МОДОН БАРЫН АРГА БАРИЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА

2014 оны 10 сарын 17

Үкиё-э буюу модон бараар хэвлэсэн зураг Японы эртний уламжлалт өв соёлуудын нэг. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд соёлын харилцаа, хамтын ажиллагааг эрчимж үүлэх үүднээс олон арга хэмжээ зохиож буйн нэг нь энэхүү модон барын арга барилыг монголчуудад танилцуулах арга хэмжээ юм. Уран зургийг модон бараар хэрхэн хэвлэдгийг үзүүлэх өдөрлөг өчигдөр Японы ЭСЯ-нд болж, энэхүү арга техникийг гаргууд эзэмшсэн гэдгээрээ улсдаа алдартай Ёшио Кёосо хэмээх залуугийн үзүүлбэр хүмүүсийг гайхашруулав. Түүний ямар авьяастай хэвлэгч болохыг та бүхэн өнөөдөр ХААН банкны “Улаан гэр” арт галерейд дэлгэх үзэсгэлэнгээс, эсвэл маргааш СУИС-ийн зураасан зургийн тэнхимд очвол үзэх боломжтой.

Техник технологи сайжрахын хэрээр хөдөлмөрөө улам хөнгөвчлөх гэсэн хүмүүсийн залхуурал модон барын зургийн орон зайг ч хумьж байгаа учраас япончууд энэхүү өвөрмөц уламжлал, арга барилаа хадгалахын тулд “Адачих” хэмээх сан байгуулжээ. Учир нь модон барын хэвлэл гурван дамжлагатай. Эхлээд зураач хар зургаа гаргана. Үүний дараа өнөөх зургаа сакура модон дээр нааж, ямар дүр дүрслэл байна, тэр дагуу нь сийлнэ. Харин дараа нь хэвлэх үе шат. Дээрх сийлбэр бүхий модон дээр будгаа түрхэн, илэгчээр сайтар шингээгээд, хэвлэх цаасаа тавьж хүчтэй дараад авахад нэгэн гайхалтай уран бүтээл нүдний өмнө төрөх нь тэр. Гэхдээ тухайн зургийн өнгө зохицол, уусгалтаас шалтгаалаад дүрслэл бүрийг дахин дахин хэвлэсэн ч бэх нь огт буухг үй байв. Энэ нь л модон барын хэвлэлийн онцлог гэнэ. Хэдийгээр зураачийн анхны эх хувь сийлэх явцад үгүй болсон ч модон барын хэвлэлийн аргаар илүү амилж, бас хүсвэл хэчнээн ч хувь олшруулж болохоор аж. Монголын уран бүтээлчид энэхүү арга барилыг сурахыг хүсвэл зааж өгөхөд бэлэн гэдгээ ч дээрх сангийнхан хэлж байлаа.

Л.АРГАМЖИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД