СЭТГЭЛИЙН ХИРГҮЙ ХҮН ХИЙГЭЭД БАЯНГОЛЫН АМНЫ П.ЛХАГВАЖАВ

2014 оны 10 сарын 17

Байгаль хамгаалагч П.Лхагважав гуайтай уулзахаар Сонгинохайрхан дүүргийн Баянголын зүүн амыг зорьлоо. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун мод, жимс тарьдаг, байгалиа хамгаалах үйлст хувь нэмрээ оруулж буй 15 ахмадтай өнгөрсөн сард уулзаж, санал хүсэлтийг нь сонссон юм. Тэдний нэг нь П.Лхагважав гуай. Тэрбээр сайдтай уулзах үеэрээ “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдгийн үлгэрээр хүн төрөлхтөн техник технологи хөгжихийн хэрээр байгаль эхтэйгээ дайтах нь улам ширүүсч байна. Энэ дайнд ялагч гэж байдаггүй гэдгийг өндөр хөгжилтэй улсууд ойлгоод байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах үйлсэд хэдийн анхаарлаа хандуулж эхэлжээ. Өвөг дээдэс минь эрт үеэс уул усаа тахин шүтэж, гол усыг бохирдуулахыг цээрлэж, үр хүүхдэдээ захиж, ариун дагшин хэвээр нь хадгалсаар бидэнд үлдээсэн.

Манай улсад сүүлийн жилүүдэд уул уурхай, техник технологи эрчимтэй хөгжиж, ахмад настнууд бид өвөгдийнхөө сургаалыг үр хүүхдэдээ сайн дамжуулж чадалгүй гээснээс гол ус ширгэх, ой мод багасах, цөлжилт үүсэх шалтгаан болж байна. Байгаль ээж маань яг л жаахан хүүхэд шиг хүний хийсэн үйлдлийг дуурайдаг. Бид дайрч сүйтгээд байвал үер ус, салхи шуурга, зуд гээд гамшгаар хариу барьдаг. Хайрлаж, хамгаалж тордож арчлаад байвал үржил шимээ харамгүй өгдөг. Ан амьтад ч мөн адил. Хүмүүс буу онилж, тор дэгээ, хавх тавихгүй л бол хүнээс дөлж зугтахгүй, дайрахгүй, мөрөөрөө л амьдардаг. Иймээс машин тэрэг, эд зүйлс зэрэг амьгүй юмыг хайрлаж торддог шиг ээ амьд байгалиа хайрлахыг л хойч үедээ сургах хэрэгтэй байгаа юм. Бид ч яахав ингэж байгаад яваад өгнө. Эх орон, уул ус, ургамал амьтад минь энэ хүүхдүүдэд л үлдэнэ шүү дээ” гэж ярьсан юм.

Түгжрэл, машин тэрэгний дуу чимээ, уурлаж бухимдсан хүмүүс нийслэлтэй хамт бидний ард хоцорч цэвэр агаар угтаж авлаа. Хүйтний эрч чангарах тусам хотын иргэд хэчнээн их мөнгө төлөөд ч ийм сайхан агаараар амьсгалах боломжгүй. Зорьсон газраа ирэхэд П.Лхагважав гуай хөгшин М.Долгортойгоо хашаа, хороогоо янзалж байв. Тэднийх “Найрамдал” зуслан явах замын уулзвараас гэр лүүгээ зам тавьжээ. Тэр хавийнхаа айлуудын байшин барихдаа хаясан хог хаягдлыг цуглуулж тэгшлээд зам тавьсан нь шороо тоос босохг үй газар эвдэхгүй болжээ. Мөн гал гарахаас сэрэмжилж тэр хавийн өвсийг хадсан гэнэ. Хадсан өвсөө тэндхийн айлуудад зарж, үлдсэнийг нь өвөл буга, гөрөөсөнд тавьж өгдөг аж. Танай энд буга байдаг юм уу гэхэд “20 гаруй байгаа шүү” гэж байна. Мөн тийм тооны гөрөөс, 100 гаруй тарвага байдаг гэнэ. Уул руу гарахаар үнэг, чонын мөртэй нэлээдгүй таарчээ. “Миний мэддэг тарваганы хоёр үүр байдаг юм. Ноднин дөрөв дөрвөн тарвагатай байсан сая нэг үүрэндээ л арав болчихож. Энэ жил эрт хүйтрээд эд маань ичээндээ орчихсон.

Урин цагт бол тарвага дурандаад л суучихдаг юм. Бага байхад хөдөө байнга таардаг байсан болохоор сонин биш санагддагсан. Одоо хөгшрөөд уйдаад ирэхээр эд нар чинь их сонирхол татдаг болоод байгаа. Амьтад хань бараа болох ч үе гарна. Ер нь хүн, амьтан хоёр биесээ үгүйлж байдаг юм шиг байгаа юм. Зун хүн олонтой үед буга, гөрөөс ууландаа гарчихна. Өвөл болоод хүний хөл хөдөлгөөн татраад ирэхээр байшингийн маань хажууд ирж хононо. Би хужир тавьчихдаг юм. Хөгшин бид хоёроос айж, цочихгүй. Ингээд бодохоор энэ амьтад хүмүүстэй ойрхон байхыг хүсдэг юм байна. Гэтэл зарим хүн барааг нь хараад л буу шийдэм болж, алах хядахыг хүсдэг бололтой. Тэгэхээр амьтад хүнээс айж зугтахгүй гээд яахав. Ер нь бид байгальдаа амьдарч байгаа амьтадыг зэрлэг амьтад, араатан гэдэг ч өөрсдөө тийм юм шиг санагддаг. Ноднин хоёр гөрөөсөө алдчихсан” хэмээн санаа алдав. Юу болсныг асуухад “Ноднин аравдугаар сарын сүүлчээр шөнө гэрэл гараад, машины дуу сонсогдоод л явчихлаа. Буга, гөрөөсийг минь гэрэлтүүлээд явчихав уу. Гарч харъя гэсэн чинь таван удаа буун дуу сонсогдлоо.

Хөгшин “Чи битгий гар. Өглөө л босож хар” гээд гаргасангүй. Өглөө нь гараад хартал хоёр гөрөөсийг минь алаад нэгнийх нь сэвсийг асгачихсан, нөгөөхийг нь цусыг нь урсгаад орхисон байсан. Намайг хужир, өвс тавьж өгдөг болохоор тэр хоёр гөрөөс манайх руу л явж байсан байх. Ууландаа байсан бол хоёулаа л амьд байх байсан гэж өөрийгөө хэсэг зэмлэсэн. Зарим хүн тийм ч амьтны ийм юмыг идвэл биед сайн гээд амьтны амь хороодог. Өөрөө амьдрахын тулд амьтдын амийг тасдана. Үхэж гүйцээгүй байгаа амьтаны эд эрхтэнийг залгиад бие эрүүл болно гэдэг худал цуу яриа биз” гэлээ. Уулын мухарт амьдардаг гар хоосон хоёр хөгшин буун дуунаас айлгүй яах билээ.

П.Лхамжав гуай 1983-1985 онд “Сурагчийн жил” мод тарих ажил зохион байгуулахад Зүүнхараагаас 3650 төгрөгөөр 250 хар мод, жодой худалдан авч “Найрамдал” зусланд тарьжээ. “Тэр моднууд маань одоо өндөр болсон. Намайг багад ахмад настай хүмүүс хүүхдүүдтэй хамтарч гэр бүлийн гишүүдийнхээ тоогоор мод тарьдаг байлаа. Хүн бүрт энэ чиний мод шүү гээд оноогоод өгчихдөг. Мод нь гоё ургавал тэр хүн сайн явдаг гэж хэлдэг. Тиймээс хүмүүс өөрсдийн модоо услаж, тордож арчилна. Би эндээ хүүхдүүдтэйгээ хамтарч мод тарих санаатай байгаа” гэв. Тэдний амьдардаг аманд хус ихтэй. Хавар хусны шүүс авдаг хүмүүс гаргасан нүхээ бөглөхгүй явахад нь их эмзэглэдэгээ хэлэв. Хусны шүүсийг нь авчихаад нүхийг нь бөглөөгүй орхисноос нь болж шүүс нь гоожоод хус үхдэг аж. Тэгээд том хусууд үхжээд унахаараа жижиг хусаа дараад хугалж гэмтээдэг гэнэ. Тиймээс хавар П.Лхамжав гуай хусны шүүс авдаг хүмүүсийн бөглөөгүй орхисон нүхийг бөглөдөг юм байна. Тэгээд ургаж буй хусыг дарж унасан томуудыг нь холдуулна. Мөн уул руу машинтай гарч байгаа хүмүүстэй уулзаж “Машинаа манай гадаа орхиод дээшээ явган гарцгаа” гэж шаардлага тавина.

Ууланд гараад мод хугалж, гал алдахаас нь сэргийлж өглөө, оройдоо цуглуулдаг аргал, хомоолноосоо өгдөг гэнэ. Олонх нь шаардлагыг сонсож биелүүлдэг бол зарим нь “Та байгаль хамгаалагчийн үнэмлэхээ үзүүл” гэдэг гэнэ. Тэр хүмүүст П.Лхамжав гуай “Надад байгаль хамгаалагчийн үнэмлэх гэж байхгүй ээ. Би байгалиа хамгаалж байгаа жирийн нэг өвг өн. Зөвхөн би ч гэлтгүй та ер нь хүн бүр байгаль хамгаалагч байх ёстой гэж хэлдэг. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг шүү дээ байгаль хамгаалагч гэхээрээ л загнаж зандрах биш учирлаж хэлбэл хүмүүс ойлгоно шүү дээ” гэв. Зарим орон тооны байгаль хамгаалагч хүмүүст шаардлага тавьж байна гэж уурлаж загнаад улам дургүйг нь хүргэх тохиолдол байдаг юм билээ. Би байгаль хамгаалагч байна гэж үнэмлэх харуулж сагсуурдаг ч зарим нь гэрийнхээ ойр хавьд байгаа хогийг ч цэвэрлэдэггүй. Байгаль эхээ хайрлаж хамгаалахад хүний нас, байгаль хамгаалагчийн үнэмлэх хэрэггүй гэдгийг 80 насны босгыг давсан П.Лхагважав гуай гэрчилж байна. Тэр хүнээс сурах юм их бий. Өөрсдөө ч анзааралгүй байгаль бохирдуулдаг, ан амьтан, мод ургамлыг сүйтгэдэг хүний сэтгэлийн хир буртагийг арилгаж байж байгалиа хамгаалах юм байна. Хий дэмий ярих биш, би хаяагүй юм чинь гэлгүй хүний хаясан хогийг ч цэвэрлэх зэргээр жижигхэн зүйлээс байгалиа хайрлах хайр илэрдэг аж. Хамгийн чухал нь техник технологийн хурдацтай хөгжил, өндөр барилга дунд амьдарч байгаа хүн байгальтайгаа харилцах амьд харилцаагаа гээдэг аж. Бид энэ харилцаагаа сэргээж байж байгаль ээжээ хамгаалах болов уу.

Т.БОЛОР-ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД