиг бий. Танай төгсөгчид хөдөлмөрийн зах зээлд хэр борлогддог нь сонин байна.

-Сүүлийн арав орчим жилийн үзүүлэлтээр төгсөгчдийн 80 орчим хувь нь төгсөөд шууд ажлын байртай болж байгаа нь боловсролын зах зээлд манай сургуулийн эзэлж буй байр суурийг харуулах болов уу. Үүнээс гадна бакалаврын зэрэгтэй төгсөгчид англи хэлийг бүрэн эзэмшдэг тул гадаадын их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой. Тухайлбал, манай төгсөгчдөөс УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гаалийн ерөнхий газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, нийслэлийн ЗДТГ, Мэдээлэл шуурхай удирдлагын төв зэрэг төрийн байгууллага болон Монголын залуучуудын холбоо, манай урдаа барьдаг компаниуд болох “Univision”, “My Tech IT”, “BT solution”, “Silicon”, “Link Engine”, “Skytel”, “Skymedia”, “Жаст”, “Монос” группэд мэргэжлээрээ үр бүтээлтэй ажилладаг. Өдөр бүр радио, сайт, сониноор, үдэш бүр телевизийн дэлгэцээр бид оюутнуудтайгаа “уулздаг”. Олон түмэнд хэдийнэ танил болсон “Өнөөдөр” сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албаны дарга Х.Болормаа, сэтгүүлч Б.Цэцэгсүрэн, “Өдрийн сонин”-ы Улс төр, гадаад мэдээллийн албаны дарга Э.Энэрэл, “Ардчилал” сонины гэрэл зурагчин Ү.Одбаяр, “Гранд” сэтгүүлийн эрхлэгч М.Уранчимэг, “Танайд хоноё” нэвтрүүлгийн Г.Алтантүрүү, “Inspired by Zaya” нэвтрүүлгийн редактор Э.Ариунзаяа, УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга О.Батханд, “TV8” телевизийн Мэдээний албаны дарга П.Пүрэвжав, UBS телевизийн сэтгүүлч Г.Ариунтөгс, SBN телевизийн сэтгүүлч Г.Уужимбаяр, “Эх орон” телевизийн Мэдээний албаны дарга Н.Ангараг, “Star” телевизийн сэтгүүлч Я.Учрал, “MN25 дугаар суваг” телевизийн редактор Э.Уянга, NBS телевизийн сэтгүүлч Т.Оюумаа нар манай төгсөгч. Тэд бидний бахархал. Эдгээрээс гадна хувийн компани байгуулан амжилттай ажиллаж байгаа залуус олон. Энэ завшааныг ашиглаад төгсөгчдөдөө сургуулийнхаа 35 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Их, дээд сургуулиуд шинэчлэлийг эхлүүлээд байгаа. Танай сургууль шинэчлэлийг хэрхэн хийж байна вэ?

-Дээд боловсролын салбарт хийж буй шинэчлэл, бүтцийн өөрчлөлт, бакалаврын түвшний сургалтын хөтөлбөрийн индекстэй уялдуулан энэ хичээлийн жилд манай сургууль хөтөлбөр сонголтод бүрэн шилжиж байна. Мөн салбар сургуулиуд ч сургалтын хөтөлбөрүүдээ шинэчилж, оюутнуудад өргөн сонголт хийх боломж бүрдүүлсэн. Ер нь боловсрол бол байнга шинэчлэгдэж, юм бүхний эхний эгнээнд явж байхыг шаарддаг салбар. Үүнийгээ дагаад хөрөнгө мөнгө ч багагүй шаардагддаг. Гэхдээ зах зээлийн нийгэм дэх боловсролын салбарын хамгийн ардчилсан, хэн ч маргашгүй үндсэн үзүүлэлт, шалгуур бол удаан хугацаанд тухайн сургуулийн төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байртай болж байна гэдэгт байдаг. Энэ үзүүлэлтээрээ манай сургууль Монголдоо дээгүүр ордог нь бидний бас нэг бахархал.

-Олон улсад зайн буюу танхимын бус сургалт хөгжиж байна. Хүмүүнлэгийн ухааны их сургууль хэзээ ийм сургалттай болох бол?

-Мэдээллийн технологи хөгжихийн хэрээр энэ сургалт улам бүр газар авна. Зайны сургалтын ач холбогдол, давуу талыг манай Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн удирдлага эртнээс олж харсан. Ачаа нь бүхэлдээ манай Мэдээлэл, харилцааны менежментийн сургуулийн нуруун дээр байгаа гэж хэлж болно. Ямарваа шинэлэг зүйл нэвтрүүлэхэд зохион байгуулалт, хөрөнг ө мөнгө, цаг хугацаа шаардагддаг. Цахим сургалтын хичээлийн стандарт, Зайны сургалтын журам зэргийг боловсруулж байна. Манай Мэдээлэл, харилцааны менежментийн сургуулийн багш нар зайны сургалтын вэб технологид суурилсан программ хангамж боловсруулсан. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш нар цахим хичээлийн сан бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Үүнээс гадна хамтран ажилладаг гадаадын их, дээд сургуулиудтай кредит харилцан зөвшөөрсний үндсэн дээр зарим хичээлийг онлайн хэлбэрээр явуулж эхэлсэн. Жишээ нь, ХБНГУ-ын сургууль герман хэлний яриа, бичгийн дадлагын хичээл, БНСУ-ын сургууль Солонгосын гадаад бодлого болон Зүүн хойд Азийн улсуудын харилцаа, даяаршил болон олон улсын харилцаа сэдэвт хичээлийг онлайнаар явуулдаг.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.11.117 onlain surgaltig yaj avh ye